Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд, тэр талаар хүмүүсийн хэлсэн үг, байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Үүний өмнөх дугаарт УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгийн 2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагын эшлэлийг хүргэсэн. Уншигчдаас ирсэн хүсэлтийн дагуу цуврал ярилцлагын онцлох хэсгүүдээс эшлэн хүргэж байна. Т.Эрдэнэбилэг бол БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Д.Төмөр-Очир агсны зээ хүү, С.Зориг агсны дотнын нөхдийн нэг. 1998 оны аравдугаар сарын 3-нд тэрбээр УИХ-ын ын хэсэг гишүүний хамт С.Зоригийн амиа алдсан хэргийг мөрдөн байцаах ажилд туслах чиг үүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсэг байгуулахыг санаачилж, ахлагчаар нь томилогдож байсныг уншигчид мэдэх биз ээ.
-Ингэхэд та Ардчилсан холбооны үйл хэрэгт хэдийнээс хамтрах болсон юм бэ?
-Тэр жил сургуулиа төгсөөд байж байтал, 1989 онд Ардчилсан холбооны анхны жагсаал болж, залгуулаад энд тэнд олон үйл явдал өрнөсөн юм. Миний хувьд манайд ардчиллын үйл явц хэзээ жинхэнэ утгаараа өрнөх бол гэсэн хүлээлт дүүрэн угтаж авсан, эхлэнгүүт нь мэдээж хэрэг байдаг бүхнээрээ л дэмжиж оролцохсон гэж боддог байв. Гэрийнхэн, ялангуяа эмээ маань их хорино. Ингээд 1989 оны сүүлч, 1990 оны нэгдүгээр сард Ардчилсан холбоонд элсэх болж, оюутан цагийн нэг найзын хамт Их сургуулийн III байранд болж байсан цугларалтуудад сонирхож очдог байлаа. Гишүүнээр нь ч төдөлгүй элсэж билет шиг нэг үнэмлэх авч байлаа. Нэг тийм цугларалтын үеэр юмдаг. Д.Бошигт гуай, С.Зориг багш хоёр намайг цаад өрөөндөө дуудаад бусад хүмүүсийг “Гарч байхгүй юу” гэдэг юм байна. Тэр хоёр, намайг ямар мэргэжилтэй, хаана ажиллаад байгааг сонирхлоо. Би тэр үед ШУА-ийн Философийн хүрээлэнд дөнгөж ороод хэдэн сар болж байсан. Энэ утгаараа С.Зориг бид хоёр мэргэжил нэгтэй гэж болно. Ойр зуурын юм сонирхож яриулсныхаа дараа тэр хоёр намайг “чи судалгаа хий, энүүгээр чинь дагнаж ажилладаг манайхны ийм ийм хүмүүс бий, тэдэнтэй шууд холбогдож ав” гээд чиглэл өгсөн. 1990 оны хавар сонгууль болж, АИХ шинэ бүтцээр ажиллах болсон. Хүрээлэнгийнхээ ажлыг өөрчилж Засгийн газрын шинээр байгуулагдсан судалгааны төвд Монгол-Хятад-Оросын харилцааны чиглэлээр ажиллах болсон.
-1990 оны сонгуулийн дараахнаас С.Зориг таван хүний хамт нам байгуулсан гэдэг. Та анхны тавын нэг байх аа?
-1990 оны хавраас “Ардчилсан холбоо, эвслийнхэн өндөр албан тушаалд гарч, С.Зориг маань жаахан ганцаардаад эхэлсэн. Улс төрд тийм үзэгдэл болдог, байдаг л зүйл. Харин ямар аргаар, хэн ямар албан тушаалд очих хүсэлтэй вэ, зорилго нь юунд оршиж байна гэдэгт л хамаг учир байдаг бололтой. Жишээ нь, С.Зоригтой Р.Гончигдорж, Да.Ганболд нар БНМАУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд яаж өрсөлдсөн билээ. Тэр мэтээс эхлэн явсаар 1991 он гэхэд С.Зориг ганцаардмал, Ардчилсан холбооныхоо дотор ч ялгаагүй наадуулдаа нэлээн шахагдмал байдалд орчихсон байсан цаг. Тэгээд тэр намар З.Нармандах, Н.Туяа, улс төр судлаач Л.Эрдэнэтуул, С.Зориг бид тавуул нам байгуулъя гэж ярилцсан. Тэгэхэд С.Зориг маань МоАХ-ныхоо ерөнхий зохицуулагчийн сонгуульт ажилд хэвээр байсан. Гэхдээ Ардчилсан холбоо хэдэн зуугаараа төрсөн бусад төрийн бус байгууллагаас өөрцгүй, дангаараа бол улстөрийн үйл ажиллагаанд бодитоор оролцох боломжгүй, учир нь хууль гаргахдаа зөвхөн намууд л сонгуульд орж суудал авч болдог, гагцхүү намаар л дамжиж улс төрийн албан тушаал гэх юм уу, эрх мэдлийн хуваарилалт явагддаг байдлаар нэгэнт хийчихсэн байлаа. Тийм хайрцагт оруулчихсан учраас хаашаа ч үгүй. Харин Ардчилсан холбоо нийт ард түмний дунд нөлөө ихтэй, тэр эрчээрээ л явж байсан хэрэг. Дотроо янз бүрийн урсгал бий болох маягтай.
-Тэгээд намаа хэдийд нь байгуулсан юм бэ?
-Бид тавын (гарын таван хуруугаар түр зуур намын бэлгэдэл хийж байв тэр үед) нам байгуулах үйл явц 1991 оны есдүгээр сард өрнөсөн юм. Бидэн дээр Ардчилсан холбооноос Ц.Ганхуяг гэж залуу нэмэгдсэн /Хүнс, хөдөө аж ахуйн сайд байгаад сүүлд Болгарт Элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн/. Эрдэнэтээс Баттүвшин гэж залуу ирж байлаа. Ардчилсан холбоо өөрийнхөө аппаратад ажиллуулахаар хоёр хүнийг хөдөөнөөс зориуд хот руу татсан нь тэр хоёр байсан юм. Алтангэрэл /Англи, АНУ-д элчин сайдаар томилогдож байсан/ зөвлөхүүдийх нь нэг, С.Зоригийн өрөөгөөр байнга орж гарна, Дорнодын Батцэнгэл салахгүй. Тэгэхэд мань хүний алба хашдаг Олон улсын парламентын гүйцэтгэх хороо бас бяцхан аппараттай, Баярмаа (одоо ХХААЯ-нд байгаа), Батгэрэл, Лхагва гээд тусалдаг залуучууд нь шинэ намын ажилд их нэмэртэй. Миний хувьд яг энэ цагаас хойш С.Зоригтой дотносож байлаа даа.
-Парламентын бүлгийн дарга гэдэг албан тушаал биз дээ?
-Эрх баригчид Ардчилсан хүчниийхэнд албан тушаалыг хооронд нь өрсөлдүүлэх замаар өгч С.Зоригоос холдуулсан ч түүнд өөрт нь бас нэг юм өгөхгүй бол болохгүй санагдсан уу, мань хүнд Парламентын бүлгийн дарга гэх сэтэр зүүлгэсэн юм. Онцын хэрэггүй ч магадгүй өөрт нь зориулж бий болгосон шиг байгаа юм. Ер нь бол ардчилсан парламенттай улс бүрд байдаг нэгж л дээ. Тэр үед бүх юм шинэ байлаа. Ямар сайндаа 1920-1930-аад оны юмыг санагалзаж Улсын Бага хурал гэх нэр өгч байх вэ. Шинээр юм зохиох цаг зав ч байгаагүй байх. Нийгмийн зүгээс улстөрчдийг чөлөөт нийгэмд амьдарна гэх хандлагаар яаруулсан байдалтай. Улстөрчид нь тэр бүхний араас анхаарах, амжих ямар ч боломжгүй, ийм л байсан. Парламентын бүлэг гэдэг нь Төрийн ордны баруун урд өнцгийн нэг давхарт нэлээн том өрөө байх. Тэнд бид заримдаа өдөр алгасахгүй цуглана. Үндсэн хууль ч гараагүй завсрын /шилжилтийн/ үе шүү дээ. Ихэнх суудлыг шинэ хүчнүүд авч чадаагүй алдчихсан, МАХН /МАН/ -д молигодуулсаар байгаад 1990 оны ардчилагчид нийгэм даяар илэрхий гарч ирсэн өөрийн улс төрийн капиталыг бодит эрх мэдэл болгож чадаагүй.
