Шинэ жилийн чимэглэлээ ингэж сонгоорой

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

~Органик, энгийн, даруу~

Хүсэл мөрөөдөл, ид шид бүхэн амилах цагийг бид Шинэ жилийн баяртай зүйрлэдэг. Шинэ бүхэн айлчлан ирж, өнгөрсөн бүхэн дурсамж болон үлддэг энэ мөчийг гэрлэн чимэглэл, гацуур мод, цаа буга, цасан ширхэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ид шидийн арванхоёрдугаар сартай уралдан өөрийн амьдарч буй газартаа шинэ жилийн уур амьсгал хэрхэн бий болгож болох тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Энэ жилийн хувьд гэртээ баярын уур амьсгал оруулах олон шинэлэг санааг дизайнерууд болон зураач нар санал болгож байна. Сүүлийн жилүүдэд байгальд ээлтэй минималист байхыг чухалчлах болсон тэд өмнөх жилүүдээс харьцангуй энгийн бөгөөд дэгжин байх сонголт дээр санал нэгджээ.

Та гэртээ дарсны хүрэн, ойн ногоон, саарал, хар хөх, бор зэрэг өнгийн материал бүхий эдлэл сонгож, дулаан уур амьсгал бүрдүүлээрэй. Мөн металл өнгө давамгайлж буй учир гацуураа дан металл эдлэлээр чимэглэсэн ч буруудах зүйлгүй. Энэ төрлөөр дагнахыг хүсвэл гэрлэн чимэглэл өлгөхгүй байсан ч болно.

Өмнө нь аль болох гялалзаж, гялтганасан чимэглэл олны харааг булаадаг байсан бол энэ жилийн хувьд даруу байх тусмаа дэгжин харагдах гэнэ. Мөн зэсэн хүрэн, улбар шар зэрэг өнгө таны гэрт дулаан элч авчрах болно.

Шинэ жилийн шөнө баярын ширээгээ цагаан болон мөнгөлөг өнгөөр чимэх гэж байгаа бол түр азнаарай. Энэ жилийн хувьд илүү бараан өнгө сонгохыг танд санал болгож байна. Хар хөх, гүн ногоон, нил ягаан зэрэг өнгө нь таны баярын ширээг тухтай бөгөөд эрч хүчтэй харагдуулна.

Нэг чухал зүйлийг мартаж болохгүй. Энэ бол лаа. Цагаан өнгийн лааг та хаана ч асааж болно. Энэ нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, ид шидийн гэмээр өнгө төрх бүрдүүлэх болно. Шир болон хана, тавиур зэргээ гацуур модны мөчир, боргоцой зэргийг санагдуулам чимэглэлээр гоёорой. Эдгээрийг та өөрийн гараар хийсэн ч болно. Органик байх тусмаа сайн.

Хэрэв та уламжлалт хэв маягаар гэрээ чимэглэхээр шийдсэн бол санаа зоволтгүй. Загвар зохиогчид гэртээ хадгалаастай байсан хуучны чимэглэлүүдээ гар урлалтай хослуулан дахин амилуулахыг танд санал болгож байна. Эртний гэмээр хийцтэй шилэн тоглоомуудаа санаа зоволтгүй өлгөөрэй. Энэ нь таны гацуурт ид шид нэмж, амьд мэдрэмж төрүүлэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top