Монгол Улсад ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхэд сэтгүүл зүйн салбар ямар том үүрэг гүйцэтгэсэн билээ. Гэтэл өдгөө ардчилал маань өөрийг нь өсөн бойжиход хамгийн том тулгуур болсон сэтгүүл зүйн салбараа яасан их боомилно вэ. Ардчилал гэдэг нь сүүлийн гучаад жил “ардчилсан” гэх нэрийн дор бүрэлдсэн төрийг хэлсэн хэрэг. Ерөөсөө үе үеийн эрхтэн дархтанууд сэтгүүл зүйг өөрсдийнхөө талд хазаарлахыг чухалчилж ирсэн нь туйлын үнэн. Хэтдээ ч ингэсээр байх бололтой. Ардчиллыг өмчлөх гэж дотооддоо төдийгүй олон улсад хөгөө чирж байгаа АН ч бай, нэрнээсээ бусдыг ардчилсан харагдуулахыг хүсч буй МАН ч бай бүгд л хэвлэлийн эрх чөлөөнд ил далд халдсаар ирсэн нь хаашаа ч нуух аргагүй зүйл.
Шар хэвлэлийн зах зээл өндөр авч байх цагт Н.Энхбаярын хаанчлал ч ид мандан бадарч байв. Ийм л цагийн орон зайд “Хаан” явсан Н.Энхбаярыг 27 хэвлэл мэдээллийн байгууллага “Оны онцлох”, “Шилдэг улстөрч” гэх мэт өргөмжлөлөөр нэгхэн жилийн дотор тунхаглан зарласан байдаг. Хэвлэл мэдээллийнхэн Н.Энхбаярт хайртайдаа бус, тэр нь ч мундагтаа биш үйл ажиллагаагаа хаалгах вий гэхдээ “Хаан”-даа тал зассан нь энэ. “Хаан” маань өөрийг нь болон гэр бүлийг нь сөрөг талаас мэдээлсэн хэвлэлийг “нүцгэн бие, садар самуун сурталчиллаа” гэх мэтээр шалтаглан хааж байсан. Үнэн хэрэгтээ өөрийнх нь эсрэг, шударга үнэний төлөө явж байгаа хэвлэл мэдээллийг ийнхүү эрхэндээ оруулж байв. Гэхдээ ардчилал өсөн бойжиж буй тухайн цагт шар хэвлэлийн зах зээл эмх замбараагүй байсныг үгүйсгэхгүй.
Нэгэн үе Н.Алтанхуяг Ерөнхий сайд байв даа. Тэрбээр өөрийнх нь “Хаан жимс” амралтын Бие засах газрын бохир ундны эх үүсвэр рүү цутгаж байгааг баримтаар дэлгэсэн сайтыг хаан, амыг нь барьж байсан баримт халуунаараа байна. Саяхандаа 2017 онд алдарт Зөрчлийн тухай хууль хэлэлцэх үеэр Ц.Гарамжав гишүүн “Гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох” санал гаргахад Байнгын хорооны гишүүд бүгд дэмжсэн нь чөлөөт хэвлэл мэдээллийг боомилж байгаагийн нэгээхэн жишээ.
Ардчиллыг босголцсон хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 саяар, сэтгүүлчийг 10 саяар торгуулахаар бултаараа улайрч байсныг бодохоор аймшигтай. Өнөөх ардчилал, хэвлэлийн эрх чөлөө гэж индэр дээрээс цээжээ дэлддэг нь бүр ч худлаа, хоосон дүр.
Уг нь сэтгүүлч бидэнд хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай л хэрэгтэй. Мөн сэтгүүлчид төдийгүй иргэн хүнд ч хардах эрх гэж нэг зүйл бий. Нөгөө талаас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаарт “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж заасан байдаг биз дээ. Эрх мэдэлтнүүд өндөр торгуулиар айлгаж, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг нийгэмд тараахгүй гэсэн санаархал хуулийг ч үл тооход хүргэж байна. Гүтгүүлсэн ч юм уу, булхайгаа уудлуулсан ч юм уу Ц.Гарамжав гэдэг хувь гишүүн ийм санал гаргалаа ч Байнгын хорооны гишүүд бүгд дэмжиж байгааг юу гэж үзэх вэ?
Гэтэл саяхан сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ц.Гарамжав гишүүнээс “Эрсдэлийн сан”-гаас зээлээ төлүүлсэн эсэх талаар тодруулах үед маргаан гарсан. Үүний дараа “Шантаажчин Н.Өнөрцэцэгээс салбараа аврах” хөдөлгөөн өрнүүлэх тухай нэр бүхий мэдээллийн хэрэгслээр гарахаар хардахад хүргэж байна. Бүр мөр зэрэгцэн ажиллаж байгаа нэгэн салбарын нөхөд нь ийн бичихээр бүр ч хардахад хүргэнэ. Ингэхийн шалтгаан нь үүний цаана Ц.Гарамжав гишүүн байв уу гэх хардлага. Ерөөсөө эрхтэн дархатнууд сэтгүүлчдийг хооронд нь хагаралдуулах, анхаарлыг өөр тийш нь сарниулах оролдлого хийж байсан түүх олон байдаг. Хэвлэл мэдээллийн салбарт алдаа, оноо аль аль нь байгаа. Үүнийг нуух аргагүй. Н.Өнөрцэцэг гэх сэтгүүлч ч алдаа онооны дэнсэн дээр ажлаа хийж яваа. Гагцхүү бид улстөрчдийн өөрөөсөө холуур өрнүүдэг энэ мэт ажиллагааг тунгаах учиртай. Дундаа “зодолдох” хэрэггүй юм.