-Жишээ нь...?
-Тэр үед жирийн багш байсан хүнийг Сайд нарын зөвлөлийн орлогч болгочихно гэдэг орвонгоор нь эргүүлсэн зүйл шүү. Ардчиллын лидерүүдийн амыг тийм байдлаар хааснаас ардчиллын партизанууд түүнээс болж их бухимддаг, дотроо их зөрчилтэй болчихсон. Үндсэндээ албан тушаалын механик хуваарилалтыг дагаад задралын зах зух явагдаад эхэлчихсэн.
-Та С.Зоригийн амиа алдсан хэргийг мөрдөн байцаах ажилд туслах УИХ дахь Ажлын хэсэг байгуулахыг санаачилж, ахлагчаар нь томилогдсон тухайгаа ярьж өгөөч?
-...Эхлээд комисс гэж байснаа Ажлын хэсэг болгоод, ажлын хэсгийн хянах үүрэгтэй гэдгийг хасуулж, зөвхөн туслалцаа үзүүлнэ гэсэн томъёоллоор санал хураасан. Чиг үүргийн хувьд, нэгдүгээрт, мөрдөн байцаалтад саад тотгор учирвал арилгах, хоёрдугаарт, байгууллагуудын уялдаа холбоог хангах гэсэн үүргийг тусгаж, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Дөрөв гэдгийн учир нь гол гол намуудаас тус бүр нэг төлөөлөл оруулъя гээд МҮАН-аас намайг, МСДН-аас Р.Бадамдамдинг (бас манай фракцид ордог байсан), МАХН /МАН/-аас Д.Дэмбэрэлийг сонгож, дөрөв дэх хүн нь Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байх ёстой гээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны референт Батдэлгэр гэдэг нууц хариуцдаг Тамгын газрын ажилтныг тавьсан. Цагдаагийн зүгээс мөрдөн байцаалтыг улсын хэмжээнд удирдан зоион байгуулах ажлыг хангаж байсан ажлын хэсгийн ахлагч нь тэр үеийн Улсын мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Д.Алтангэрэл, ЦЕГ-ын дарга нь хурандаа Д.Мөрөн, орлогч нь А.Дулаанжаргал байсан. Намын харьяалал ярих юм бол энэ хүмүүс бүгд МАХН /МАН/-ын угшилтай. Ажлын хэсэг сар болгон хуралддаг. Цагдаагийн ажлын хэсэг 20-30 хүнтэй, гүйцэтгэх ажлын шугамаар ч цөөнгүй хүн ажиллуулдаг. Мөрдөн байцаагч гээд аймаг бүрт ажлын хэсгийн хүн томилчихсон.
-Хэргийн талаар тулж ярьдаг, асуудаг байсан биз дээ?
-Би Эрдэнэтийн асуудлыг асууна. Яагаад гэвэл. “Алуурчид бие биеэ Батаа, Оюун гэж дуудаж байсан. Тэгээд Эрдэнэтийн эхлэл гээд хашгираад явсан” гэж Булганы мэдүүлэгт байдаг. Тиймээс “Үүнийг ямар шатанд шалгах гэж байна” гэж асууна. Тэр болгонд хариу өгөхгүй. Хариулсан болоод өнгөрөх, ганц хоёр жижүүрийн үгээр аргацаах, эсвэл огт хариулахгүй. Бид болохоор хэлж, дэлгэж болохгүй юмыг нь асууж дээ гээд өнгөрнө. Мэргэжлийн үүрэг, мөрдөн байцаалтын нууцлал гэж мэдээж байсан л байх. Зарим талаар цагдаагийн дарга нартай ам мурийх юм ч гарч л байсан.
