Дэлхийн цэргийн спортын наадамд 109 оны алба хаагчид оролцоно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Дэлхийн 109 орны 9.3 мянган цэргийн алба хаагч БНХАУ-ын Ухань хотноо энэ сарын 18-28 ны өдрүүдэд болох VII Дэлхийн цэргийн спортын наадамд оролцоно гэж Наадмын зохион байгуулах хорооны дарга,  хошууч генерал Ян Цянь мэдээлжээ.

Ингэснээр Дэлхийн цэргийн спортын наадмын дээд амжилтыг эвдлээ. Энэ нь тус наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчидтой наадам болж байна. Энэ жил Дэлхийн спортын наадам 329 төрлөөр явагдах бөгөөд энэ нь ч мөн адил дээд амжилт юм гэж тэрбээр мэдэгджээ.

Баасан гарагт /2019.10.18/ болох албан ёсны нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гаднын 50 гаруй батлан хамгаалахын сайд, генерал оролцоно. Долоо дахь удаагийн Дэлхийн цэргийн спортын наадмыг зохион байгуулах нийт 39 хороог байгуулж, Олон улсын цэргийн спортын хороотой 26 харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Наадмын үеэр 12700 сайн дурын ажилтнууд ажиллах гэнэ.

Дэлхийн цэргийн спортын наадам 1948 онд үүсэн байгуулагдсан Олон улсын цэргийн спортын хорооны ивээл дор болно. Өдгөө тус хороонд 135 улс орон нэгдээд байна.

Дэлхийн цэргийн спортын анхны наадам 1995 онд Ром хотноо болж байсан бол дараа дараагийнх нь Хорватын Загребд 1999 онд, Италийн Катаниад 2003 онд, Энэтхэгийн Хайдерабадад 2007 онд, Бразилын Рио-де-Жанейрод 2011 онд, зургаадах удаагийн наадам Өмнөд Солонгосын Мунген хотноо 2015 онд болж байжээ.
2010 оноос Дэлхийн цэргийн спортын өвлийн наадмыг уламжлан болгон зохион байгуулж ирсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top