Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбооны 10 жилийн ой өнөөдөр /2019.10.26/ тохиолоо.
“Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос "Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд" форумыг “Новотел” зочид буудалд зохион байгуулсан бөгөөд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, сэтгүүлч бэлтгэж байгаа их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг сайт, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцлоо.
Форумын үеэр Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор Д.Дагиймаа “Цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн “Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ” асуулт, хариулт, хэлэлцүүлэг хийж, цахим орчинд мэргэжлийн ёс зүйн төлөвшүүлэх талаар сэтгүүлчдэд хандсан уриалга гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )