Чилийн жагсаал: 1600 хүн эмнэлэгт хүргэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Чили улсын 100 гаруй засгийн газрын бус байгууллага засгийн газрын бодлогын эсрэг жагсаал дахин зохион байгууллаа.

Сүүлийн хэдэн долоо хоног тус улсад үргэлжилж буй жагсаал өнгөрсөн долоо хоногт завсарласан ч дахин сэргэв. Энэ үеэр цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн болж цагдаагийн хоёр алба хаагч түлэгдэл авчээ.

Энэ сарын эхээр Чилийн эрх баригчид метрогоор зорчих тасалбарын үнийг нэмсэнтэй холбогдуулан эхэлж байсан эсэргүүцлийн жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдлыг бий болгож, олон хоног хөл хорио тогтоож, онц байдал зарлаж байсан билээ.

Чилийн хүний эрхийн үндэсний хүрээлэнгийн мэдээллээр, үймээн самуун дэгдсэн гурван долоо хоногийн дотор нийт 1659 хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэнээс 849 нь сумны шарх авчээ.

Энэ хугацаанд хууль сахиулагчид нийт 4364 хүний баривчилснаас 670 нь эмэгтэй, 479 хүүхэд байна.

Эрх баригчдын мэдээллээр, мөргөлдөөний үеэр 19 хүн амиа алдсанаас тав нь цагдаагийн алба хаагч гэнэ.

Тус улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Чилийн Ерөнхийлөгч Себастян Пинера дотоод хэргийн сайд зэрэг танхимын үндсэн чиг үүргийн сайд нарыг сольсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top