Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 515 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний долоо нь бага насны хүүхэд байсан ба ноцтой ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн хоёрдугаар багийн нутагт “Nissan Advan” маркийн автомашин, хашаа мөргөж жолооч 23 настай, эрэгтэй Б нас баржээ. Мөн өдрийн 20:00 цагийн орчимд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн замд “Sinotruck” маркийн автомашины жолооч явган зорчигч 29 настай, эмэгтэй С-г мөргөж амь насын хохироосон харамсалтай хэрэг гарсан байна. Мөн Төв аймаг Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг “Бамбарууш” зоогийн газрын зүүн талд асфальтан замд “Toyota prius” маркийн автомашин онхолдож, зорчигч 61 настай, эмэгтэй О нас баржээ.
Иймд, хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
30аас доош насны жолооч нар замын хөдөлгөөнд хэтэрхий соёлгүй оролцох юм.