Өнөөдрийн байдлаар БНСУ-д 49 мянга, АНУ-д 30 мянга, БНХАУ-д 10 мянга, Япон Улсад есөн мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Нийтдээ гадаадын 76 улсад Монгол Улсын 175.687 иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын зургаан хувийг эзэлж байгаа аж. Оршин суугаа иргэдийн талаарх дээрх тоон мэдээлэл дээр зорчиж буй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр 2.5 сая хүрсэн байна. Гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад дахь 43 дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар хариуцан ажилладаг байна. Харин зөвхөн ОХУ дахь ЭСЯ-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөгч ажилладаг юм байна.
Монгол Улсын иргэд гадаадад ажиллаж, амьдрах, зорчих нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр /2019.10.22/ УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн дэмжлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн нь улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан байдаг.
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль нь 1993 онд батлагдсанаас хойш нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна өнөөдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагын үүднээс төслийг боловсруулжээ. Мөн хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн талаар, сангаас тусламж дэмжлэг үзүүлэх хэлбэрийг тодорхой тусгаж, сантай холбоотой нарийвчилсан журмыг Засгийн газрын тогтоолоор батлах тухай эрх шилжүүлсэн зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн хуулийн төслийн 4 дүгээр зүйлд гадаадад зорчих Монгол Улсын иргэн 180-аас дээш хоног зорчиж, тухайн бүс нутагтаа зорчиж байгаа тохиолдолд дипломат төлөөлөгчийн газар болон консулын газартаа бүртгүүлэх үүрэгтэй байдаг байсныг уян хатан болгож цахимаар бүртгүүлэх бололцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Ингэснээр цаашид тухайн иргэн төрийн үйлчилгээг авах эрхийг хангах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )