Леонардо да Винчи таван зууны дараа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Леонардо да Винчи нас барсны 500 жилийн ойд зориулсан, хамгийн үнэтэй гэгдэж буй үзэсгэлэн Парисын Луврын музейд нээгдлээ.

Арван жилийн турш бэлдсэн энэхүү үзэсгэлэнд суут зураачийн нийт 160 гаруй бүтээл тавигдсан бөгөөд зөвхөн энэ үзэсгэлэнд зориулж Их Британийн Хатан хаан Елизавета II, Билл Гейтс, Мелинда Гейтс өөрсдийн цуглуулгад буй да Винчигийн бүтээлүүдийг Луврын музейд хүргүүлжээ.

Гурван сар үргэлжлэх үзэсгэлэнг хагас сая хүн үзнэ гэж тооцоолж байна. Үзэсгэлэнд да Винчигийн тэмдэглэлүүд, түүний бүтээлийн талаар хийсэн судалгааны ажлуудыг мөн дэлгэн үзүүлж байна.

Леонардо да Винчигийн алдарт бүтээлүүдийн нэг болох “Витрувианы хүн” тус үзэсгэлэнд тавигдсан хэдий ч нэг сар л үзэгчдийн хүртээл болох гэнэ. Энэ зургийг Венецийн академийн галерейгаас авчирсан байна. Хэдийгээр Италийн “Italia Nostra” холбоо эл бүтээл тээвэрлэлт, үзэсгэлэнгийн гэрэлтүүлгийн улмаас гэмтэнэ хэмээн болгоомжилж, “Витрувианы хүн”-ийг Италийн хилээр гаргахыг хориглохын төлөө чармайж байсан ч Италийн дээд шүүх Парист үзэсгэлэнд явуулах зөвшөөрөл олгосон байна.

Хатан хаан өөрийн цуглуулгаас да Винчигийн 24 бүтээлийг тус үзэсгэлэнд үзүүлэх зорилгоор илгээжээ. Эдгээр зураг Винзорын шилтгээнд хадгалагдаж байдаг бөгөөд олон нийтэд үзүүлдэггүй.

Леонардо да Винчи 1452 онд Винчи хотноо төрж, Францын хаан Францискийн урилгаар Францад хэдэн жил амьдарч байгаад 1519 он таалал төгсжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu