Хүчирхийллийн эсрэг “ОйлГОЁ ХҮНдэлье” аян болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилгын дор тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор зохион байгуулах гэж байгаа аж. Энэ жилийн аян нь аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байгаа ба УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендерийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Жендерт суурилсан хүчирхийлэл нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд хөвгүүд, эрчүүд аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийг таслан зогсооход идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээсэн бол УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь “Хүчирхийллийн олон хэлбэр байдгаас ажлын байрны бэлгийн дарамт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа. Судалгаагаар 5 хүн тутмын нэг нь ажлын байрандаа ямар нэгэн байдлаар энэ төрлийн дарамтад өртсөн байдаг бол 3 хүн тутмын нэг нь хохирогч болсон хэн нэгнийг мэддэг гэж хариулжээ. Энэ төрлийн хүчирхийллийн хохирогчдын 95 хувь залуу охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд хохирогчдын 57.6 хувь нь төрийн албанд ажилладаг гэсэн дүн ч гарчээ. Иймээс УИХ-аас Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад холбогдох зохицуулалтыг хийхээр ажиллаж байгаа” гэлээ.

Манай улс Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг 2011 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд тус тус баталсан. Жендерт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд үүнд өртөж, хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг аяныг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна. 2019 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад 28599 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 884 гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18 гэмт хэргээр өссөн үзүүлэлт аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top