Болив улсад жагсагчид улсын телевизийн байрыг эзэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес дахин сонгогдсоныг эсэргүүцсэн жагсагчид улсын төв “Bolivia TV” телевиз болон “Red Patria Nueva” радиостанцын байрыг эзлэн авлаа гэж Эво Моралес өөрийн твиттерээр дамжуулан мэдээлжээ.

Улсын телевиз, радиог зохион байгуулалттай бүлэгдэл эзлэн авч, сэтгүүлчдийг ажлын байрнаас нь хүчээр хөөн гаргажээ гэж тэрбээр жиргэсэн байна.

Сэтгүүлчид гэмтэж бэртсэн талаар мэдээлэл ирээгүй байна.

Өнгөрсөн сарын 20-нд тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болж, Сонгуулийн дээд шүүхийн мэдээллээр, тус улсын Ерөнхийлөгч Эво Моралес дахин ялалт байгуулжээ. Түүний гол өрсөлдөгч ерөнхийлөгч асан Карлос Меса сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Санал хураалтын дүнг зарласны дараа тус улсад олныг хамарсан жагсаал цуглаан, ажил хаялт гараад байна. Эво Моралес тус улсад онц байдал тогтоож, сөрөг хүчнийг төрийн эргэлт хийхийг санаархаж байна гэж буруутгасан.

Өнгөрсөн баасан гарагт Боливын хэд хэдэн хотод болж буй жагсаал цуглаанд цагдаа нар нэгджээ. Үүсээд буй эмх замбараагүй байдлын улмаас дор хаяж гурван хүн амиа алдаж, 380 гаруй хүн гэмтэж бэртээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top