АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг огцруулав. Трамп өөрийн шийдвэрийн талаар зуршил ёсоор Твиттер хуудсаараа “Засаг захиргаан дахь бусад хүмүүсийн адил би түүний ихэнх үзэл бодолтой санал нийлдэггүй байсан тул Болтоноос албан тушаалаа өгөхийг хүссэн” гэж жиргэсэн бол Жон Болтон удалгүй мөн л твиттер хуудсаараа дамжуулан “Орой нь би албан тушаалаа өгье гэсэн” гэж тодруулав.
Энэ асуудал дээр хүртэл санал нэгдэж чадаагүй байна гэж Америкийн ажиглагчид үүнийг ёжилж байв.
Олон улсын гэрээг үгүй хийгч
Ямар ч атугай Трампын жиргээнээс үзвэл улс төрийн зөвлөгөө, байр суурьтай нь санаа нийлдэггүй байснаас Болтоныг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж ойлгож болохоор. Харин ямар асуудал дээр гэдэг нь тодорхой. АНУ-ын зөвлөх асан өөрийн үзэл бодлоо хэзээ ч нуудаггүй байсан. Тэрбээр олон улсын тавцанд Вашингтоны гарыг хүлэх аливаа асуудлын эсрэг “шонхрын зоригоор” эсэргүүцлээ илэрхийлдэг. Энэ нь мэдээж хэрэг зэвсэглэлийг хянах асуудал юм. Тэрбээр “Үгүй хийх ёстой муу гэрээ хэт их байна. Харин цаг маш бага байна” гэж нэгэнтээ хэлж байсан. Тэрбээр хичээсэн. 18 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-нд Москвад ирж, Пуужингийн эсрэг батлан хамгаалах системийг хязгаарлах гэрээнээс гарах тухай АНУ-ын шийдвэрийг дуулгах ёстой байсан хүн нь Жон Болтон. Тухайн үед тэрбээр Жорж Бушийн засаг захиргаанд төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлийг хянах асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байв. Гэвч тэр өдөр Нью Йорк, Вашингтонд болсон аймшигт алан хядах ажиллагаанаас болж айлчлалаа хойшлуулжээ. Ямартаа ч энэ гэрээ хожим нь цуцлагдсан. Бага болон дунд зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ гарах болсонд Жон Болтоны оролцоо мөн л байв. Дараагийн бай болох стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах тухай өөрийн ээлжээ хүлээж байв.
Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай
Ерөнхийдөө Болтон БНХАУ, ОХУ, Иран, БНАСАУ зэрэг АНУ-тай тааламжгүй харилцаатай улс орны талаар “хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” гэсэн байр сууринаас ханддаг байв. Энэ оны зургаадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд айлчлах үед нь дагалдаагүй. Түүнийг Трамп “Монгол руу цөлсөн” гэж хэвлэлүүд ёжилж байсан ч зарим нь Болтон өөрөө Трампыг дагалдахыг хүсээгүй гэж үзэх болов. Гэхдээ баримт бол баримт. АНУ-ын Ерөнхийлөгч ихээхэн анхаарал хандуулж байсан гадаад бодлоготой холбоотой санаачилгыг хэрэгжүүлэхэд Жон Болтонд оролцсонгүй. Atlantic хэвлэлд “Болтон Хойд Солонгос ч тэр, Украин ч тэр, ОХУ ч тэр, худалдаан ч тэр маргаанд ялагдал хүлээсэн” гэж бичжээ.
Болтоны дайсагнасан байр суурийн талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “АНУ болон дэлхийг сөнөхөд хүргэчих вий” гэж бичив байв. Vox цахим хэвлэлд “Трамп дайн эхлүүлэх боломж олгоогүй учир Болтон явсан” гэж бичиж байсан бол New York Times “Жон шийдвэр гаргадаг байсан бол бид дөрвөн ч дайн хийж байх байсан” гэж Доналд Трамп өнгөрсөн тавдугаар сард ярьж байсан тухай дурдсан байна.
