Леонардо да Винчи алдарт “Мона Лиза” бүтээлээ дуусгаж чадаагүйн шалтгааныг агуу зураачийн тохойн мэдрэлийн судас гэмтсэний улмаас гар нь ажиллагаагүй болж, хатангиршсантай холбон тайлбарлажээ. Эл таамгийг Италийн мэдрэлийн эмч Карло Росси, гоо сайхны мэс засалч Давидэ Лазери нар дэвшүүлсэн байна.
Үүнийгээ тэд хатангиршсан гартай да Винчигийн хөрөг зургуудыг үндэслэн тайлбарлажээ. Түүхчид агуу да Винчи цагаан хоол, сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр иддэг байсны улмаас харвалт өгч, гар нь ажиллагаагүй байсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлдэг. Үүнээс гадна, суут зураач хуруунууд нь бүрэн тэнийдэггүй Дюпюитрений саажилт гэх эмгэгтэй байсан гэж үздэг.
Жованни Амброжо Фигино зураачийн бүтээл гэгддэг насан өндөр болсон да Винчигийн хөрөг зураг дээр зураач гараа нугалж, хувцсаар халхалсан байдалтай зуруулсныг гэмтэлтэй байсан гэх шинэ таамаг дэвшүүлээд байгаа юм.
Үүнээс өмнө Уффици уран зургийн галерейн дэргэдэх Флорентийн сэргээн засварлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд Леонардо да Винчи хоёр гараараа хоёулангаар нь зурах авьяастай байсныг нотлох баримтуудыг дэлгэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )