Монголын утга зохиолд өөрийн нэгэн тод өнгийг бий болгон орж ирсэн эрхмүүдийн нэг нь Норовын Гантулга найрагч. Улсын “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцохоор ягаан дээлтэй өндөр бор хүү Улаанбаатарт хөл тавьж байсан бол өнөөдөр өөрийн яруу найргийн өнгө, амьсгалыг бий болгож уншигчдын хайртай найрагчдын нэг болсон билээ. “Өдрийн сонин”-ы албаны дарга, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулгатай ярилцсанаа хүргэе.
-Жил жилийн “Болор цом” олны хүлээлт дунд байдаг. Ялангуяа яруу найрагчид дэгэлзэж байгаа харагддаг. Тэр жил драмын театрт цом болоход та түрүүлж байсан. Тэр үеийг санаж байна. Уяа нь орсон морь гэдэг шиг нэг л тогтохгүй гэгэлзсээр байгаад түрүүлж билээ. Болор цомын талаарх өөрийн бодлоо хуваалцахгүй юу. Хүмүүс янз бүрээр л ярьж байгаа харагдах юм?
-Би чинь “Болор цом”-д 2003 онд оюутан хүү анх шүлгээ уншсан юм. Урианхай ахын түрүүлдэг цом. Сүүлийн таван найрагч үлдэхэд Урианхай, Жамсрангийн Баяржаргал, Бавуудорж, Эрдэнэ-Очир, Лхамноржмаа нар үлдсэн. Үндсэндээ “Болор цом”-ын таван эзэн үлдсэн. Урианхай “Шөнийн онгоц”, Бавуу “Дорно”, Эрдэнэ-Очир “Маргаашийн хорвоо” шүлгээ уншиж билээ. Тэр жилийн цомд Эрдэнэ-Очир ах алдарт “Голын тохой дээр” шүлгээ уншиж хайрын романс эгшиглүүлсэн юм. Лхамноржмаа сүүлийн шатанд “Магнайд минь гурван зураас тодорсон нь магад чиний явсан мөр байна” гэж ёгхийтэл хэлснийг санаж байна.
Баяржаргал “Тэгэхэд би залуухан байж тэнгэрийн дор идэрхэн явжээ” гэж бадрангуй уншиж байсан сан. Ийм л аваргуудын дунд би гэдэг хүн анх шүлгээ уншсан. Хүмүүс “Голын цаана”-аа уншина биз дээ гэж асууж байв. Би олноос зөрсөн ч юм уу, яасан юм, бүү мэд
“...Улаан хадныхаа орой дээр “улаан” болтол суугаагүй бол
Ургах нарны тунгалаг туяаг ижийнхээ амьсгал гэж яаж мэдэхэв
Лавай цагаан орчлон зүрхэнд минь нуугдаж
Лааны богинохон гэрэлд ертөнцийн хөмсөг тодордгийг яаж мэдэхэв...” гэх өнөө л “Улаан хад”-аа уншаад унаж байлаа. 2007 онд сүүлээр байна уу даа, Эрдэнэтэд “Болор цом” болж Лхамноржмаа найрагч түрүүлэхэд миний бие айргийн тавд давхисан. “Ганцаардлын хорвоо”, “Тархин доторхи орон зай хагарна”, “Бүсгүй хүнээс ангид хийгээд харанхуйг хүсэмжлэх гурван хором” шүлгүүд уншсан санагдана. “Азийн чоно”-оор олон хүн хордож амиа алдаад тэр жилийн цом архигүй болсон нь санаанаас гардаггүй юм. Улс даяар архийг хорьчихсон байдаг, галт тэрэг дүүрэн зохиолчид Эрдэнэт хотыг зорьж байдаг, мөн ч гоё юм болсон доо (инээв). Дараа нь цом Дарханд болоход гуравт орсон юм. Бөхөөр бол заан цол хүртлээ гэж сонинд ярилцлага өгч байсан маань тийм учиртай. Тэр жилийн цомын дараа “Бор цонжийн говийн хүн чулуу” шүлэг минь их яригдсан.
“...Ганцаардлын дээд хэмнэлээр туурвисан гэрэл гэгээний нандин судрыг чинь дэлгэн уншмаар байна
Газар дээр өнө мөнхөд оршиж чадах юунд ч ялагдашгүй эр зоригийг чинь бахдан дуулмаар байна
Мянган жил өөрийг чинь хулдсан нарны энергийг
Мянган жил өөрийг чинь зүлгэсэн салхины эрчим хүчийг надад одоо л хайрла, хүн чулуу минь
Морины уруулаас орон зай тасран ертөнцийн бүх уулс шувуу шиг нисэж
Монголын их хээр тал үлгэр домгийн удиртгал болон номын хуудас адил сэрчигнэх тэр цагт
Бор цонжийн говийн хүн чулуу чи төгс гэгээрсэн будда болно
Бодол оюунаа чамд шингээсэн хөх тэнгэр төгөлдөр ариун ертөнц болно” гээд уншиж билээ. Уянсүх ах хоёрт, Эрдэнэ-Очир ах дөрөвт ороод бид гурвын зэрэгцээд зогсож байгаа зураг бий сэн. 2013 онд 30 жилийнх нь ойгоор 30 насандаа түрүүлсэн. “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээ сүүлийн даваанд уншсан. Дотны ах нар “Түрүүлсэнд баярлаж байна. Харин шүлгийг чинь ойлгоогүй” гэж хэлж байсан. Миний хувьд 2003 онд “Голын цаана” гэж шүлэг бичсэн. Тэрхүү шүлэгтээ “Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж
Түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэхэд голын цаана байна” гэж бичсэн. Ингэж би яруу найргийнхаа зам мөрийг тодорхойлсон. Утга зохиолын сургуулийг төгсөхдөө өөрийнхөө уран бүтээлээр дипломаа хамгаалсан юм. Удирдагч багш маань хэл шинжлэлийн доктор, утга зохиолын нэрт судлаач Чойжилжавын Билигсайхан байв. Билгээ багш дипломын өмнөтгөлд “Голын цааана” шүлэг дээр минь тулгуурлаж миний хэдэн шүлэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Одоо хэр нь би хадгалж явдаг. Ингээд дараа жил нь буюу 2004 онд “Цаг тутамд өөрөөсөө нүүж амьдарна” гэсэн шүлэг бичиж байсан. Яруу найрагчийн хувьд цаг тутам бүрт шинэ байхыг эрмэлзэж, дотоод ертөнцдөө үргэлж сэрэл мэдрэмжийн сонин содон өнгө гэрлийг эрэлхийлж байсан хэрэг. “Зүрх сэтгэл минь хэтэрхий ганцаардах тусам он жил улам гоё урсана” гэх утга бүхий шүлгүүд минь тийм л мэдрэмж сэрэхүйгээс төрсөн байх. Өөрийгөө аглаг буйд ганцаардалд аваачиж тэнд нэгэн ертөнцийг үүсгэн зам мөрөө олох гэж зовж тарчилдаг байсан. 2005 онд “Тархин доторхи орон зай хагарна” гэх шүлэг бичсэн. Олон ч хүнд зэмлүүлж сайн муу үг дуулж явсан. Цоодол багш хүртэл “Одоо би чиний шүлгийг ойлгохоо ч больсон” гэх үг цухуйлгадаг л байлаа. Гэвч би өөрийнхөө зам мөрөөр зүтгэсэн. Нэг их алдаагүй байх аа, гэхдээ өөрийгөө олсон эсэхэд одоо хэр нь би эргэлздэг. Цаашид ч эргэлзсээр байж магадгүй.
“Өвөрт унтсан бүсгүйнхээ зүүдийг шөнөөр дагуулан гарч
Өндөр тэнгэрийн цагаан бороонд норгохыг хүснэ” гэх “Тархин доторхи орон зай хагарна” шүлгийн хоёр мөр бадагт Эрдэнэ-Очир ах минь дуртай сан. “Яруу найраг ийм л байхгүй юу” гэж тухайн үед хэлдэг байж билээ. Одоо бол залуучуудын шүлэг айхтар нарийн, бусдаас өөр байхыг эрмэлздэг тийм эрмэлзлтэй болжээ. Харин 2005 оны үед “Тархин доторхи орон зай хагарах” шугамаар бичихэд арай өөр сонсогддог байсан байж мэдэх юм.
-Таны шүлгүүдийн талаар эрдэмтэн докторуудын бичсэн нэлээд олон шүүмжийг мэдэх юм. Г.Батсуурь “Голын цаана байх нь Норовын Гантулга” гэж бичиж байсан?
-2006 онд Чойномын “Алтан Оюухай” наадмын алтан цомыг хүртлээ. Алдарт Урианхай, Бавуугийн Лхагвасүрэн гуай нартай сүүлийн тавд үлдээд миний бие түрүүлдэг юм. Чимиддорж үс гэзгээ сэгсэгнүүлэн баяр хүргээд “Одоо цомын шүлгээ бич, төгөлдөр” гээд л. Тэр наадмын дараахан Лувсандамбын Дашням гуай “Яруу найраг хийгээд буруу найргийн тухай өгүүлэх ину” гэсэн бүтэн нүүр шүүмж сонинд хэвлүүлсэн байдаг. Тухайн өгүүлэлд Урианхайн “Инээд шиг хуучин хүний амьдралд”, өчүүхэн миний “Тархин доторхи орон зай хагарна” гэх хоёр шүлгийн тухай голлож бичсэн байдаг. Сонирхуулахад Урианхай ах “Инээд шиг хуучин хүний амьдралд” шүлгээрээ Азийн нэг шүлгийн номонд багтсан түүх бас бий. Ингээд 2009 онд би “Сэтгэлгээний шилэн хананд” гэсэн шүлэг бичсэн, тэгээд дараа нь “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээ бичсэн, ийм л учиртай. Гэхдээ жилд нэг нэг шүлэг бичээд байгаа юм биш л дээ. Жишээ болгож нэг нэг шүлгээ нэрлэж байгаа юм. Миний шүлгүүд ийм л замаар явж ирснийг хэлж байгаа царай минь энэ. “Голын цаана”-аас хойших шүлгүүдийг уншиж мэдрээгүй хүмүүс гэнэт “Уулсын сэтгэлгээний тэлэлт”-тэй тулахад бас амаргүй байсан байх гэж боддог. О.Элбэгтөгс гэж авьяаслаг дүү “Уулсын сэтгэлгээний тэлэлтээсээ ухарч битгий няцаарай ахаа” гэж нэгэнтээ хэлсэнд нь би их урамшсан. “Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэдэг яруу найрагчийн зүрхний урагдалт ч юм шиг санагддаг. Хүмүүс яаж хүлээж авах нь надад хамаагүй л дээ. Гол нь тэр бүтээлд үнэн орших ёстой гэж хатуу бодно. Миний анхны ном “Дотоод орон зайн” урсгал” нэртэйгээр 2008 оны эхээр хэвлэгдсэн. Анхны номондоо хүн хайртай байдаг гэдэг. “Ямар ч муу санаа суугаагүй, ил далд зүйлгүй гэнэн залуу насны бүтээл л үнэтэй байдаг” гэж нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нэгэнтээ хэлж байсан. Үнэн байх. Анхны номноос хойш яруу найргийн ном гаргалгүй хэсэг завсарласан. Бараг арваад жил болсон. Гэхдээ шүлгээ бол бичээд л байгаа. Харин манайхны дунд шүлгээ хэдийнэ орхисон, зүгээр л нэг сэтгүүлч гэх хандлага байгаа нь мэдрэгдэж шарыг минь гозойлгодог байв. Зарим нэг маань “Их эрт цээжинд гарсан морь суудаг жамтай” ч гэнэ, зарим нь бүр “шатахуун нь дууссан” ч гэнэ, юм юм л сонсч байв. Ингээд уншигч түмэндээ амьд байгаагаа мэдрүүлэх гэж “Сэтгэлгээний шилэн хананд”, “Голын цаана” нэртэй яруу найргийн хоёр номоо зэрэг гаргасан. “Сэтгэлгээний шилэн хананд” номондоо дан шинэ шүлгүүдээ оруулсан. Уг бүтээлд минь Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртээсэн. Яруу найраг яаж бичигдэх нь хамаагүй, гагцхүү үнэн байх ёстой гэж молхи би чанд боддог. Зарим үед шүлгүүд минь хуурамч хүний үг шиг худлаа мэт санагдаж дургүйг минь хүргэдэг. Ер нь бол шүлгээ бичиж байх тэр агшин хамгийн тансаг. Найрагч нөхөд минь энэхүү жаргалыг бүгд мэднэ дээ. Сансрын жингүйдэлд өөрийгөө аваачиж солирын цохилтонд алгадуулан, оддын шуурганд хийсэх шиг болдог. Зүрх тэр чигээрээ урагдаад, тархины минь ханыг соронзон шуурга балбаад байх шиг тийм ер бус болох нь бий. Хачин сайхан ертөнцөд зочилж огторгуйн хөхөлбий туяанд уусах шиг болдог. Гэв чиг тэр цаг хугацаа, орон зайнаасаа холдоод шинэ бичсэн шүлгээ маргааш нь уншихад зүгээр л хэлбэр төдий санагдах нь аймшигтай (инээв). Гэхдээ зарим нь унших бүрийд зүрх тэлээд хаячих нь бас таатай. Батсуурь докторын бичсэн, сүүлд өөрийнх нь судалгааны бүтээлд ч хэвлэгдсэн тэр шүүмж миний шүлгүүдийг олонд хүргэхэд маш дөхөм болсон. “Дотоод орон зайн урсгал” номыг Галбаатар багшаас олж аваад тэр өгүүллийг бичсэн юм билээ. Тэр үед бид хоёр нэгнээ таньдаггүй байлаа. Сүүлд харин дотно нөхөрлөсөн. Би шүүмжийн бүтээл бүрийг нь алгасалгүй харахыг хичээдэг. “Би яруу найрагчидтай найз болохыг хүсдэггүй, найзлаад ирвэл тэр хүнийхээ бүтээлийг шүүмжилж чадахаа болино” гэх бодолд нь хүндэтгэлтэй ханддаг. Олон ч хүнийг ташуурдах шиг болсон. “Болор цом”-ын тухай би юу хэлэхэв. Яруу найргийн агаар амьсгалтай, амь халуун чанартай хүмүүс нь аваасай гэж боддог. Өнгөрсөн жил Чойрт Баттулга ах түрүүлэхэд ард түмэн бүгд баярласан. Өвөрхангайд болсон Дэндэвийн Пүрэвдорж гуайн, Говь-Алтайд болсон Лодойдамба гуайн нэрэмжит цомыг миний бие нээж байсан минь хувь заяа гэж санадаг. Гэхдээ ах нь дүүдээ нэг юм хэлчих үү.
-Тэг л дээ, юу юм?
-Ах нь ингээд ярихаар өөрийгөө магтаж дөвийлгөх гээд ч байгаа юм шиг. Эсвэл нэг их мэддэг, чаддаг хүн шиг том том ярих гээд, цэцэрхэх гээд ч байгаа юм шиг сонин санагдаад байна. Сүүлийн үед би телевиз, сониноор нэг ч удаа гарахыг хүсэхээ больсон. Молхи би юугаа ч ярих билээ. Дээрээс нь би маш их шаналгаатай, маш их ганцаардаж, хэцүү байна. Би гээд байх юмгүй манайхан бүгд л тийм байгаа байх. Эрдэнэ-Очир ахаасаа, Хөөдөөгийн Эрдэнэбаатар ахаасаа хойш өнчин ишиг болчихлоо. Ялангуяа Эрдэнэ-Очир ахыг өнгөрсний дараа сэтгэл нэг л хоосон болсон. Шүлэг зохиол бичээд ч яах юм, түүнийг хэн мэдэрч унших юм гэх өчүүхэн тэнэг бодол хүртэл тархи толгойг эзэмддэг байлаа. Үхсэний араас үхэхгүй хорвоо, хань ижил үр хүүхэд минь, хамт олон найз нөхөд минь байхад хүн хүнээр бас дутдаг юм билээ. Ойн дунд түлээгүйдэж, олныхоо дунд ганцаардана гэгчээр болдог юм билээ. Нэгэнт ам нээсэн дээр хоёр ахынхаа тухай хэлье. Эрдэнэ-Очир ахтай одоогоос бараг 18 жилийн өмнө буюу 2002 оны хавар ойртож танилцсан. Эрдэнэбатын Анхбаяр гэж Дорноговийн Алтанширээгийн найрагч анд минь намайг ахтай уулзуулсан. Сүхбаатарын Батмөнх гуайн нэрэмжит “Их Монгол” сургууль дээр. Ээгий ах “Гучин нас” гэдэг шүлгээ уншаад, “Хүн чинь 30 хүрч байж яруу найргийг өөрөөр мэдэрдэг юм байна. “Миний цуглуулсан хорвоо”, “Хүн нүүдэл”, “Шар айрагны мухлагт” гээд 30 хүрээд бичсэн шүлгүүд маань арай өөр санагдах боллоо” гэж ярьж байсан. 2004 оны намар Шандаас яриад “Миний дүү галт тэргэнд суучих, ах нь тосоод авъя. Би дүүдээ хутагтын нутаг үзүүлмээр байна, чи хангай газрын хүүхэд, намрын говийг нэг үзээч” гэв. Бөөн баяр галт тэргэнд сууна биз дээ. Шөнийн нэг цаг өнгөрч байхад галт тэрэг Сайншандад очиход ах минь намрын туналзсан салхинд гэзэг үсээ намируулаад хүлээж зогссон сон. Бид хоёр супер жаран ес хөлөглөж аваад Хамрын хийд орлоо, одоогийнх шиг энэ олон суварга нь босоогүй байсан үе. Хар уулан дээр гарлаа. Ахынхаа ээжийнд очлоо, тэндээс Улаанбадрахыг зорьж арав гаруй хоног нутгаар нь явсан. Эрдэнийн гоёмсог чулуудтай Алаг цав гэж буугаад дуу алдсанаа, намрын говьд ингэ гунганахыг сонсоод сэтгэл ганихарснаа, Ингэн ус билүү дээ, тийм газар анх тэмээ унаж үзсэнээ, олон олон нууруудыг нь харж говьд ийм нуур байдгаа гэж гэзэрт гайхаширснаа яахин мартана. Тийн явж ирээд “Тусгаар тогтнол” яруу найргийн их наадамд миний бие түрүүлж, Бадарч ах аман хүзүүдэж, Эрдэнэ-Очир ах гуравт ордог юм. Наадмын орой Ганзул, Эрдэнэбаатар, Нямлхагва гээд үеийн сайхан найрагчидтай Дулмаа багшийнд очоод дуу шуу болж байхад ахаас “Миний дүүгийн сэтгэлийн агаарыг хутагтын нутаг таньсан байна” гэх мессеж ирэхэд нь баярлаж суусан.
-Эрдэнэ-Очир ах та хэд хөдөө гадаа мөн ч их явж аяны дөрөө нийлсэн дээ?
