Ертөнцийн тухай ойлголтыг үүрд өөрчилсөн физикчид Нобелийн шагнал хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагналыг физикийн сансар судлалд онолын нээлт хийсэн Канадын эрдэмтэн Жеймс Пиблз, нартай төстэй одын тойрог замд манай нарны аймгийн бус гараг нээсэн Швейцарын эрдэмтэд Мишель Майор, Дидье Кело нар хүртжээ.

Тэдний нээлт орчлон ертөнцийн талаарх бидний ойлголтыг үүрд өөрчилсөн гэж Нобелийн хороо онцолжээ.

Жеймс Пиблз хар матери, устөрөгчөөс хүнд жинтэй химийн элементийн цөм бий болдог Их тэсрэлтийн үеийн байгалийн үйл явц, нарны аймгийн үүсэл, бөөгнөрөл, сансрын хэт богино долгионы талбайн асуудлыг судалдаг. Пиблзийн онолын нэгдлийн ачаар эрдэмтэд манай орчлон ертөнцийн залуу үеийг гэрчлэх нотолгоог тайлбарлаж, физикийн шинэ үйл явцыг нээж чаджээ. Пиблзийн 20 жилийн туршид боловсруулсан онолын үндэс нь Их тэсрэлтийн үеэс өнөөдрийг хүртэлх орчлон ертөнцийн түүхийн талаарх өнөөгийн ойлголтын суурь нь гэж Шведийн шинжээчид үзэж байна. Хийн үүлстэй ойрхон бөгөөд хийн үүлсээр хүрээлүүлсэн нарны аймгуудын талаарх судалгаануудыг үндэслэн Пиблз хар материйн талаарх онолыг гаргаж иржээ.

Мишель Майор, Дидье Кело нар манай нарны аймгаас гадна орших гарагийг анх 1995 оны аравдугаар сард нээсэн гавьяатай эрдэмтэд. 51 Пегаса b нэр аваад буй тус сансрын биет нартай төстэй гарагийг тойрон эргэдэг бөгөөд Дэлхийгээс 50 гэрлийн жилийн зайд оршдог. Түүнээс хойш одон орон судлаачид манай нарны аймгийн бус дөрвөн мянга гаруй гараг нээгээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top