Санжаасүрэнгийн Зориггүй, түүнийг хөнөөх даалгавар буулгасан эзэн сураггүй 25 жил өнгөрөв. Нэгэн зууны дөрөвний нэг ард хоцров. Яг л Монголын төр, нийгмийн бас нэг нэрт зүтгэлтэн, эрдэмтэн Д.Төмөр-Очир агсан 38 жилийн тэртээ1985 оны аравдугаар сарын 2-нд Дархан хотод өөрийн гэртээ бусдын гарт үрэгдээд хэн үйлдсэн нь тодролгүй өнөөг хүрч, алгуураар мартагдсан шиг.
С.Зоригийн хорвоод хүн болж ирсэн 1962 онд Д.Төмөр-Очир агсан Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглээд буруудаж, тэр жилийнхээ есдүгээр сард МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас нам, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн яллагдаж, 23 жилийн турш цөллөг, хэлмэгдүүлэлтэд өртөж явсаар өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж, цаг наашлахын босгон дээр 64 насандаа амиа алдсан.
Төр, нийгмийн хоёр нэрт зүтгэлтэн, ардчилсан үзэлтнүүд аравдугаар сарын 2 гэх өдөр 13 жилийн завсартайгаар хүний гарт, өөрийнхөө гэрт, үдшийн бүрийгээр зэрлэгээр хөнөөгдөөд захиалга өгсөн эзэд тодроогүй нь маш эргэлзээтэй. Гадаад школтнуудын цээрлэдэг 13 жилийн завсарлагатай нь юу ч билээ. Энд учир шалтгааны холбоо бий юу? Ямар нэг юм хэлэх тоо мөн үү?
Ялгаатай нь Д.Төмөр-Очир агсныг хөнөөгдөхөд түүний гэргий, нэрт одон оронч С.Нинжбадгар Улаанбаатар руу, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамцтай уулзаж нийслэд шилжүүлж өгөхийг гуйж бичсэн өргөдлийнхөө хариуг авахаар яваад эзгүй байж. Хариуг нь аваарай гэж дээрээс дуудсан юм гэнэ лээ. Харин С.Зоригийн хувьд эхнэр Б.Булган нь дэргэд байснаараа өөр.
Д.Төмөр-Очирын аллагын тухайд өдгөө санах хүн цөөрсөн, удаах хэргийн хувьд эзнийг нь олно гэхэд олны итгэл алдарч урам хугарч эхэлж байх шиг. Ээлжит сонгууль дөхөхөөр нэг сөхөх боловч үйл явдал алсарсаар угаасаа С.Зориг гэх хүнийг огтоосоо мэдэхгүй цоо шинэ үеийн сонгогчид бий болж байх шив.
Нэг үе Олон улсын Парламентын холбоо /Inter -Parliamentary Union/-ы Хүний эрхийн хорооныхон эл хэргийг анхаарч үе үе ажлын хэсэг Монгол руу илгээдэг байснаа 2015 оноос сураг бараг алдарчээ Монголын талын идэвхгүй алгуур байдалд гонсойж, эрх мэдэлтнүүдийнх нь хөлдүү хөрзгөр зангаас залхдаг биз. Ардчилсан нам аравдугаар сарын 2 буюу өнөөдөр С.Зоригийг дурсаж, аллагын эзнийг илрүүлэхийг шаардаж акц зохионо гэжээ. Гэвч энэ нь чиглэсэн зорилго бүрхэг, айсуй сонгуулийн оршил, сүржин шоу төдий болоод өнгөрөх вий.
Итгэл алдраад ирэхийн цагт зарим хүн энэ хэрэгт хоёр том нам хоёулаа хамаатай гэж хардах боллоо. Хэргийн эзнийг зарлах гэтэл хэн хүний санаанд оромгүй атлаа нийтийн танил, олонд нэртэй төртэй эрхэм байж таарч нийгэм даяар цус харвуулах гээд, иймийн учир нуугаад, энэ үеийнхэн шувтарсны дараа л хэн гэдэг нь ил болох ч юм шиг.
Гэхдээ зүгээр суугаад яах вэ гэсэн шиг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван иргэнийг барьж, шүүж, эрүүдэж, элдэвлэж байгаад сүүлийн хоёрыг нь суллаж тавив. Хэргийн сэдлийг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр тийш, талийгаач Ш.Отгонбилэг рүү чиглүүлж нэг үзэв. Э.Бат-Үүлийг хэрэгт холбох хэсэг ч бий. Харин тэрбээр өнгөрсөн жилүүдэд хэрэгт гүтгэгдсэн нэр төрөө нэхэмжилж төрөөс 25 тэрбум төгрөг гаргуулж, түүгээрээ С.Зориг андынхаа нэрэмжит Академи байгуулахаа мэдэгдээд авсан. Өнгөрсөн хавраас хэргийн мөрдөлт дахин “амь орж” иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэд хохирлоо нэхэмжлэх боломж үүссэнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Мөн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг дахин шалгахаар болсныг ч дуулгасан.
Энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд, С.Зориг агсны төрсөн өдрийн өмнөхөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарган С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг гүйцээн шалгах ажлыг хийх болсныг Засгийн газраас зарлав. Түүнээс хойш бараг хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд дорвитой ахиц гарсан эсэхийг өнөөдрөөс мэдэгдэх болов уу гэсэн горьдлого тээсэн журмын нөхөд нь чих тавин чагнаж суугаа. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихийг горилогч хэн нэгэн С.Зориг агсны хэргийг илрүүлээд өгнө хэмээн дахин хоосон сүржин амлах вий гэдгээс сонгогчид залхаж гүйцээд байна. Зориггүй, бас сураггүй 25 жил, дахин сануулахад нэгэн зууны дөрөвний нэг хий таамаг, горьдлогоор дүүрэн өнгөрлөө. Дахин хэдэн жил хэрэгтэй вэ? Хатуу хэлэхэд болсон явдлыг мэдэгчид бүгд үгүй болж, төрөл арилжсаны дараа л сураг гарах хэрэг үү?
Сэтгэгдэл ( 2 )
elbeg xulgaich
Энэ хоёрыг оросууд алсан тэд тоонд их утга өгдөг...