-2008 онд Уринхай ах, Эрдэнэ-Очир ах, Батцэнгэл ах бид эх орныхоо баруун хилээр явж Байтаг Богд, Гурван хүүхдийн засвавт шүлгээ уншиж, Ховдын Булганы Ярантын боомтоор цаашаа Уйгар Шинжааны нутгаар явж байлаа. Ахтайгаа туулсан аян замыг хэлж яаж барахав. Ахас дээдсээ хүндэтгэх, утга зохиолд амь халуун, нуруутай сайхан явахыг би ахаасаа авсан. Яруу найргийн мэдрэмж, энгийн хэрнээ ер бусын үгийн шигтгээг ах минь Монголын ард түмэнд өгсөн. “Миний цуглуулсан хорвоо” номоо дөнгөж хэвлэлтээс авчихаад “Яруу найраг бол шаналал тайтгарал, ариусал гэгээрэл юм” гэж бичиж өгч байсан сан. Тэр жил Цоодол багш, Эрдэнэ-Очир ах хоёрыг би нутагтаа аваачсан. Хишиг-Өндөрийн соёлын төвд “Хэлхээ гурван сувд” гэж Норовдорж гуайн найруулсан жүжиг тоглогддог юм. Гаадамба гуай, Зундуйн Дорж хоёр аваргатай өчүүхэн намайг холбосон, үндсэндээ бид гурвын дүрийг харуулсан жүжиг. Түүнийг үзээд Эрдэнэ-Очир ах “Чойбалсан амьддаа хөшөөнийхөө нээлтэд оролцсон юм гэсэн. Чи жүжгийнхээ нээлтэд оролцлоо” гэж намайг баахан явуулаад. Миний ичиж байгаа гэж жигтэйхэн. Ийм л сайхан ахыгаа алдсан. Хамгийн харамсалтай нь хамт явж байгаад алдсан. Хайртай ахыгаа би өөрөө алчихаад ирсэн юм шиг зүрх зүсэгдэж, харамсал дүүрэн ямар хэцүү өдрүүд үргэлжилсэн гэж санана. Монголын ийм тэнгэрлиг найрагч орчлон дээр байхгүй болсон харамсалт мэдээг Архангайн төвөөс Зохиолчдын хорооны гүйцэтэх захирал Саруулдалайд дуулгахад ямар байсан гэж санана. Тэр өдөр Саруул ахын төрсөн өдөр байж билээ. “Хүний утсаар Гантулга байнаа гээд залгахад шууд урдаас “та хэд сайн явна уу, хэний чинь ч утас холбогдохгүй, бид хэд зохиолчдын хороон дээр, ахынх нь төрсөн өдөр...” гээд яриад, би хий дэмий л нулимсаа залгиад. Ингээд яваад өгөхийг нь мэдсэн бол Идэр сумын эмнэлэгт байхад өглөө ороод гарахгүй яав дээ гэж харамсан харамсан боддог юм. Араас онгоцоор ирнэ гээд бидний хэн маань ч ахыг байхгүй болчихно чинээ санаагүй. Тэр жил Эрээнцав яваад буцахдаа бас л бөөлжис нь тогтохгүй бие нь тавгүйрхэж хамт явсан хүмүүс Хэнтийн Батноровын эмнэлэгт хүргээд ирлээ гэж байсан. Хөөдөөгийн Эрдэнэбаатар ах минь “Анчин Хөөдөө, адуучин Норов салхин талдаа” гэж омог бардам хэлдэг эрэмгий найрагч байлаа. “Монголын утга зохиолд цангинасан бүрээ шиг хоолойтой нэг хүү ороод иржээ” гэж Урианхайн хөх уулсаасаа Улаанбаатарт ирэхдээ 2003 оны хавар намайг “Өргөө” зочид буудлын 203 тоотод дуудуулсан байж билээ. Яваад очтол “ахдаа хүрээд ир, золгоё” гэж хэлээд шуудхан Уянсүхдээ зориулсан “Нэргүй өндөрлөг шиг чиний тухай бодоход
Нэг л хаврын цэцэгс үнэртэнэ
Хархираагийн уулс нүдэнд үзэгдэж
Хангилцагийн гол шүдэнд мэдрэгдэнэ
Орчлонгийн хэлбэр мэт барьцгүй шүлгүүд чинь
Олон зуунуудын харц нь болно...” гэж уншаад л, зүрх оволзуулаад хаячихсан. Ахыгаа өнгөрсний дараа Галсан гуай, Хулан найрагч, Саруул ах бидэн Баян-Өлгийгөөс буцаж явахдаа Ховдын их уулсын тэргүүн дээр онгоцонд Хөөдөө ахын шүлгүүдийг уншиж сэтгэлийн гунигаа бага ч болов тайлж байлаа. Дэлхийн яруу найргийн өдөр байж билээ, бас ерөөлтэй юм шүү. Орчлон дээр хүн омог төгөлдөр төрж болно. Гэхдээ баруун сарны гэрэлт шүлэг Хөөдөөгийн Эрдэнэбаатар шиг төрөх нь юу л бол гэж санагддаг юм.
-Та бага балчраасаа утга зохиолын томчуудын хараанд өртөж нэг үгээр хэлбэл тоогдож эхэлсэн байдаг. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарч, Шагдарын Дулмаа, төрийн шагналт Долгорын Нямаа гээд энэ цаг үеийн бүхий л гайхалтай найрагчдын дунд, бүр ойртуулаад хэлбэл өвөр дээр нь эрхлэх хувь өөрт тань оногдсон юм шиг. Утга зохиолд тосон авсан халуун сэтгэлтэй энэ хүмүүсийн тухай дурсамжаа эхлээд хуваалцахгүй юу?
-Миний номын багш бол Дөнгөтийн Цоодол юм. Тэртээ 2001 оны хавар Булганы Хишиг-Өндөрийн эрдэмтэн зохиолч Шанжмятавын Гаадамбын нэрэмжит арван жилийн сургуулийн сурагч байх үедээ багшийгаа анх харсан сан. Манай сумын урд талын Дашинчилэнгийн сургууль Сономын Удвал гуайн нэрэмжит болж хотоос нэр алдартай зохиолчид иржээ. Үүнийг Дашзэвэг захирал маань мэдээд “Хүүгээ зохиолчдын бараа харуулна” гэж зүтгэн сумын тамгын газрын дарга Нямсүрэнгийн Мэндбаяр гэж хүний “жаран ес”-тэй Дашинчилэн руу гарч өглөө. Бид өглөөнийх нь нээлтийн ёслолоос хоцорчихож. Өдөр сумын соёлын төвд зохиолч уншигчдын уулзалттай гэж дуулдах нь тэр. Ямар ямар зохиолч ирсэн юм бол, шүлгээ уншихыг нь дэргэдээс нь харна гэдэг хөдөөх сургуулийн хүү надад нэг л сайхан санагдаад байгаа. Ингээд хүлээж хүлээж уулзалтын цаг боллоо. Дашинчилэнгийн соёлын төвийн гадаа яваад очиход Цоодол багш, Урианхай ах хоёр зогсож байдаг юм. Хаврын элсээр шуурсан тийм нэг хохилзуур өдөр. Дөрөвдүгээр сарын сүүлээр юм. Хөдөөгийнхөн нар салхинд алгадуулаад царай зүс жаахан борлочихсон, ийм л үе. Харин тэдний дунд өнөө хоёр зохиолч үлгэрийн юм шиг харагдаж билээ. Цоодол найрагч урт савхин дээлтэй, жигтэйхэн гоё зангиа, костьюмтэй. Шанхнаасаа үл ялиг бууралтаж яваа үсээ илбээд л. Урианхай нь болохоор урт саарал тэрмэн дээл, аралтай мөнгөн бүстэй. Зөөлөн цагаан царай, сахал үс нь хүртэл гоё. Өнөө амгалан зөөлөн царайгаа тунаруулан мишээх нь дотно санагдаад. Хаврын тийм л элсээр шуурсан өдөр утга зохиолын хоёр бурхныг дэргэдээс нь харж зогссон минь тэр. Цоодол багш Удвал гуайн дурсгалд зориулсан “Маанитай реквеим” гэж шүлгээ уншлаа. Дашинчилэнгээс буцаад, өнөөх Мэндээ даргынхаа “жаран ес”-ийн хонины хонхорт явахдаа би гэдэг хүн хий нь гарсан гүзээ шиг шалчийж орхив. Өөрийгөө яруу найрагч болж чадахгүй юм байна, яруу найрагч гэдэг бол өөр хүмүүс юм байна гэх бодол төрлөө. Урианхай, Цоодолыг харсан хөдөөх сургуулийн бацаан тэгж бодохоос өөр яахав.
“...Цэцэн Мандухай шиг, Алтай, Хангай шиг, Жанна де Арк шиг
Цэнхэр дорнын Ганди шиг, Онон, Туул шиг, Сүх жанжны Янжмаа шиг
Цэмцийж явсан Удвал одоо ч гэсэн Удвал чигээрээ байна
Хэнз улаан цэцэгс би Удвал, Удвал гэж ургаж
Хээр талд өглөөний нар би Удвал, Удвал гэж мандаж
Хэсэг хэсэг цагаан үүл би Удвал, Удвал гэж нүүж
Хэн нэгнийд улаахан хацарт охин төрөхдөө би Удвал, Удвал гэж чарлаж
Хэзээд гэрэл гэгээ болж Удвал Удвалаараа л байлаа...” гэх багшийн минь уншсан шүлгийн мөрүүд бараг л цээжинд хадагдаад үлдсэн юм. Нэгэнт яруу найрагч болж чадахгүйгээс хойно, ханьтай болоод хэрвээ охин хүүхэд төрвөл би Удвал гэж нэр өгнө хэмээн бодож явлаа. Хүний амьдрал, хувь заяа гэдэг сонин. 2010 онд анхны үр минь төрж, улаахан охиныхоо баруун чихэнд “Удвал” гэж гурвантаа шивнэхэд хоолой минь зангирч байсан. Арван жилийн сурагч жулдрайхан би Дашинчилэнгээс буцаж тийн явахдаа агуу их Цоодолын шавь болж, уул шиг сайхан багшийнхаа нөмөрт шүлэг хэлхэн яруухан алхана чинээ яахин бодох билээ.
-Сүрэнжав гуайн тухай асуумаар байна?
-Монголын их утга зохиолын цалгилсан найрагч Шаравын Сүрэнжавтай нэгэн он цагт хамт төрсөн хувь заяандаа би сүсэглэдэг. Нутгийн минь тэнгэр дор, их утга зохиолын бурхад чуулсан тайзнаа өчүүхэн намайг анх цоллосон хүн бол Сүрэнжав найрагч юм. 2006 оны хавар Булган аймагт “Эх орон-800” яруу найргийн наадам боллоо. Цогт хун тайжийн нэрэмжит шагналыг Буянзаяа, Гаадамба гуайн шагналыг Урианхай, Удвал гуайн шагналыг Санжаажавын Оюун найрагч хүртсэн тэрхүү найргийн наадам, уран үгсийн чуулганыг Сүрэнжав гуай хөтөлсөн. Жулдрайхан намайг тайзнаа зарлахдаа “Одоо би танай нутгийн нэг сайхан хүүг дуудах гэж байна. Улсын цол хараахан авч амжаагүй хэрнээ төрийн наадмын дөрөв, тавын даваанд тунаад бужигнуулаад унадаг залуу бөх байдаг. Түүн шиг “Болор цом” наадмын дэвжээнд бужигнуулаад бууж байдаг найрагч бол...” намайг дууддаг юм. Сүүеэг тийн хэлэхэд үзэгчид алга ташаад, ардын зохиолчоор тэгж зарлуулсан хүн чинь хийморь лундаа гэдэг нь бадраад ирнэ биз дээ. Дамдинсүрэнгийн Баянтунгалаг найрагч түрүүлсэн тэр наадамд би аман хүзүүдсэн. Ингэж намайг бага балчир ахуйд нь итгэл хүлээлгэж элгэн халуун сэтгэлээр хайрлаж хандсан хүн Сүүеэ минь юм. 2007 онд Отгонтэнгэрийн тахилгад хамт явах хувь тохиосон. Бадархундага нуурын том том үхэр хаднуудын дундуур Сүүеэгээ сугадаад явж байв. Тэрбишдагва сайд, Сүүеэ бид гурвын Бадархундагын дэргэд авахуулсан нэг зураг бий. Хишигсүрэн охиных нь Японоос явуулсан зургийн аппаратаар авахуулж билээ. Отгонтэнгэрийг би Сүүеэтэй хоёр удаа харсан юм. 2009 онд Явуугийн 80 жилийн ойн найргийн наадамд Завханд боллоо. Эхний даваа нь дорнын их найрагчийн төрсөн Тасархайн бууцанд болов.
Сүүеэ “Би тэнгэрийн хүү
Та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж
Нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж
Ганихралын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж, үүлс сандайлан
Уулсаас уулсад дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхин баясч
Утас дамжих шиг усан ширхгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү
Та нарын дунд ирсэн юм...” гэх шүлгээ омог төгөлдөр уншиж билээ. Найргийн наадмын маргааш нь найрагчид бүгдээрээ Даян хайрхны тэргүүн дээр гарч цаст цагаан Отгонтэнгэрээ халиаж, Их Явуугийнхаа “Би хаана төрөө вэ” шүлгийг хоолой нийлүүлэн уншиж билээ. Тэр цаг дор хад сандайлан гунигтай ч юм шиг бодлогошрон суусан Сүүеэгийнхээ баруун өвдөгнөөс адис авч билээ. Түрүү жилийн намар наян насных нь ойд зориулаад “Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав” гэдэг хөрөг бичиж “Өдрийн сонин”-доо гаргасан. Яг энэ үед найрагч маань Япон явчихсан байв. Монголд ирэнгүүтээ намайг дуудууллаа, яваад очтол “Би Япон явсан биш баларсан. Далайн хар шуурга гээч нь болоод. Рашаан усанд орж биеэ тэнхрүүлье гэж ирсэн биш хүний нутагт ингээд ясаа тавьдаг юм байж гэж бодлоо. Тэгтэл Өнөрөө чиний бичсэн хөрөг нийтлэлтэй сонинг онгоцоор явуулчихаж. Түүнийг уншаад дотоод хүч мэдрэгдэх шиг болж Сүүеэ нь босоод ирсэн шүү” гэж чин зүрхнээсээ хэлээд намайг үнссэн. Энэ үнсэлт, энэ уулзалт бид хоёрын хувьд сүүлчийнх байсан. Сүүеэг тийн бичсэнд олон хүн талархсан. “Монголын тэнгэртэй сайхан найрагчид сүр сүлд, нар, нас хайрлалаа” хэмээн До.Цэнджав ах хэлснийг санаж байна. “Залгамж үеийн найрагчдаас итгэл, сэтгэлийн жолоог атгуулах цөөн хүний нэг чамдаа дурсгав” гэж тэртээ 2008 оны намар Монголын уран зохиолын дээжис 50 дугаар ботийнхоо нүүрэнд бичиж өгснийг нь би үргэлж санадаг юм. 2009 онд Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойгоор “Бурхадын сархад” хэмээх зохиолчдын дурсамж дурдатгалын ном гарсан. Сүүлд тэр номыг уншиж байхдаа Сүүеэ миний тухай бичсэнийг олж үзсэн. Шаравын Сүрэнжав тийм л халуун сэтгэлтэй найрагч байлаа. Тэр жил “Болор цом” авчихаад нутгийнхаа зүг хүлгийн жолоо залсан юм. Дашинчилэнгийн Харбухын гол Цогт тайжийн балгасаар хойш эргэтэл хоолой дээр нэг юм тээглэчихээд болж өгдөггүй. Болор цом тэврээд ижий аавдаа, ус нутаг Хөшөөтийн гол, Арцын Улаан хадандаа очих гэж яваа би бөглөрч, таглараад байгаа нь тэр л дээ. Жолооч ахыгаа зогсоож байгаад нутгийнхаа тэнгэрт сэржим өргөөд Сүүеэгийнхээ “Миний нутгийн бараа”-г дуулж асгартал уйлаад дотор цэлмэн цааш хөдөлж билээ. Ийм олон торгон сэжмийг ярьж болох юм.
-Долгорын Нямаа гуайтай та мөн л ойр явсан?
-Өр зөөлний туйл, гүн утгын төгс илэрхийлэл чухамхүү тэнгэрийн хаяа мэт зах хязгааргүй агуу ертөнц Долгорын Нямаа минь. Би ингэж л хэлэх дуртай. Ямархан хувь заяаны ерөөлөөр энэ сайхан хүмүүнтэй ах дүү юм шиг, аав хүү, багш шавь, анд нөхөд юм шиг явах өндөр хувь тохиосон юм бэ дээ гэж хааяа бодогддог. Миний хамгийн их бичсэн хүн бол Нямаа ах. Харин “Тэнгэрийн хаяа” номыг нь “үлгэж” навтаргын цаас шиг болгосон хүн нь би. “Тэнгэрийн хаяа буюу Долгорын Нямаа” гэж хөрөг биччихээд Удвал охиноо дагуулан гэрт нь очиж түүнээ яг л шүлэг шиг уншиж өгч билээ. Нямаа ахыг намрын тэр ухаа хонгор өдөр буурал Бадарчийнд нь анх харсан сан. Тэгэхэд би Утга зохиолын сургуулийн оюутан байв. Эрдэнэ-Очир ах минь намайг өөрийнхөө хайртай хоёр хүнтэй уулзуулна гэж зориуд дагуулж гарсан. Эхний очсон айл нь Бадарч ахынх. Дараа нь Нямаа ахынд очиж билээ. 2007 оны намар мөн л Эрдэнэ-Очир найрагч хэлээд Хатанбулаг Эргэлийн зоонд хөл тавилаа. Долгорын Нямаа, Сутай хайрхны хүү Бямбажавын Хүрэлбаатар, Өмнийн шаргал говийн Эрэнжидийн Хархүү гээд аваргуудтай аяны дөрөө харшууллаа. Хатанбулагийн тунгалаг шөнө миний бие долоон бурхан одонд залбирдгаараа залбираад зогсож байтал Нямаа ах жаахан халмагхан “Хөөе, нөхөр минь чи амандаа юу бувтнаад байна” гэж байна. “Аа, би долоон бурхандаа залбирдаг юм” гэхэд “Долоон бурхан одонд залбирч явна гэдэг зөв. Чи нэг л зөв хүүхэд санагдаад байх юм” гэв. Хатанбулагийн тэнгэр дор Нямаа ахын зүрхнээсээ хэлсэн тэр үгийг мартдаггүй. Эргэлийн зооноос ирснийхээ дараа надад “Тэнгэрийн хаяа”-гаа дурсгаж “Аян замд л хүний нуруу танигдаж сэтгэл мэдрэгддэг юм шүү” гэж байв. Өнгөрөгч наймдугаар сарын дундуур Их газрын чулуунд найргийн чуулган боллоо. Гурван мянган уртын дууч, морин хуурч цугласан, олон найрагч нөхөд минь очсон тэр наадам дээр Нямаа ахыгаа жигтэйхэн их санаж явлаа. Барнангийн Доржпаламын нутаг Говь-Угтаалынхан найрагчдыг хүлээж аваад тэрхүү хөлтэй найрнаас гараад алхаж явахад Дашдаваагийн Баттөмөр ах миний мөрийг түшээд “Долоон бурхан од” дуугаа дуулсан сан. Баттөмөрийн аялгуу, Нямаагийн шүлэг тэр дууг хөгжмийн нэрт зохиолч, Их газрын чулууны өндөр өндөр хадан дунд дуулахад өөрийн эрхгүй дотогшоогоо мэлмэрч зогссон. Тэр хоёр аваргын “Цэцэгт цэнхэр алчуур” гэж торгомсог дууг манайхан мэднэ дээ. Эрхэм ахтай Дэл Хөнжлийнх нь уулсад хамт очиж төрсөн буурь Хирс таван толгойн Үүдэн бууцанд нь дөрөө мулталсан. Баянхайрханд сүслэн залбирч, Алаг зандангийн агуйгаар нь хүртэл зочилсон. Агуйд хэсэг саатаад гарч иртэл амсар дээр нь алтан харгана хөндлөн хэвтэж байдаг юм. Түүнийг Нямаа ах ихэд билгэшээн аваад “Монголын яруу найрагт өөрийн гэх тамгатай яваад чинь баярлаж үүнийг дурсгая. Олон сайхан шүлэг бичээрэй” гээд өгч билээ. Гэрийн маань хоймрын номын шүүгээнд тэрхүү алтан харгана хүндтэй байрыг эзлэн бий. Хоёр жилийн өмнөх тэр зун. Миний төрсөн өдөр тохиолоо. Нямаа ахынд очмоор санагдаад, зуслан дээр нь тавиад буучихав. Отгонбаяр эгч хуушуур хайраад, ах бид энэ тэрхэнийг хуучлаад өдөржин болсон. Үе үе зөөлөн цагаан бороо шиврээд нэг л сайхан өдөр. “Төрсөн өдрөө ирж тэмдэглэсэнд чинь ихэд талархав” гээд явахад минь үнсэж билээ. Тэр өдрөөс хэдхэн хоногийн дараа Дэлхийн яруу найрагчдын их хуралд Монголд болж Нямаа ахад “Дэлхийн гарамгай найрагч” гэсэн цол хүртээлээ.
Миний бие дэлхийн гарамгай найрагчтай төрсөн өдрөө тэмдэглэн жүнз харшуулсан болж таарлаа. Дахиад л Нямаа ахынхаа тухай бичлээ, тэгэхдээ “Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа” гэж бичлээ. Тэрхүү нийтлэл сонинд гарах үеэр найрагч Отгонбаяр эгчийн нутаг цаст цагаан Цамбагарав хайрхны хаяанд явж таарсан. Ховдын Эрдэнэбүрэн Цамбагараваас надтай холбогдож “Чи яахлаараа үе үе намайг ингэж дэвэргэж байдаг юм” хэмээн утсаар бахтай нь аргагүй хэлж билээ. Ховдын хязгаараас холбогдсон тэр яриа бид хоёрын сүүлчийн яриа байсан. Ингэж л утга зохиолын бурхдын өвөр дээр явж иржээ. Үүгээрээ хөөрөлхөж байгаа юм биш дурсамж дурдатгал болгон ярих биш Монголын утга зохиолд чухамхүү чөмгөө дундалсан олон бүтээл туурвиж ач буяныг нь хариулахсан гэж бодном.