“Улс төрийн санах ой” булан ардчиллын удирдагч С.Зоригийн амиа алдсаны маргааш болсон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргасны мөрөөр холбогдох эх сурвалжуудын илэрхийлж байсан байр сууриуд, мэдээ, мэдээллийг нэхэн сануулж байгаа билээ. Энэ удаа С.Зориг агсны ойрын нөхөр, түүний амь насаа алдсан хэргийг мөрдөн байцаах ажилд туслах чиг үүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгтэй 2015 онд хийсэн цуврал ярилцлагаас зарим асуулт, хариултыг эшлэн хүргэж байна.
-Тухайн үед Ардчилсан холбоо эвслийн эрх мэдлийн хуваарилалт ямар байсныг жаахан тодруулахгүй юу?
-1996 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл 50 суудал авсан. Эвсэл дотроо Социал демократ нам (15), Үндэсний ардчилсан нам (35), Ногоон нам, Шашинтны ардчилсан нам гэсэн дөрвөн намтай, сүүлийн хоёр нам нь суудалгүй байсан.
Ардчилсан холбоо эвслийн 50 суудал дотроо МҮАН-аас С.Зориг, МСДН-аас А.Ганбаатар нартай нэг фракц болж явдаг нөхөд гэж тодорхой тооны хүмүүс байлаа. Тэр дотроо фракцын цөм нь гэх үү дээ байнга дагагсад гэж над мэтийн арван хэдэн хүн байсан юм.
Үлдсэн хэсэг нь бол сайн дураа хүрэхээр орж ирдэг, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг, нэг дээрээ тогтохгүй шилжиж явах дуртай хүмүүс л дээ.
-Ер нь бол эрх мэдлийн асуудлаас, тухайлбал Ерөнхий сайдын томилгоотой холбоотойгоор 1998 оны аравдугаар сарын 2-ны аймшигт аллага үйлдэгдсэн гэсэн ойлголт нийгэмд байдаг шүү дээ?
-Тэр ортой. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан С.Баяр хэргийн учрын талаар өөрийн таамаглалыг дэвшүүлээгүй боловч, болсон процессыг нэлээн тодорхой ярьсан шүү дээ. 1998 оны аравдугаар сарын 2-ны орой уулзсан тухайгаа, тэр үед Н.Багабанди гуай Ерөнхийлөгч байсан, түүний үгийг дамжуулснаа. Ерөнхийлөгчийн зүгээс С.Зоригийг Ерөнхий сайдад дэмжих юм байна гээд тохиролцчихсон байсан байгаа юм.
Миний хувьд иймэрхүү битүү хэлэлцээр, хөшигний ар дахь үйл явдалд оролцож байгаагүй. Өөрөө харсан, сонссон юм шиг гэрч байж чадахгүй, тэр асуудалд. Гэхдээ мэдэх хүмүүс нь ярьчихсан учраас, талийгаачийг Ерөнхий сайдад жиг, жуг хийх янзаар биш, бүр хамгийн дээд түвшинд яригдаж байсныг огт тийм юм болоогүй мэт царай гаргаж үгүйсгэж болохгүй. Гэтэл тас үгүйсгэсэн яриа Ардчилсан холбоо эвслийн удирдлага дотроос нэг бус удаа сонсдож байгааг ажаад тэр бүрт гайхаш төрдөг байсан. Бүр “Тийм асуудал нам дээр яригдаагүй шүү дээ” гэж хэлдэг юм билээ, зарим нь.Тэр бол олон түмнийг төөрөлдүүлэх гэсэн асуудал.
-Тэгээд Ерөнхий сайдын асуудал байсан юм уу?
-Байсан л байхгүй юу. Ганц С.Зориг дээр ч биш, өөр хүмүүсийн тухайд ч байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс татгалзахгүй, харин ч дэмжүүлнэ гэсэн хариу авсан ганц хүн нь С.Зориг байсан байдаг. Да.Ганболдын нэр зургаан удаа буцаагдчихаад байсан цаг. Талийгаачаас хойш долоо дахь удаагийнх нь болж бас л буцсан. Ерөөс Ерөнхийлөгчийн босгыг давж чадахгүй байсан. Тэр үеийн дэгтэй холбоотой хуульзүйн орчин ч нэлээд хатуу, чанга талдаа. Тэрийгээ ч Ерөнхийлөгч бүрэн утгаар нь ашигласан байх.Тэрийг нь би буруутгаж ярьж буй юм биш, зөвтгөх үүднээс ярих санаа бодол бас алга. Сөрөг намын, дээр нь 1996 оны ялагдлынхаа хорслыг тайлж чадаагүй хүн байсан шүү дээ, Ерөнхийлөгч. С.Зоригийн хувьд бүх намтай жигд харилцаатай байж чаддагаараа улстөрчийнхөө хувьд бусдаас жинтэй байсан гэж би дотроо дүгнэдэг юм.
