Санчир гараг дагуулынхаа тоогоор Бархасбадийг хол хаяжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

АНУ-ын одон орон судлаачид Санчир гарагийн 20 шинэ дагуулыг нээжээ. Ингэснээр Санчир гараг одоогоор нээж илрүүлээд буй 82 сарны тоогоор 79 сар бүхий Бархасбадь гарагийг гүйцэж түрүүлээд байна гэж Карнеги хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Тус хүрээлэн шинээр нээгээд буй 20 сансрын биетэд нэр хайрлах нээлттэй уралдаан зарлаад байна. Шинээр илрээд буй дагуулуудын тойргийн хэмжээ нь таван км орчих гэнэ. Тэдгээрийн 17 нь ухрах хөдөлгөөн бүхий тойрог замд эргэлддэг буюу Санчир гарагийн тэнхлэгээ тойрч эргэх чиглэлийн эсрэг эргэдэг байна. Санчир гарагийн саруудыг Хавайн Мауна Кеа одон орон судлах төв дэх Субару 8.2 метр дурангийн тусламжтайгаар нээжээ. Эдгээр 17 болон үлдсэн гурван сарын нэг нь Санчир гарагийг дэлхийн гурван жилтэй тэнцэх хугацаанд нэг бүтэн тойрдог байна. Харин үлдсэн хоёр сар нь Санчир гарагтай илүү ойрхон зайд байрладаг тул дэлхийн хоёр орчим жилтэй тэнцэх хугацаанд бүтэн нэг тойрог хийдэг гэнэ. Харин Санчир гарагийн хамгийн том сар болох Титан дэлхийн 15 хоногтой тэнцэх хугацаанд гарагаа нэг бүтэн тойрдог. Титан сар нь манай дэлхийн сарнаас 1.5 дахин том юм.

Одон судлаачид эдгээр биетийг эрт нэгэн цагт Санчир гарагийн тойрог замд байсан нэгэн том дагуулын хэлтэрхийнүүд байх боломжтой гэж таамаглажээ. Сансрын биетүүд Нарны аймгийн гараг эрхэс хэрхэн бүрэлдэн бий болсон, хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг мэдэх гол түлхүүр болдог гэж эрдэм шинжилгээний багийн ахлагч Скотт Шепарт ярьжээ.

Үүнээс өмнө хүн төрөлхтөн Санчир гарагийн 62 сарыг илрүүлээд байсан бөгөөд 53 нь өөрийн гэсэн нэртэй. Шинээр нээсэн саруудад нэр хайрлах уралдааныг тус хүрээлэн твиттер хуудсаараа дамжуулан энэ оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр явуулах гэнэ.

Үүнээс өмнө Нарны аймгийн хамгийн олон тооны сартай гараг гэх алдрыг Бархасбадь эзэмшдэг байв. Түүний хамгийн том саруудыг 1610 онд Галилео Галилей нээж байжээ. 1970-аад оны сүүлч гэхэд нийт 13 сарыг нээгээд байсан бол 1979 онд тус гарагийн хажуугаар нисэх үедээ Voyager сансрын аппарат дахин гурван сарыг илрүүлжээ. Үлдсэн саруудыг /нийт 79 сарыг нээгээд байгаа бөгөөд хамгийн сүүлд 2017 онд нэмж илрүүлсэн байдаг/ шинэ үеийн дурангийн тусламжтайгаар нээж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batamedral(66.181.161.67) 2019 оны 10 сарын 08

Goe nom bn

1  |  0
Top