Хүн төрөлхтний түүхийн өмнөх урт удаан үед дэлхий даяар хүмүүс гавлын ясыг цоолох буюу бүдүүлэг “трепанац” мэс ажилбарыг амьд хүмүүс дээр хийдэг байжээ. Ингэхдээ өрөм, эсвэл шовх үзүүртэй багаж ашигладаг байсан аж. Одоогоор археологичид трепанац мэс ажилбар хийлгэсэн олон мянган гавлын ясыг дэлхийн өнцөг булан бүр илрүүлээд байна.
Африк, Полинезид ХХ зуунд явуулсан трепанац мэс ажилбарын туршлага дээр үндэслэн антропологичид таамаг дэвшүүлжээ. Гавлын ясны гэмтэл эсвэл мэдрэлийн системийн өвчнөөс үүдсэн өвдөлтийг намдаах зорилгоор энэхүү мэс ажилбарыг хийдэг бөгөөд түүхийн өмнөх үед ч мөн ийм л зорилготой байсан байх магадлалтай. Тархи, толгойн гэмтэл эсвэл мэдрэлийн системийн асуудал байсан гэх шинж тэмдэг эдгээр гавлын ясыг шинжлэхэд илт байдаг.
Мэс ажилбарыг анагаах зорилгоор хийдэг байсан нь тодорхой ч бидний өвөг дээдэс шашны зан үйлийн шалтгаанаар мөн хийдэг байсан гэх бас нэг таамаг бий. Трепанац хийдэг байсныг гэрчлэх хамгийн эртний олдвор М.Э.Ө 7000 жилд хамаардаг. Энэ ажилбар эртний Грек, Өмнөд болон Хойд Америк, Африк, Полинези болон Алс Дорнодод өргөн дэлгэрчээ. Ингэхээр хүмүүс трепанац ажилбар хийх өөр өөрсдийн аргыг хөгжүүлж байсан гэсэн үг. Ихэнх үндэстнүүд энэхүү ажилбараас дундад зууны сүүлч үеэс татгалзсан бол Полинези, Африкт 19-р зууны эхэн үе хүртэл хадгалагдаж үлдсэн байдаг. Трепанац ажилбарын талаарх хамгийн анхны эрдэм шинжилгээ судалгааны ажил 19-р зуунд хэвлэгдэн гарсан цагаас хойш зарим эрдэмтэд түүхийн өмнөх үеийн хүмүүс эл ажилбарыг сүсэг бишрэлтэй холбон тайлбарласаар. Гавлын ясанд гаргасан цоорхойгоор сүнс тухайн хүний биед нэвтрэх эсвэл биеэс гарах ёстой байв. Энэ нь мөн ариутгалын зан үйлийн нэгэн хэсэг байсан байх боломжтой. Өнөөдөр трепанац ажилбарыг анагаах ухааны зорилгоор хийж байсан гэх таамгийг нотлох боломжгүй. Учир нь эртний хүний гавлын ясанд тархины ямар нэгэн ул мөр олдоогүй л байна. Гэхдээ Оросын зарим хэсэгт зан үйлд ашигладаг байсныг гэрчлэх нотолгоо олдсон байдаг.
Түүхэн ул мөр
Түүх 1997 онд эхэлнэ. Эрдэмтэд Ростов мужид Хар далайн хойд эрэг орчим 20 булш илрүүлжээ. Эдгээр булшинд нийт 35 хүний араг яс байсан бөгөөд эдгээр нь М.Э.Ө 5000-3000 жил буюу Хүрэл зэвсгийн үед хамаарах гэнэ. Нэг булшинд гурван эрэгтэй, хоёр эмэгтэй, 1-2 насны болон өсвөр насны хоёр хүүхдийн араг яс олджээ. Нэг булшинд олон хүний араг яс олдох нь тийм хачирхалтай зүйл огт биш. Гэвч хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйн болон өсвөр насны охины гавлын ясанд трепанац хийсэн байсан нь эрдэмтдийн анхаарлыг эрхгүй татжээ. Гавлын ясан дах цоорхой нь төгс зууван хэлбэртэй байсан аж. Үлдсэн нэг эрэгтэйн гавлын яс цөмөрсөн ч цоороогүй байсан бол нялх хүүхдийн гавлын яс л бүрэн бүтэн байжээ.
Донын Ростов хот дахь Өмнөд Холбооны их сургуулийн антропологич Елена Батиева олдворуудыг шинжлэх ажлыг гүйцэтгэжээ. Эдгээр гавлын ясанд трепанац ажиллагаа хийсэн нь тодорхой байсан ч бусад олдворыг бодвол онцгой байв. Гавлын яснууд бүгд дагзандаа цоорхой байсан бөгөөд бусад ижил төрлийн олдворуудын 1 хувь нь дагз орчимдоо нүхтэй байдаг аж. Энэ нутагт трепанацын ул мөртэй ганц л гавлын яс 1974 онд олдож байжээ. Тиймээс Оросын газар нутаг дээр тавын таван ийм олдвор, бас ч үгүй нэг булшнаас олсон нь анхны тохиолдол. Трепанац мэс ажилбарыг дагз орчимд хийх нь маш аюултай аж. Учир нь энэ хэсэгт тархин дах цус хуримтлагдаж, тархины гол судас руу ордог байна. Энэ хэсгийн ясыг нээхэд маш их хэмжээний цус алдаж, үхэлд хүргэх эрсдэлтэй байдаг аж. Тиймээс Хүрэл зэвсгийн үеийн өвөг дээдэст ийм ажилбар хийх маш чухал шалтгаан байсан байж таарах нь. Араг ясанд ч ямар нэг гэмтэл, өвчний шинж тэмдэг илрээгүй. Өөрөөр хэлбэр эдгээр хүн эрүүл мэнд, бие бялдрын хувьд ямар ч асуудалгүй байсан ч юуны учир трепанац ажилбар хийх болов? Ямар нэгэн зан үйлийг гэрчилж байна уу? Энэ бол сонирхолтой л хувилбар. Гэвч энэ онолоос Батиевад татгалзах шаардлага гарав. Учир нь Оросын өмнөд хэсгээс олдсон олон олдворуудыг шинжлэх ёстой байсан тул нууцлаг хэдий ч цөөн хэдэн баримт дээр үндэслэх нь хэт гэнэн хэрэг байлаа.
Архив юу өгүүлэв
Тиймээс Батиева урьд өмнө хэвлэгдэж байгаагүй дагз орчмыг ер бусын трепанацын талаар хийсэн археологийн судалгааны ажлуудыг судлахаар шийджээ. Энэ ажил гайхмаар амжилттай болсон байна. Дагзны хэсэгт трепанац хийсэн хоёр ч тохиолдлын талаарх материал олов. Нэг нь 1980, нөгөө нь 1992 онд олдсон байна. Эдгээр нь Донын Ростов хотоос 50 км зайд олдсон бөгөөд хоёуланд нь эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаан үгүй байв. Ингэснээр Батиева Оросын өмнөд хэсгээс олдсон, бүгд нэгэн үед хамаарах наймын найман ер бусын судлахуунтай болов. 2011 онд олон улсын археологичдын баг нийт 137 хүний араг ясыг шинжилжээ. Тэд одоогийн Гүрж улсын хилээс холгүй Оросын Стравополь хязгаарт буюу Донын Ростовоос 500 зайд Хүрэл зэвсгийн үед хамаарах гурван тусдаа булшинд малтлага хийжээ. Тэдний зорилго түүхийн өмнөх үеийн хүний эрүүл мэндийн байдлыг судлах зорилготой байв. Гэвч 137 гавлын яснаас ес нь ер бусын нүхтэй байжээ. Эдгээрээс тав нь дээд болон хажуу хэсэгтээ цоорхойтой байсан ба араг яс бүхэлдээ гэмтлийн шинж тэмдэгтэй байсан тул ердийн трепанац ажилбар гэж үзжээ. Үлдсэн дөрвийг шинжлэхэд ямар нэгэн гэмтэл, өвчний шинж тэмдэг илрээгүйгээс гадна бүгд дагзандаа нүхтэй байв.
Огт санамсаргүй байдлаар судлаачдын нэг Германы Антропологийн хүрээлэнгийн антропологич Юлиа Грески Донын Ростовоос олдсон ер бусын трепанацын тохиолдлын талаар хийсэн Батиевагийн судалгааны ажлыг уншсан байжээ. Өдгөө Грески, Батиева нар хамтран Оросын өмнөд хэсгээс олдсон дагзандаа цоорхойтой 12 гавлын ясыг судалж байна.
Трепанац өргөн дэлгэрсэн байжээ
Эдгээр 12 гавлын ясыг нээсэн нь онцгой тохиолдол юм. Тэд бүгд Оросын өмнөд хэсгээс олдсон нь ямар нэгэн холбоо буйг харуулж байна. Хоорондоо холбоогүй байлаа ч ховор төрлийн трепанац ажиллагаа энэ бүс нутагт олон тоогоор хийж байсан нь өөрөө нууцлаг баримт юм. Батиева, Грески зэрэг эрдэмтэд Оросын өмнөд хэсэг трепанац зан үйлийг үйлддэг төв нь байсан гэдгийг нотлоход хэцүү ч тэндээс олдсон олдворууд ийм онол дэвшүүлэхэд хүргэж байна гэжээ.
Москвагийн шинжлэх ухааны академийн трепанац судлаач Мариа Медник гавлын ясны аюултай хэсэгт трепанац хийж, нэг төрлийн хувиралт, шилжилтэд хүрэх зорилго агуулж байсан гэж үзэж байна. Тухайн үед бусад хүмүүст байгаагүй тийм ер бусын чадвартай болоход трепанацыг ашигладаг байжээ. Цоо эрүүл 12 хүн аюултай бөгөөд онцгой мэс ажилбар хийлгэх болсон шалтгааныг өөрөөр тайлбарлах аргагүй. Гэвч эдгээр ул мөр ийм мэс ажилбар хийлгэсэн хүмүүсийн хувь заяаны талаар илүү ихийг бодож, боловсруулах боломж олгож байна. Ростовд оршуулсан трепанац бүхий 12 хүний нэг нь 25 орчим насны эмэгтэй. Түүний гавлын ясанд эдгэрч, бороолсон гэх ямар ч шинж тэмдэг байгаагүй. Энэ нь тэр эмэгтэй мэс ажилбарын үеэр эсвэл дараахан нь нас барсныг илтгэж байгаа юм. Бусад гавлын яснаас үзвэл эзэд нь мэс ажилбарыг амжилттай давсныг нотолно. Цоорхойн ирмэг бороолсон ч битүүрээгүй. Гурван гавлын ясны цоорхой маш бага хэмжээгээр бороолсон нь эдгээр хүмүүс мэс ажилбарын дараа 2-8 долоо хоног амьд явсныг гэрчилж байна. Тэд 20-35 насны эмэгтэйчүүд байв. Гурав дахь нь 50-70 орчим насны хүн байсан ба хүйсийг нь тодорхойлох боломжгүй байгаа аж. Бусад гавлын яс нэлээд бороолсноос үзвэл эдгээр хүн мэс ажилбарын дараа дөрөв орчим жил амьд явсныг нотолж байна.
Трепанац зан үйл байсан уу?
Елена Батиевагийн анхаарлыг татсан өвөрмөц трепанацтай гавлын ясны эздийг ямар хувь тавилан угтсан нь сонин. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй болон өсвөр насны охин цоорхой дагзтай олон жил амьдрахын төлөө тэмцжээ. Охины насыг 14-16 гэж таамаглаж буй. Өөрөөр хэлбэр, энэ охинд 12 настай эсвэл үүнээс ч бага байхад нь гавлын ясыг цоолох мэс ажилбар хийсэн гэсэн үг. Гэхдээ эдгээр 12 хүн ямар нэг өвчин, эсвэл толгойн гэмтэлтэй байсныг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд трепанац ажилбар дор хаяж найман хүнд үр өгөөжөө өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Батиева болон бусад эрдэмтэд ч мөн зөв байж болох талтай. Эдгээр хүмүүс трепанац хийх ямар нэгэн зан үйлийг гэрчилж ч байх боломжтой. Хэрэв энэ таамаг үнэн бол мэс ажилбарт орсон эдгээр хүмүүст насан туршид нь ямар өгөөж, ур чадвар өгснийг бидэнд тааварлах л үлдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Үнхээр хэрэгтэй мэдээлэл бна