Монголбанкны Эрсдлийн сангаас “Монполимет” ХХК-ийн 10 тэрбум гаруй төгрөгийг хаасан асуудал хуулийн бүрэн дүүрэн үндэслэлтэй юу гэдэг асуудлыг хэвлэлүүд 2017 оноос хойш сануулан, нийтэлж буй билээ. Түүнчлэн уг асуудлыг нийтэлж, нэвтрүүлсэн Zarig.mn мэдээллийн сайтыг үндэслэлгүй мэдээлэл тараасан гэх байр суурийг “Монполимет” ХХК болоод тус компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав илэрхийлж байгаа юм.
Харин Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Ц.Гарамжав гишүүн буруугүй бол баримтаа гаргах хэрэгтэй. Бид баримтад тулгуурлан үүнийг бичиж, нийтэлж байгаа" гэсэн байр суурийг илэрхийлж буй.
Тэгвэл өнөөдөр /2019.09.20/ нэр бүхий хуульчид Монголбанкинд шаардлага хүргүүлж байна.
Тэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хандсан шаардлагадаа “Монполимет” ХХК-ийн Монголбанк/төр/-д төлөх ёстой байсан 10,615,924,551 төгрөгийн төлбөрийг Монполимет ХХК-иас гаргуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохыг тус тус шаарджээ.
Хуульчдын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН ТАНАА
2019 оны 9 дүгээр сарын 19
(Шаардлага хүргүүлэх тухай)
Хуульч бид Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд заасан үүргийнхээ дагуу Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан дараах шаардлагыг үүгээр хүргүүлж байна.
Монгол банк нь Монполимет ХХК-тай Арилжааны ерөнхий гэрээнүүдийг 2003 оны 2-р сарын 28, 2005 оны 1-р сарын 01, 2006 оны 1-р сарын 01-ний өдрүүдэд тус тус байгуулсан байна. Улмаар 2003 оны 9 дүгээр сараас түүний захиалгаар алтны арилжааг олон улсын санхүүгийн зах дээр гүйцэтгэж эхэлжээ. 2006 оны 11 дүгээр сар хүртэл нийт 10 удаа арилжаа хийсэн бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн 172 тоот тушаалаар алт олборлогч компаниудтай хийж байсан арилжааг зогсоож, 2006 оны 12-р сарын 31-ний өдөр Монполимет ХХК-тай тооцоо нийлж, Монгол банк нь Монполимет ХХК-иас 882,768,000/найман зуун наян хоёр сая долоон зуун жаран найман сая/ төгрөг, 4,256,689/дөрвөн сая хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуун наян ес/ ам долларын авлага үүссэн байна. Монгол банк нь Монполимет ХХК-нд дээрх төлбөрийг урт хугацаанд төлөх боломж олгож 2008 оны 9-р сарын 17-ны өдөр 0108/81 дугаартай төлбөр төлөх гэрээ байгуулсан байна.
“Монполимет” ХХК нь 10,615,924,551 төгрөгийн төлбөрийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй учир Монгол банк Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. “Монполимет” ХХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа Иргэний Хуулийн 75.2.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа/3 жил/ өнгөрсөн учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хариу тайлбар гаргасан байна. Улмаар Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтнууд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120.2-т заасны дагуу Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхэд давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж “Монполимет” ХХК-нь 10,615,924,551 арван тэрбум зургаан зуун арван таван сая есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавин нэг/ төгрөгийг Монгол банкинд төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн байна.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтад “Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй Монполимет ХХК-иас авах авлагыг болзошгүй алдагдлын нөөц сангаас хааж, тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийх” үүрэг болгож уг авлагыг эрсдэлийн сангаас хаасан байна.
Гэтэл Монголбанкнаас 2007.01.03-ны өдөр Авлага барагдуулах талаар судлах, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан, 2007.05.10-ны өдөр Алт олборлогч компаниудын авлага барагдуулах ажлын хэсэг байгуулж шинэчилсэн, төлбөрийн өглөг авлага байгааг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж байсан атал Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд, тус ажлын хэсгүүд ямар шалтгаанаар Монполимет ХХК-ийг төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөөр байхад 4 жил орчим шүүхэд хандалгүй хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн, Монполимет ХХК нь төрд 10,615,924,551 төгрөгийн төлбөр төлөх үүргээсээ шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад гомдол гаргахаас татгалзаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл байж болзошгүй байна.
Иймд Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах, мөн хуулийн 179, 180 дугаар зүйлийг баримтлан Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг тус дүүргийн шүүхэд гаргаж, “Монполимет” ХХК-ийн Монголбанк/төр/-д төлөх ёстой байсан 10,615,924,551 төгрөгийн төлбөрийг Монполимет ХХК-иас гаргуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохыг тус тус шаардаж байна.
Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан тус шаардлагыг хүлээн авч яаралтай хариу өгнө үү.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319