Македоны Александрын үхлийн шалтгааныг эрдэмтэд тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Македоны Александрын үхлийн шалтгаан нь урьд өмнө таамаглаж байсан шиг хумхаа, гэдэсний хижиг эсвэл хатгаа бус харин нойр булчирхайн архаг үрэвсэл байжээ. Энэ дүгнэлтэд Грекийн Аристотелийн их сургуулийн эрдэмтэд хүрсэн байна.

Аль 1995 онд эхэлсэн судалгааны явцад мэргэжилтнүүд эртний түүхчдийн бичиж үлдээсэн Македоны хааны өвчний шинж тэмдгүүдийг болон сүүлчийн өдрүүдийг нарийвчлан судалжээ.

Судалгааны багийн ахлагч, анагаах ухааны хүндэт профессор, доктор Томас Герасимидисийн хэлснээр, Александрын үхлийн шалтгаан нь нойр булчирхайн архаг үрэвслээс үүдэлтэй цусны халдвар болжээ. Энэ өвчин цөсний уутанцарт үүсэн чулуу болон агуу цэргийн жанжны хурц хоол, согтууруулах ундаанд дуртай байсантай холбоотой бий болсон гэж профессор үзэж байна.

Эртний Грекийн түүхчдийн бүтээлийг задлан шинжилсний үндсэн дээр Александрын үхлийн шалтгаан нь хумхаа, хатгаа, гэдэсний хижиг эсвэл Баруун Нилийн халуурал байсан гэх таамгуудыг эрдэмтэд үгүйсгэжээ.

Македоны Александр нь Аргеад угсааны хаан, агуу их цэргийн жанжин бөгөөд дэлхийн хэмжээний Македоны их гүрнийг үндэслэн байгуулагч юм. Македоны их гүрэн түүнийг нас барсны дараа бутран унасан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top