Жон Болтон Ираны дэглэмийг шаардлагатай тохиолдолд “цэргийн хүчээр” ч хамаагүй өөрчлөхийн төлөө байр суурьтай буйгаа ил тод илэрхийлдэг байсан. Ийм сөрөг, түрэмгий байр суурь Трампад таалагдаагүй байх. Өнгөрсөн зургаадугаар сард тэрбээр Иранд өгөхөөр бэлтгэж байсан цохилтын улмаас 150 хүн амиа алдах боломжтой гэж түүнд илтгэсний дараа цохилтыг цуцалж байсан. АНУ-ын нисгэгчгүй онгоцыг устгасны төлөө хэтэрхий өндөр үнээр хариу авч буй улс төрийн алхам гэж Трамп үзсэн. Саяхан Афганистаны Кабул хотноо болсон алан хядах ажиллагааны улмаас 12 хүн амиа алдсан тул Трамп Афганы талибуудтай хийх ёстой байсан уулзалтаа цуцалж байв. Цус урсгах замаар хэлэлцээнд давуу байр суурийг олж авах нь байж боломгүй гэж тэрбээр онцолж байв. Талибуудтай яриа хэлэлцээ хийх талаар дэгдсэн маргаан Трампын тэвчээрийг алдагдуулж, Болтоныг огцроход хүргэсэн “далайд дусал”. Яриа хэлэлцээний эсрэг зогссон Болтон энэ тал дээр ялсан ч карьерынхаа хувьд дайнд ялагдав.
Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Рэнд Пол “Жон Болтон Цагаан ордноос явснаар дэлхий дахинд нүүрлэсэн дайны эрсдэл хэд дахин багасаж байна” гэж мэдэгдсэн юм.
Хэлбэр үү, агуулга уу?
Трампын хувьд Жон Болтон үндэсний аюулгүй байдлын гурав дахь зөвлөх нь. Түүний өмнө энэ албан тушаалыг Майкл Флинн, Херберт Макмастер нар хашиж байв. Болтоны хувьд түүний дайчин зан, консерватив байр суурийг Fox News сувгаар хэрхэн хамгаалж байсан нь Трампад таалагдсан гэж олон нийт үздэг. Агуулга бус, хэлбэр нь.
Atlantic сэтгүүлд бичсэнээр “Асуудал Болтон, Трампын хоорондын зөрчилд байгаагүй. Трамп зөвлөхүүдтэйгээ таардаггүйд учир нь бус, харин түүнд ийм зөвлөх хэрэггүйд байгаа юм. Энэ ажлын гол утга учир нь үндэсний аюулгүй байдлын асуудлаар ерөнхийлөгчид зөвлөгөө өгөх, энэ салбарын нүсэр аппаратын хүчин чадлыг зөв зохицуулж, засгийн газрын үйл ажиллагааг дардан явуулахад оршино. Гэвч Трамп зөвлөгөө авахыг хүсдэггүй бөгөөд ажилтнууд нь өөр хоорондоо зөрчилдөж байхыг илүүд үздэг” гэжээ.
Болтон өөрөө бус, харин өөрийг нь албан тушаалаас нь чөлөөлсөн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдэв. Болтон, Помпео хоёр удаан хугацаанд зөрчилдөж байсан. Вашингтоны сэтгүүл зүйн гранд хатагтай Сюзан Классер Помпеог “Трампын хэрэг эрхэлсэн сайд” хэмээн егөөдөн нэрийдэж байсан ч санамсаргүй зүйл биш юм.
Дараагийн зөвлөхөөс юу хүлээх вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ долоо хоногт аюулгүй байдлын шинэ зөвлөхийг тодруулахаа амласан. Энэ албан тушаалд очих боломжтой хэд хэдэн нэр дэвшигчид байгаа бөгөөд National Interest цахим хуудас АНУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайд Ричард Гренелл болон АНУ-ын армийн хурандаа Дуглас Макгрегорын нэрийг онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөх юуны өмнө Ерөнхийлөгч Конгрессын нэгдсэн чуулганд хандаж, хийсэн мэдэгдэлд “Агуу үндэстнүүд байнга дайн хийдэггүй” гэж хэлсэн үгийг дагах учиртай гэж олон нийт хүлээж байна.
