Одоо газрын тосны үйлдвэр хүрэх төмөр замаар галт тэрэг дохиогоо хангинуулж, асфальтан замаар нь бүтээн байгуулалтын цуваа урсаж эхэлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан нар 100 тонны даацтай авто замын анхны ачааны машины зорчигч болсон бөгөөд буцахдаа шинэхэн төмөр замын боолтыг чангалж, галт тэргээр зочид төлөөлөгчдийн хамт зорчсон. Шинээр барьсан авто болон төмөр замын огтлолцсон цэгт болсон ёслолын үеэр БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан Монголд хөнгөлөлттэй зээл олгон байгуулж буй газрын тосны үйлдвэрийн төсөлд шаардлагатай байгаа 236 сая ам.долларыг нэмэлтээр олгохоор болсон гэдгийг дуулгасан. |
Тэрбээр улсдаа Газрын тос, байгалийн хийн сайдаас гадна Гангийн сайдын албан тушаалыг давхар хашдаг аж. Тиймээс Монгол, Энэтхэг хоёр улсын цаашдын харилцааг шинэ шатанд гаргахад уул уурхайн салбар онцгой үүрэгтэй гэдгийг цугласан олны өмнө онцлон тэмдэглэсэн. Үүний эхлэл нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос зүүн хойш 20 орчим км-т, Алтанширээ сумын нутагт шанг нь татсан газрын тос боловсруулах үйлдвэр. Өнгөрсөн хугацаанд үйлдвэр байгуулах талбай хүртэл дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв авто зам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Эдгээр бүтээн байгуулалтыг монголчууд анх удаагаа өөрсдөө бие даан гардан гүйцэтгэсэн гэдгээрээ онцлогтой гэдгийг Ерөнхий сайд бахархан хэлсэн шиг хөрөнгө мөнгөний хувьд ч Монгол Улс хүлээсэн үүргийнхээ дагуу гаргасан. Тухайлбал, Хөгжлийн банкнаас төмөр зам барихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархлыг гардуулж, баяр хүргэн шагнаж урамшууллаа.
Түүхий эдээ төмөр замаар тээвэрлэх төлөв харагдаж байна
Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 40 гаруй сая тонн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдана гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийнхан танилцуулсан. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүхий эдээ татан авахын тулд дамжуулах хоолой байгуулах, эсвэл төмөр замаар тээвэрлэх гэсэн хоёр хувилбарыг Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ул суурьтай судалж байж шийд гаргана гэдгээ хэлсэн. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Зүүн бүсээ дэд бүтцээр холбох ач холбогдолтой учраас төмөр замын тээврийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн газрын тосны үйлдвэрийн төмөр замыг Зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замтай холбочихвол хойшоо болон урагшаа Эрээн, Хөөт-Бичигтээр гарна. Иймд төмөр зам манай ирээдүйн хөгжилд чухал ач тустай гэж Зам, тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан тайлбарласан. Зүүн бүс төмөр замтай болбол жилд 16 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд зорчигч үйлчилгээгээр ч ашиглах боломжтой гэнэ.
Ерөнхийдөө өндөр өртөгтэй үйлдвэр байгуулчихаад түүхий эдээ хэрхэн нийлүүлэх нь анхаарлын төвд байгаа асуудлуудын нэг. Хамгийн ойр нь Дорнод аймаг дахь Тамсаг XXI олборлолтын талбай. Тэндээс татахад 550 км төмөр зам эсвэл хоолой хэрэгтэй. Гэхдээ хоолойгоор татахад хүндрэл их гэдгийг судлаачдын хүрээнд ярьдаг. Манай нефть нэмэх 23-24 хэмд царцдаг буюу хэт өтгөн. Тиймээс энэ удаагийн төсөлд үндсэндээ цахилгаанаар халаахаар тусгасан нь бий. Ажиллагааны хувьд маш найдвартай ч Дорнодод цахилгаан дамжуулах шугам байхгүй гэдэг хүндрэл байгаа аж. Манай улсын тогтоогдсон газрын тосны нөөц тус үйлдвэрийн 40 орчим жилийн хэрэгцээг хангах тооцоолол гарсан.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын оргил үед 8000 ажилтан ажиллана
БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Үйлдвэр ашиглалтад орсны дараа 550-600 инженер, техникийн ажилтан тогтмол ажиллах бол бүтээн байгуулалтын оргил үед 8000 ажилтан ажиллана. Үйлдвэр санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойш арван жилд бүрэн нөхнө. Үйлдвэрт шаардлагатай усыг 42 км-ын зайд орших гүний худгаас хангана гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулсан. Улмаар 2024 оноос эхлэн онгоцны түлш, бензин, дизель, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш, Евро-5 стандартын АИ-95 төрлийн шатахуун нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн ДНБ 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Мөн Сайншандын төвд 550 айлын орон сууц бүхий ажилчдын хотхоны ажлыг эхлүүлжээ. Хотхоны шавыг өнгөрсөн хавар тавьж, барилгын 12 компани оролцон ажиллаж байна. Нийт 15 байр барина. Үүнээс гадна 2022 оноос худалдаа үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг, номын сан, спортын төв зэрэг бүтээн байгуулалт өрнөх гэнэ.
Ийнхүү монголчууд өөрсдөө газрын тосны үйлдвэрийнхээ төсөл суурийг цутгалаа. Барих санхүүжилтийг нь Монголын үзэл санааны хөршөө гэж хардаг Энэтхэгийн талаас шийдчихлээ. Харин одоо дорнын говьд сүндэрлэх үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын эрчимжүүлэх л асуудал үлдлээ. Дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Энэтхэг, Орос Хятадын дундах “aрдчиллын арал” гэгддэг Монгол Улс хоёрын үзэл санааны нэгдлийн баталгаа энэ бүтээн байгуулалт болох учиртай.
Сэтгэгдэл ( 1 )
СУМЪЯАБАЗАРАА ТОМОР ЗАМ ТАВИХ 3 ТЭРБУМ $ ОЛООД НААД ТОМОР ЗАМАА ТАВЬЧААРАЙ ТЭНЭГ БОХОО