-Аллага болсон тэр шөнө та хэргийн газарт, талийгаачийн гэрт очсон уу?
-Бид юу ч мэдээгүй. Ер нь тэр шөнө манай фракцаас хүн очоогүй, үүнийг би баттай хэлж чадна. Бас нэг зүйлийг баттай хэлж болно. Тэр нь юу вэ гэвэл, маргааш нь буюу аравдугаар сарын 3-ны орой Булган руу ярихад биднийг “Хүрээд ир” гэсэн. Нар арай жаргаагүй байсан, очиход гэрээ цэвэрлээд дуусч байсан. Тусалсан хүн байхгүй байх, ганцаараа цэвэрлэгээгээ хийсэн болов уу. Тэгээд “Та нар түр зогсч бай, энэ булан үлдчихэж” гээд шалны алчуураар босгоны шалан дээрх цусны толбыг арчиж байсан. Сүүлд “Хүн орж ирэх байх гээд гэрээ цэвэрлэсэн” гэж өөрөө ч ярьсан байдаг.
Хүн орж ирэх байх гэдэг нь биднийгээ хэлсэн байх. Ойр дотныхон гэдэг юм уу, алагдсан хохирогчийн талын улсууд. Бид “Ингээд хамаагүй орж болох юм уу, ус хүргэж арчиж болж байгаа юм уу” гэж асууж байсан. Тэр үед бүгдээрээ шоконд орчихсон, уй гашуудлаа хуваалцахаар цугласан нь тэр.Талийгаачийнхаас гараад гэртээ харихдаа би машинаа байрны гадаа манаачид захиж үлдээгээд өглөө босоход, цонх шилийг нь хагалаад, дотроос нь салгаж болох юмыг нь тайлаад аваад явчихсан байсан. Цагдаа шалгаж, хурууны хээ авсан, бас л шалгах илрүүлэх талд хөдлөөгүй дээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүний байр, унаа халдашгүй байх хуулийн зарчим цаасан дээрээ л байдгаас цаашгүй, хэрэгжүүлдэг юм байгаагүй тэр үед. Одоо ямар болсон юм бүү мэд. Харин 2-ны шөнө яах гэж тийшээ хүмүүс очсон, тэднийг хэн зохион байгуулалттайгаар дуудаж цуглуулсан тухайд, би хувьдаа тэр асуудлыг ердөөсөө ойлгодоггүй, санамсаргүй тийм юм болсон гэдэгт ч эргэлзээ төрдөг. Үүнийг судлах хэрэгтэй. “Цагдаагийн нэг дарга над руу утасдаад, би яваад очсон” гэж зарим нь хэлдэг юм байна лээ. Цагдаагийн дарга яагаад тэр хүн рүү утасдсан юм. Тэр хүн ямар учир холбогдолтой юм. Эдгээр асуултад хангалттай хариулт өгч байгаа албан тушаалтан байна уу?
-УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчаар таныг томилж байсан юм билээ. Ажил ямар байдлаар явж байв даа?
-Хэрэг гараад хоёр сар өнгөрчихөөд байхад хүчний байгууллагынхан мэдэгдэл хийдэггүй, алуурчныг олох ажил цаанаа нэг л битүү байгаад байдаг. Сэтгүүлчид тэднээс асуухаар “Шалгаж байгаа” л гэдэг. Эсвэл “Мөрдөн байцаалтын нууц” гэх мэт жижүүрийн үгээр аргацааж өнгөрүүлнэ. Дээр нь манай парламент, Монгол Улсын түүхэнд тийм асуудлаар комисс байгуулж байгаагүй. Бариад авах туршлага байдаггүй. Тэгээд Америкт Ерөнхийлөгч Ж.Ф.Кеннеди алагдахад Уоррены комисс байгуулагдаж байснаас санаа авч зүгээр нэг ажлын хэсэг ч биш бүр яг комисс нэртэй тийм хөндлөнгийн хяналт шалгалтын бүтэц зохион байгуулж ажилд оруулах нь зүйтэй гэж бидний хэсэг нөхөд үзсэн.
