Чилийн эрх баригчид тус улсад олон хоног үргэлжилж буй нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн аялал жуулчлалын хотод онц байдал зарлажээ.
Үүнд жуулчдыг цасан цагаан элс бүхий наран шарлагын газруудаараа татдаг, Номхон далайн эрэг дээрх Вальпараисо муж болон Талка, Чилян, Чилян Вехо, Эутгоүь Падре лас Касас, Пунта Аренас зэрэг хотууд багтжээ.
Орон нутгийн BioBioChile радиогийн мэдээлснээр, онц байдлын дэглэмийг мөн Атакама цөлд оршдог Антофагаст мужид тогтоосон байна.
Метрогоор зорчих тасалбарын үнийг нэмэх шийдвэрийг эсэргүүцэн энэ сарын 6-ны өдөр эхэлсэн тайван жагсаал энэ сарын 18-нд хууль сахиулагчидтай мөргөлдөөн үүссэнээр нийтийн хамарсан үймээн самуун болж хувирсан. Энэ сарын 19-ний өдөр Чилийн нийслэл Сантьяго хотын төв рүү хуягт техникийг татан, хөл хорио тогтоосон. Үймээн самууны улмаас арван хүн амь үрэгдээд байна.
Тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, 1.5 мянган хүнийг баривчлаад байна. Түүнчлэн Чилийн нийслэлд 20 мянга гаруй өрх гэрэл цахилгаангүй болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )