Алдарт “Мона Лиза” зураг руу шөл цацжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 29

 

Парист жагсагчид Леонардо да Винчигийн алдарт “Мона Лиза” хөрөг рүү шөл цацсан хэрэг гарчээ. Азаар гайхамшигт бүтээлийг сум нэвтэрдэггүй шилээр хамгаалсан байдаг тул гэмтээгүй байна.

Жагсагчид эрүүл хүнс хэрэглэх эрхээ шаардан, хөдөө аж ахуйн салбар нь “өвдөж” байна хэмээн хашхирч байжээ. “Riposte Alimentaire” бүлэг энэхүү үйлдлээ хүнсийг нийгмийн халамжийн нэгдсэн системд оруулахын төлөөх тэмцлийн нэг хэлбэр хэмээн тайлбарлажээ. Тус бүлэг иргэн бүрд сар бүр 150 еврогийн хүнсний талон олгохыг шаардаж байна. Францын нийслэлд фермерүүдийн эсэргүүцлийн жагсаал болж байгаа билээ. Баасан гарагт л гэхэд жагсагчид Парис хүрэх гол замуудыг хаажээ.

XVI зуунд Леонардо да Винчигийн бүтээсэн эл хөрөг дэлхийн хамгийн алдартай урлагийн бүтээлүүдийн нэг юм. Хөрөг зураг Парисын Луврын музейд хадгалагддаг. “Мона Лиза” бүтээл анх 1956 онд Францын Монтобан хотод болсон үзэсгэлэнгийн үеэр халдлагад өртөж байжээ. Үзэгчдийн нэг зургийн доод хэсэг рүү хүхрийн хүчил цацаж байв. Мөн онд Уго Унгаза Виллегас гэгч болив залуу түүн рүү чулуу шидсэн. Түүнээс хойш Мона Лизагийн зүүн гарын тохой хэсэгт үл мэдэгдэхүйц “шарх” бий болжээ. Виллегас өөрийн үйлдлээ тайлбарлахдаа, Мона Лиза-г эх шигээ хайрлаж байсан ч хожим нь тэр түүнийг тохуурхаж байгаа мэт санагдсан гэнэ. Эл хоёр халдлагаас хойш алдарт бүтээлийг сум нэвтэрдэггүй шилээр хамгаалах шийдвэр гаргаж байжээ.

1911 онд Луврын музейн ажилтан Винченцо Перужиа гэгч алдарт зургийг хулгайлж байжээ. Мона Лиза-г хоёр жилийн дараа олж авсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.31.165) 2024 оны 01 сарын 29

laliin erguunuud ter zurag yamar hamaa bnaa erguu orkuud

0  |  0
Top