Санаачлагчдын нэг нь би. Хэн орж, ямар үүрэгтэй ажиллах нь явцын дунд шийдэгдээд явсан. Анхны санаа нь хянах үүрэгтэй гэж оруулж ирсэн юм. Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, илрүүлэхийн төлөө ажиллаж байна уу, үгүй юу гэдэгт түлхэц болох зорилготой. Эцсийн бүлэгт парламент ямар ч асуудлаар хяналт тавих Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй шүү дээ. Гэтэл үүнийг, яагаад ч юм, тэр үеийн МАХН-ын бүлгийн гишүүд цөөнхийн зүгээс жигтэйхэн эсэргүүцэж баахан юм болдог юм байна. Тэд 26-уулаа, зангидсан гар шиг, дээр нь Уламжлалын нэгдсэн намын нэг гишүүн О.Дашбалбар нэмэгдэхээр 27 болчихдог, Ардчилсан холбоо эвслийн хувьд М.Чимэдцэрэн гишүүн тэр хавар золгүй явдлаар нас барсан учраас 50 биш 49, С.Зориг алагдаад 48 гишүүнтэй болчихсон байсан үе.
Цөөнхийн зүгээс “Та нар мөрдөн байцаах ажиллагаанд хамаагүй орж болохгүй” гээд л гэдрэгээ суучихсан. Тэгээд ч коммунист сахилга арилаагүй үе. Дотроо яриад нэг шийдчихсэн л бол ямар ч чухал асуудал байсан гацаагаад зогсоочихно.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл ( 8 )
Хүслийн төвөргөөн гэдэг Өвөрхангайн нэг хөгшин орк эндээс салахаа байлаа, орон нутагруу нь хөөж явуулаасай билээ.
Энэ хэрэг илрэхгүй байгаа нь цаана нь газрын наймаатай холбоотой учир улс төрийн аллага юм чинь илрэхгүй ээ
Tumurochir guain asuudal ch unuu hurtel talagdaagui ! S.Bayr amisgaa huraah uedee tailj ugch magadgui !
хэхэ нөгөө 4 жилд нэг удаа сэдэрдэг хаврын шизофрени эмгэг нь хөдөлчихөж, төлбөртэй цүхн бариачдын маань. Ямар ч хэрэггүй юмаар бусдыг хорлож баастуулах, мах цусны нахяамны бөгс ухаачдын хүүхдүүдийн ганц хийдэг ажил энэ дээ чааваас.
ЭНЭ ХЭРЭГ МАН-ЫН ХАМААРАЛТАЙ БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР ШҮҮДЭЭ. ДҮРСҮҮД НЬ ТЭР ЭМЭГТЭЙТЭЙ ТӨСТЭЙ Л ЮМБАЙНА
ҮНЭНДЭЭ ЭНЭ С. БАЯР ГЭДЭГ ХҮНИЙ МӨР ТУН ХАР. 2008 ОНЫ ЦУС УРСГАСАН ҮЙЛ ЯВДАЛ, ӨӨРӨӨ ЭХ ОРНООСОО ХУЛГАЙЖ ХЭДЭН ХАЯГДМАЛ ХҮҮХЭДЭЭ ТЭЖЭЭСЭН БУЗАР ҮЙЛДЭЛ ЗЭРЭГ НЬ ТҮҮХЭНД ТӨРИЙН ХАР ТОЛБО БОЛОН ҮЛДЭЖДЭЭ ГУТАМШИГ
Sayaxan neg e-medeenii dor ter shorongoos sullasan 2 killer ni mun gej bichsen baisniig unshsan. Gexdee zaxialagch ni nas barsan gej bichsen baisan. Eniig todruulaach.
Тэр үеийн Ерөнхийлөгчийн ТГ ын дарга С.Баярын зохион байгуулсан аллага юм бишүү. Тэр төрөлхийн алуурчин, сэтгэлгээтэй, стандарт бус ой ухаантай хүн гэдгээ 08 7/1 ны өдөр олноо харуулсан нь факт биз дээ.