Өнгөрсөн лхагва гарагт Тоттенхэм клубийн жолоог атгахаар болсон Жозе Моуриньо эхний тоглолтдоо ялалт байгууллаа.
Английн премьер лигийн 13 дахь тойрогт Лондон хотын өөр нэг баг болох Уест Хэм Юнайтед клубтэй учраа таарсан тоглолтод 3-2 онооны харьцаагаар талбайд нь ялалт байгуулсан юм.
Тоглолтын эхний гоолыг эхний үеийн сүүлийн минутад буюу 36 дахь минутад Сон Хён Мин оруулсан. Түүнд гоолын дамжуулалтыг Делэ Алли өгчээ. Харин эхний үе дуусахаас хоёр минутын өмнө 43 дахь минутад Лукас Моура оруулсан юм. Дамжуулалтыг эхний гоолын эзэн Сон Хён Мин өгсөн. Тоглолтын эхний үед өгөө аваатай, харилцан довтолгоотой байсан ч эхний үед талбайн эзэд хоёр гоол алдсан юм.
Харин хоёрдугаар үе эхлээд дөнгөж удаагүй байхад 49 дэх минутад Серж Орьерын дамжуулалтыг Харри Кейн чулуу болгосноор багийнхаа хожлыг улам баталгаажуулсан билээ. Ийнхүү тэрбээр улирал эхэлснээс хойш долоон гоол оруулаад байна.
Хоёрдугаар үеийн төгсгөлийн мөчид багийн эздийн довтолгоо улам ширүүсэж улмаар 73 дахь минутад Майкл Антонио, 90 +6 дахь минутад Огбонна оруулсан ч багаа ялалтад хөтөлж чадсангүй.
“Моуриньо бол ялахын төлөө л төрсөн хүн. Биднийг хурцалж, багийн тоглолтыг улам чанаржуулан олон цом өргөнө гэдэгт итгэж байна. Өнөөдөр манай баг хожих ёстой баг нь байсан” гэж Харри Кейн тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа дурджээ.
Одоогоор Тоттенхэм Хотспур клуб Английн премьер лигт 13 тойргийн дараах байдлаар арав дугаар байрт 17 оноогоор бичигдэж байгаа юм. Дараагийн тойрогт тэд Борнмут клубтэй учраа тааран тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )