Оюутолгойн гэрээг хуульд нийцүүлэх тогтоолын төслийг баталлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

УИХ-ын хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар "Тогтоолын төслийг батлах нь зүйтэй" гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм.

Тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-г боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгахаар тусгасан байна.   

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хоёр хууль зөрчигдсөн байдаг. Нэг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг УИХ-тай зөвшилцөөгүй. Дубайн гэрээ бас тийм. 4.7-6 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөөгүй. Гэтэл одоо энэ хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулах гэсэн төлөвлөгөө орж ирж байна. Оюутолгойн асуудлыг би эхнээс нь эсэргүүцсэн. Надад ямар ч хариуцлага ноогдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүний алдааг хэзээ ч уучилж чадахгүй. Монголын баялгийг барьцаалж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгочхоод тэр мөнгөө Монголд зээлчихсэн. Энэ чинь луйвар. Өнөөдөр тэр зээлд төлж байгаа хэмжээ нь манайд төлж байгаа татвараас өндөр. Цэвэр дээрэм. “Рио Тинто” Монголын баялгийг үнэгүй эзэмшиж байгаа. Ч.Сайханбилэг гэдэг нөхөр дураараа загнаад зээл авчихсан. Оюутолгойн гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй. Үүнийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа эндээс авчихсан. Эд нарт одоо алдах юм байхгүй болсон. Ийм зүйлийг “Саарал жагсаалт”-д орно гэж биднийг айлгаад явчихъя гэж байгаа юм байна. Цаг хугацаа шүүнэ шүү. Ч.Сайханбилэгийг, С.Баярыг шүүж байна. Энэ асуудлыг буруугаар шийдвэл дараа дараагийн олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Ирэх сонгуулиа бодох ёстой. Ард иргэд чих тавин чагнаж байна. Тиймээс “Хар жагсаалт”-д орно гэж байгаад нөхцөл байдлыг хүндрүүлчих вий гэсэн болгоомжлол байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Үүнд байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Оюутолгойн ордын ашиглалттай холбоотой УИХ-ын даргын захирамжаар Д.Тэрбишдагваар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс 86 дүгнэлтийг танилцуулсан. Эдгээр дүгнэлтийн хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг 2019 оны зургаадугаар сарын 3-нд надаар ахлуулан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Бид 86 дүгнэлтийн хүрээнд есөн янзаар тогтоолын төсөл боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Бид Засгийн газрын саналыг авсан. Дубайн гэрээ Монгол Улсын олон хуулийг зөрчсөн нь үнэн. Үүнийг өмнөөлсөн зүйл байхгүй. Тогтоолын төсөлд 2009, 2011 оны гэрээнүүдийг сайжруулж, хууль тогтоомжид нийцүүл, хараат бус зөвлөхийн үйлчилгээ авч ажилла гэдэг зүйлийг оруулсан. Гэрээ 10 жил үргэлжилж байгаа. Тиймээс сайжруулах чиглэл рүү явах болов уу гэж үзсэн. Дубайн гэрээг хүчингүй болгохыг бид үгүйсгээгүй. Ордын 34 хувь Монгол Улсад ашиггүй байна. Үүнийг нөөц ашигласны төлбөрөөр солих, Монгол Улсад ашигтай байдлаар солих, ТЭЗҮ-г шинэчлэх, дагалдах элементийн ТЭЗҮ-г баталгаажуулах зэрэг санаанууд энэ тогтоолд явж байгаа. Тиймээс Засгийн газар Оюутолгойтой ширээний ард сууж гэрээг сайжруулах чиглэлээр ажиллах учиртай” хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Оюутолгойн гэрээнд алдаатай зүйлүүд бий. “Рио Тинто” нэг тал, нөгөө талдаа Монгол Улс байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө сул талыг бага ярьж, алдаа мадгийг яаж сайжруулах талаар ярих ёстой гэж бодож байна. Намайг ажлын хэсгийн гишүүн болсноос хойш “Рио Тинто”-гоос уулзъя гэж олон удаа хүссэн. Би нэг ч уулзаагүй. Монгол Улс нэг цонхоор ярихгүй бол салаа бүрээр янз бүрийн хүмүүс уулзуулж, мэдээлэл аваад эргээд нэг бодлогоор ажиллаад байна. Оюутолгойн ТУЗ-д Монголын талаас байгаа гурван хүн муу ажиллаж байна. Энэ хүмүүс Монголын 34 хувь, ашиг орлогыг яаж хамгаалах вэ гэж ажиллах ёстой байтал идэвхтэй байж чадахгүй байна. Бид мянган тонн алтаа ямар хэлбэрээр ашиглах талаар ямар нэгэн хэлбэрээр ярьсан зүйл бий юу? Алт нь гараад байгаа юм уу, зэс нь гараад байгаа юм уу, мэдэхгүй. Бид хувь хүртэх биш сүүлдээ өрөнд орж байна. Үүнийг эсэргүүцэж ажилласан уу. Шүүх дээр бас юу болоод өнгөрсөн бэ? Засгийн газрыг төлөөлж хуралдаанд оролцсон хүн тайлбар өгнө үү?” хэмээн асуулаа.

Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс “Рио Тинто”-той нэг цонхоор харьцах учиртай гэдэгтэй санал нэг байна. Үүнд УИХ-ын гишүүд анхаарч, уулзъя гэсэн санал болгоныг хүлээж аваад, дээр дооргүй утасддагаа болих хэрэгтэй. Өнөөдөр УИХ-аар шийдвэр гаргаж, Засгийн газар ажлаа хийх боломжийг олгох ёстой. Бүтэн зургаан сарын туршид хэлцэл хийх боломжгүй явж ирлээ. Засгийн газрын харьяа агентлагийнхан нэг цонхны бодлогыг анхаарахыг сануулж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 99 дүгээр тоот Ерөнхий сайдын захирамжаар Бямбасайхан, Д.Ганболд нарт далд уурхайн төлөвлөлтөд гарын үсэг зурах эрхийг өгсөн. Засгийн газрын шийдвэр нь захирамжийн хэлбэртэй байж болдог. Гэхдээ ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал нь Засгийн газрын тогтоол болж албажих ёстой. Бүх яамдаас санал авах ёстой. Энэ процедурыг алгассан учраас захиргааны шүүх дээр асуудал явж байгаа. Шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авсныхаа дараа цаашид хэрхэхээ шийднэ. Ер нь төр засагт ажиллаж байгаа хүмүүс цаашид асуудал үүсгэх зүйл хийхгүй ажиллах хэрэгтэй” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
зочин(66.181.184.35) 2019 оны 11 сарын 21

уурхайн ннөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

0  |  0
Top