Чилийн засгийн газар өнгөрсөн долоо хоногоос тус улсад үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлыг зохицуулах үүднээс нийгмийн чанартай хэд хэдэн арга хэмжээг Чилийн Конгресст танилцуулахаар болжээ.
Энэ тухай Чилийн Ерөнхийлөгч Себастян Пинера ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ мэдэгджээ.
Үүнд тэтгэвэр нэмэх, цахилгааны тарифыг бууруулах, эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн тодорхой хэсгийг улсаас даах, эм бэлдмэлийн үнийг бууруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зэрэг арга хэмжээ тусжээ.
Үүний сацуу Чилийн засгийн газар өндөр орлоготой хувь хүмүүст зориулсан орлогын албан татварын хэмжээг нэмэгдүүлэх санал хүргүүлсэн байна. Ингэснээр татвараас төсөвт орох орлогын хэмжээг нэмэгдүүлж, нийгмийн хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой болно гэж Себастян Пинера тайлбарлажээ.
Энэ сарын 14-нд эхэлсэн метрогоор зорчих тасалбарын үнэ нэмснийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болж хувиран, тус улсын бусад хотуудад өрнөж, хүрээгээ тэлсэн. Нөхцөл байдал хурцадсантай холбогдуулж Ерөнхийлөгч Пинера Чилийн нийслэл болон зарим хотуудад онц байдал тогтоож, метроны тасалбарын үнийг нэмэх шийдвэрийг цуцалсан билээ.
Эрх баригчдын мэдээлснээр, үймээний үеэр 15 хүн амиа алджээ.
Сэтгэгдэл ( 0 )