-Цагдаагийн ажлын хэсэг, УИХ дахь Ажлын хэсгээс гадна өөр ажлын хэсэг байсан уу. Байсан бол ямар төвшинд хамтарч байв?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба гэж байдаг. Одоо ч бий. Тэр үед одоогийнх шиг том аппарат байгаагүй ч нарийн бичгийн дарга гэж байсан (дараа нь ТТГ-ын дарга болсон Р.Болд гуай). Тэр ажлын хэсэгтэй хамтарч бид нэг удаа Ж.Наранцацралт Ерөнхий сайдын үед, Хууль зүйн сайд Л.Цогийг оролцуулан хүчний байгууллагынхны ганц нэг төлөөллийг оролцуулсан уулзалт хийж, хэрэг илрүүлэлтийн явцын талаар санал бодлоо солилцох маягаар маш товчхон мэдээлэл авсан, би тэгэхэд тэсэхгүй “Цаг хугацаа их алдаж байна шүү, нөхөд өө” гэж жаахан зэмлээд гарсан.Энд бас нэг юм дурдах хэрэгтэй байх. УИХ-ын Ажлын хэсэг байгуулагдахаас өмнө мөрдөн байцаагчид Төрийн ордонд орж ирээд гишүүдээс УИХ, ЗГ-ын гишүүдээс хэрэгтэй холбогдуулж юм асуугаад явдаг байсан. Би бүх юмаа нууж хаалгүй бүгдийг ярьсан. Ямар цааш нь дамжуулах биш, анализ хийгээд, завсраас нь ямар нэгэн сэжүүр гарах ч юм бил үү гэж бодоод ёстой далан булчирхайгаа тоочиж өгсөн. Цагдаагийн тэмдэглэлд байгаа байх, байх ч ёстой. Тэр бол цагдаагийнхан хэргийн халуун мөрөөр ажиллаж байх үе шүү дээ. Тендертэй холбоотой мөнгөний асуудал яригдаж байсан ч цаг.
-Ардчилсан холбооныхон хоорондоо үзэлцэж байсан гэдэг?
-Тэр үед өмнөх Ерөнхий сайд М.Энхсайханыг буруутгаж, бараг л зохион байгуулж, аллагыг захиалсан гэх утгатай зүйлүүд гарч байсан. Ардчилсан холбооныхон дотроо талцаж, бие биеэ хардаж сэрдэх асуудал ч байх нь байсан шүү.Байцаагчид Их хурлын гишүүдэд асуулт тавьж, хариу авах маягаар материал нэлээд ихийг л цуглуулсан байх учиртай. Дараа нь Их хурлын ажлын хэсэг байгуулагдах үед тэр байцаагчаас ажил хэр явж байгааг асуухад “Зарим гишүүн юу ч ярихгүй байна. Нас барсан орой нь хамт байсан хүмүүс ч хүртэл юу ч ярихгүй юм” гэсэн. Зарим хүн өөрөөсөө асуудлыг хөндийрүүлж, тэр үйл явдалд ямар ч байдлаар оролцож болохгүй юм байна, өөртөө халтай зүйл болно гэж сэрэмжилсэн байдлаар огт мэдээлэл өгөхгүй, мөрдөн байцаах ажилд туслахгүй хаалт хийх арга барилаар явсан шиг байгаа юм. Үүнийг би улс төрийн саад тотгор байсан гэж боддог.
-Алуурчид “Эрдэнэтийн эхлэл” гэж хэлсэн байтал аллагыг яагаад тэр сэжмээр шалгаагүй юм бол. Ер нь тэр үеийн цагдаагийн ажлын хэсгээс үр дүн гарсан уу?
