Эво Моралес ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 24

Боливын Депутатуудын танхимын баталсан бүх нийтийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн албан тушаалыг өмнө нь хоёр удаа дараалан хашиж байсан хүн өрсөлдөхийг хоригложээ. Ингэснээр, Боливын ерөнхийлөгч асан Эво Моралес ирэх сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байна.

Түүнчлэн шинэчилсэн хуульд Боливын Сонгуулийн дээд шүүхийн удирдлагыг сонгосноос хойш 120 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар заажээ.

Ингэснээр Боливын ерөнхийлөгчийн сонгуулийг 140 хоногийн дотор явуулахаар болж байна. Сонгуулийн дээд шүүхийн удирдлагын сонгуульд 20 хоногийг нэмж тусгажээ.

Үүнээс гадна, шинэчилсэн хууль 2019 оны аравдугаар сарын 20-ны өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус гэж үзжээ. Энэ сонгуульд Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралес маш бага саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан хэдий ч түүний өрсөлдөгч Карлос Меса тэргүүтэй сөрөг хүчин сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Моралес санал хураалт дахин явуулах тухай зарлаж байсан ч хожим нь цэргийнхний шахалтаар албан тушаалаа өгч, эх орноо орхин гарсан. Түүний араас дээд түвшний албан тушаалтнууд бүгд ажлаа өгч, төрийн эрх Сенатын дэд дарга Жанин Аньест очсон билээ.

Сонгуулиас үүдэлтэй олныг хамарсан жагсаал цуглаан тус улсад үргэлжилсээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top