Одоогоор, АНУ Афганистан болон Сирийн дайнд оролцож буй. Хэдийгээр АНУ Афганистанаас цэргээ гаргах тухай талибуудаас зөвшөөрөл авах албагүй ч шинэ зөвлөх талибуудтай хийх яриа хэлэлцээг сэргээх нь чухал бөгөөд хэлэлцээ хийсэн ч хийгээгүй ч дайныг орхих нь хамгийн чухал гэж шинжээчид үзэж байна.
Сирид мөн адил. Лалын улс бүлэглэлийн эсрэг явуулсан ажиллагаа нь амжилттай болсон ч АНУ-ын цэрэг Турк, Сирийн хилийн аюулгүй байдлыг хангах, Танф хилийн хот руу Ираны цэргийг оруулахгүй байх даалгавар гүйцэтгэсээр. Энэ нь нэр төртэй ч АНУ-ын аюулгүй байдалтай шууд холбоогүй. Тиймээс АНУ-ын цэргүүд гэртээ ирэх цаг нь болсон гэж Жон Куинси Адамс нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Жон Аллен Гей бичжээ.
Хойд Солонгосын хувьд шинэ зөвлөх яриа хэлэлцээг сэргээх тал дээр хүчин чармайлт гаргах учиртай. Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш Вашингтон, Пёньян 2018 оны дээд хэмжээний уулзалтын уур амьсгалаас холдож, 2017 оны зөрчил рүү ухарсан. Ижил байр суурь баримталсан аюулгүй байдлын зөвлөхтэй болсон тохиолдолд Трамп хувийн дипломат арга хэрэглэлгүйгээр хийх боломжтой зүйл. Ажлын хэсэг хоорондын яриа хэлэлцээ дээд хэмжээний уулзалтыг илүү бүтээлч, үр дүнтэй болгох боломжтой.
Ираны хувьд шахалт дарамт бус, дипломат арга замыг сонгох цаг нь болсон. Дайны эрсдэл өндөр хэвээр байгаа. Ирак, Сирид Ираны оролцоотой цэргийн хүчнийхэн нууцлаг дэлбэрэлтэд өртсөн хэвээр. Иран улсын зүгээс дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй гэсэн дохио өгч байсныг мартаж болохгүй. Тиймээс аюулгүй байдлын шинэ зөвлөх Ираныг хэлэлцээний ширээний ард суулгах арга замыг олж чадвал том амжилт байх болно. Энэ дайсагнасан хоёр улсын хооронд итгэлцлийг бий болгох чухал алхам юм. Хурцадмал байдлыг намжаах нь том амжилтад хүрэх эхний алхам.
Аюулгүй байдлын шинэ зөвлөх мөн НАТО-гийн төсвийг тэгш үүрэх ёстой гэх Трампын зорилтыг дэмжих нь зүйтэй. Хэдийгээр НАТО-ийн гишүүн орнууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн ч зорилтот хэмжээнд хүрэхгүй байгаа. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан бодлого үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн дэмжлэгтэйгээр хэрэгжих боломжтой болно. Ингэснээр Европын аюулгүй байдлыг хангах асуудал илүү бодитой болох юм гэж шинжээчид санал болгожээ.
Мэдээж хэрэг АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхийг үүнээс олон сорилтууд хүлээж буй. Гэхдээ эдгээр асуудлыг хөндсөнөөр зөв эхлэлийг тавих боломжтой. Хэрэв Трамп Болтон шиг, Макмастер шиг зөвлөхийг томилбол өөрийнхөө гарыг дахин хүлэх болно. Энэ нь эмгэнэлтэй алдаа байх болно.
Сэтгэгдэл ( 0 )