Мөнхүү хотын дарга С.Амарсайханыг Туулын бургас хядаж барилга байгууламж барьсан тухай баримт дэлгэсэн “ТВ 8” телевизийг С.Амарсайхан өөрийн харьяа бүхий “MNBC” компаниар дамжуулан сувгаасаа хасаж, бусдад мэдээ мэдээлэл түгээх эрхийг нь хязгаарласан. Тодотгож хэлбэл, үнэний хөлд гүйцэгдэхээрээ өөрийнхөө эзэмшил компаниар дамжуулан "рекэт" хийж байна гэсэн үг. Энэ бол эрх мэдэлтнүүдийн хэвлэн нийтлэх, бусдад мэдээ мэдээлэл түгээх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл учраас Харилцаа холбооны газарт гомдол гаргасан байдалтай асуудал шийдэгдээгүй сууж байна. Уг нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй” хэмээн заасан байдгийг С.Амарсайхан дарга ноцтой зөрчсөн төдийгүй бүр хааж орхисон юм. Үүний төлөө хэн ямар хариуцлага хүлээх ёстой вэ? С.Амарсайхан уу, Харилцаа холбооны газар уу гээд асуудал тулгарч байна.
Зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага хохироод үлдэх ёсгүй. Үүнээс үүдэн сэтгүүлчдийн дунд ан цав үүсгэсэн нь өдгөө ч хэвээрээ. Эрх мэдэлтэй хөрөнгөтнүүд үнэний төлөө дуугарсан мэдээллийн байгууллагын сувгийг хааж, амыг нь барина, дээрээс нь мөнгө төлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд дунд яс хаяна, шүүх засаглалаар далайлгана гээд дарамт их.
Манай салбар, сэтгүүлч бид ийм л эрсдэл дунд ажилладаг ч та бүхэнд ямар ч үнэ төлбөргүйгээр мэдээллээ цаг алдалгүй хүргэсээр байна. Та бүхэн бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг ямар нэгэн үнэ төлбөргүй уншиж, үздэг атлаа шударга үнэний дуу хоолой болсны төлөө яасан их боомилно вэ?
Дахин нэг жишээ дурдахад, Тост тосон бумбын нурууг хамгаалахаар тэмцсэн сэтгүүлчдийн багт ямар ширүүн хандаж, бидний дунд яасан их ан цав үүсгэхийг оролдов оо. Тус газрыг төрийн хамгаалалтад авахуулахаар тэмцсэн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, түүний багийн эсрэг цөөнгүй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд босож байгаагийн цаана өнөөх л их мөнгө, эрх мэдэл бий.
Огт оролцоогүй хэрнээ хөндлөнгөөс сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчдийг хагалан бутаргах сонирхол ч давхар цухалзаж байгааг анзаарсан буй заа. Гэвч үнэн ялсан, сэтгүүлчид ялсан.
Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаас МҮОНРТ, “МОНЦАМЭ” агентлаг гэх хоёрхон байгууллага төрөөс санхүүжиж, бусад нь асар том эрсдэл дунд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн бүхий л төрөл сувгаар сурталчлах, олон нийтэд таниулах замаар гэрээ байгуулан, түүнээс орж ирэх мөнгөөр урсгал зардал, сэтгүүлчдийн цалингаа болгож ажилладаг салбар.
Ц.Гарамжавын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хандаж хэлснээр бол сэтгүүлчид бид “Шантааж хийж” амьдардаг бололтой. Гэтэл нөгөө талаас салбарын зарим нөхөд нь “Хувийн ААН, байгууллага, албан тушаалтан, УИХ-ын гишүүдээс 30 сая, 40 сая, 100 сая төгрөг шантаажилсан гэх юм. Зарим баримт нь ч байна” хэмээн барин тавин бичсэн нь бий. Үүнийг хараагүй болохоор мэдэх юм алга. Хэрвээ ийм зүйл байгаа бол бид гал тогоондоо ярьж, асуудлаа шийдэх ёстой, бидний эрхийг хамгаалдаг, ёс зүйг сахиулдаг, нэг үгээр хэлбэл бидний гэр болсон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сүүлийн үед олныг хамарсан бодит ажлууд хийсээр байгаа.
Сэтгүүлч, байгууллага хоёрын дунд амьд харилцаа бий болсон. Тиймээс юуны өмнө бид салбартаа хандах нь зүйд нийцнэ үү гэхээс хэн дуртай нь нэгнээ “шантаажчин” хэмээн цоллох нь бидний л нэр хүндэд халтай. Энд хэдийгээр ганцхан Н.Өнөрцэцэгийн нэрийг дурдаад байгаа ч цаана нь бидний нэр, салбарын маань нэр хүнд байгааг ойлгох ухаан эрх биш байгаа байх.
Ямартай ч “Олон улсын ардчиллын өдөр” тохиож, эрх мэдэлтнүүд хундага харшуулав бололтой. Одоо Монгол Улсад ардчилал үүсэн бий болсон ойн баяр болох гээд “Эрх чөлөө мандтугай” хэмээн цээжээ дэлдэхэд бэлдэж буй. Гэвч манайхан “Ардчилал, эрх чөлөө мандтугай” хэмээдэг ч хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарсан хэвээрээ л байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319