-“Эрдэнэтийг яагаад сайн шалгахгүй байна” гэж би цагдаагийнхнаас нэлээн шаардангуй асууж байснаа сайн санаж байна. Гэтэл төд удалгүй 1999 он гарч, Казиногийн хэрэг гээд шуугиад эхэлсэн. Эрдэнэтийг ул суурьтай шалгах байх гээд харж байтал ийм юм болсон. Хэрэг үйлдсэн хоёр хүн “Эрдэнэтийн эхлэл” гэж хэлсэн гэдгийг Б.Булган санаанаасаа зохиогоогүй нь лавтай. Тэгвэл, тэр үг хаанаас гарч ирэх вэ, зүгээр гарч ирэхгүй шүү дээ. Би тэр үгийг анхаарч няхуур судлах ёстой гэж боддог байсан. Тэр үед Эрдэнэтээс мөнгө салгадаг хүмүүс улстөрчид л байсан шүү дээ, П.Очирбат гуайгаас авахуулаад бүгдийг самнаад үзэхэд, Н.Багабанди, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал байсан Ш.Отгонбилэг агсан гээд... Үүнийг нухацтай шалгах байх гээд харж байтал цагдаагийнхан Казиногийн хэрэг гэгчийг гаргаж ирсэн. Тэр бол цэвэр цагдаагийнхны өөрсдийнх нь санаачилгаар” мандуулсан” хэрэг. Хэн нэгэн хүн очиж мэдүүлэг өгсөн юм байхгүй. Цагдаа нар хэрхэн шалгаж, яаж гаргаж ирсэн юм бэ мэдэхгүй.
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл ( 4 )
Элбэгдорж, Бат-Үүл 2 Зоригийг алсан гэдгийг монголчууд бүгд мэддэг болчихоод байхад худлаа жүжихээ больчихвол яасан юм. Бат-Үүлийн малгай орон доороос нь олдсон, аллагын дараа Элбэгдорж эхнэрт нь их мөнгө өгөөд гадаадад гаргасан. Эргэж ирээд эхнэр нь одоо болтол хаана ч ямар ч ажил хийж байгаагүй хэрнээ хааяа энд тэнд шоудсан шигээ баян амьдарч яваа нь хэний мөнгөөр тансагладаг байхав. 2019 онд хэргийг үйлдсэн гэж хилсдүүлсэн хөдөөний хөөсөн мантуунуудтай нүүрэлдүүлэхэд биш байх аа, би зөндөө олон гарын үсэг зурсан, ам нээвэл хэрэгтэн болчих гээд байна гээд сурвалжлагчаас зугтаагаад явчихсан
Үг байвал хэлээд унгас байвал гүйцээх хэрэгтэй. Яаж ч бодсон тэр цаг үеийн цавчаа одоо үеийнхийг бараадна гэж байхгүй. Үхэхдээ үхэр буугаа тавьдаг шүү дээ. Баримт байгаа бол багсайтал гаргаад ир. Сонгуулийн өмнө ингэж хонжоо харж, хий гачаадаж байгаа юм шиг сүгсэлзэхээ боль!
Зоригийн аллагыг захиалсан хүн гээд амтай болгон л 1 хүнийг нэрлээд байгаа.... Гэтэл тэр хүн нь доллароор цалинжаад , дэлхийгээр нэг тэнээд, баян цатгалан зугаалж явдаг гэсэн шүү...бас амьд гэрч нь байна...
Ve veiin erunhiilugchidiin ba erunhii said nariin mapuudaa.Odoo ene hynii yasiig undulzyyldegee bolio.Songuul duhuud irerheer shou hiidegee boliojee.Adgiin shar har huvaltsuudaa.Bygediig chini eryyden tonilgoh tsag ye .Ulanii Mongolchuud bidend baigaliin jamaaraa tohiochi;l taarna .VR udamaar chini hyis temternee za.