ДЭЛХИЙН ТОЙМ: "Трампын гадаад бодлого НАТО-гийн эв нэгдлийг алдагдуулж байна"

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Их Британийн нийслэл Лондон хотод энэ сарын 3-нд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт эхэлсэн билээ. Уулзалтаар хэлэлцсэн сэдвүүдийг шинжээчид ОХУ болон БНХАУ-аас ирж байгаа “аюул заналхийлэл”-ийн эсрэг үйл ажиллагаа, зэвсэглэлд хяналт тавих, терроризмтой тэмцэх асуудал болон Украины нөхцөл байдал байсан гэж дүгнэв. Шинжээчид НАТО 70 жил оршин тогтноход гишүүдийн дунд олон зөрчилдөөн хуримтлагдаж, сүүлийн жилүүдэд улам бүр хурцдаж байна гэж дүгнэжээ. Улс төр судлаачдын үзэж байгаагаар холбоотнууд стратегийн асуудлаар тохиролцоход ч туйлын хэцүү байгаа аж. Хэд хэдэн гишүүн орны байр суурь заримдаа эсрэг байдаг. НАТО одоо ач холбогдлоо эргэн харахыг хичээж байгаа бөгөөд ОХУ-ыг дайсан мэтээр харагдуулахыг хичээж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уг нь энэ удаагийн Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалт энэхүү эвсэл /НАТО/ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулагдсан байв.

Сорилтууд болон аюул

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр Лондонд болсон хэлэлцээрийн үеэр тэмдэглэхдээ эвслийн удирдагчид сансрыг газар, далай тэнгис, агаар болон кибер орон зайтай адил шинэ үйл ажиллагааны бүс гэж хүлээн зөвшөөрөх ёстойг онцолжээ. Өмнө нь НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ийм шийдвэрт хүрч байсан аж. Столтенбергийн мэдэгдсэнээр дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт АНУ болон “Талибан” хөдөлгөөний хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Афганистан дахь төлөөлөгчийн газрын асуудлыг хэлэлцэх, холбооны хүчний байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх, терроризмтой тэмцэх, Украины нөхцөл байдал, Минскийн хэлэлцээрийн хэрэгжилт зэрэг багтжээ. Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр энэхүү эвслийн Орос, Хятад улстай харилах харилцаа, зэвсэглэлд хяналтын тогтолцооны ирээдүйн талаар ярилцсан байна.

Доналд Трампын засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээс иш татан Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэхдээ Лондоны дээд хэмжээний уулзалтын үеэр анхаарлын төвд байсан сэдэв бол Москва болон Бээжингийн “эсрэг байр суурь” байв гэжээ. “НАТО-д зохицуулах ёстой тулгарч буй сорилтууд байна. Нэгдүгээрт, энэ бол Хятад улс” гэж Цагаан ордны нэрээ хэлээгүй төлөөлөгч мэдэгдсэн талаар “CNBC” мэдээлсэн байна. Тэрбээр мөн “Орос улс хөршүүдийнхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг системтэйгээр үл тоомсорлодог. НАТО-гийн гишүүн орнуудын төр, засгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ тухай хөндсөн” гэжээ. Йенс Столтенберг дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр “Франц 24” телевизэд өгсөн ярилцлагадаа Оросыг НАТО-гийн хувьд заналхийлж буй асуудлын нэг гэсэн юм. Үүний дотор Москваг Дундын болон богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээг зөрчсөн гэж буруутгаж буй. АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчдийн ярьж байгаагаар АНУ 5G харилцаа холбооны технологийн талаар хэлэлцжээ. АНУ тагнуулаас болгоомжилж, энэхүү технологийг сурталчилж буй Хятадын компаниудтай Европын орнууд хамтран ажиллахын эсрэг байгаа аж. Гэхдээ өнгөрсөн аравдугаар сард Германы эрх баригчид Хятадын “Huawei” компанийг өндөр хурдны холбооны зах зээлд гарахыг хориглохоос татгалзсан. Үүний зэрэгцээ, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний сайд Петер Альтмайер Хятадын 5G системийн талаар ярихдаа Вашингтон өөрөө АНУ-ын компаниудад мэдээлэл цуглуулахыг тушаасан гэжээ. Үүнээс гадна сайд Үндэсний аюулгүй байдлын агентлаг ХБНГУ-ын нутаг дэвсгэрт аль хэдийн тагнаж чагнах үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан болохыг сануулсан байна. Германы сайдын мэдэгдлийн хариуд АНУ-аас Германд суугаа Элчин сайд түүнийг Вашингтоныг “үл хүндэтгэсэн” гэж буруутгажээ.

Үүний зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дээд хэмжээний уулзалтын өмнө Оросыг НАТО-д заналхийлж байна гэсэн үзэл бодлыг эсэргүүцсэн билээ. Тэрбээр арван нэгдүгээр сарын 28-нд Йенс Столтенбергтэй уулзах үеэрээ Москваг ч, Бээжинг ч “дайсан” гэж үзэхгүй байна гээд Европ дахь итгэлцэл, аюулгүй байдлын шинэ тогтолцоог бий болгохыг зорьж байгаагаа хэлсэн.

Санхүүгийн талаас

Лондонд дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тус эвслийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зардлын өсөлтийн талаар мэдээлжээ. Түүний хэлснээр энэ жил Европын орнууд болон Канад цэргийн зардлаа 4.6 хувиар нэмэгдүүлсэн байна.

Столтенберг түүнчлэн заасан хугацаанд НАТО-гийн есөн гишүүн буюу АНУ, Их Британи, Грек, Польш, Литва, Латви, Болгар, Румын болон Эстони улс дээрх зорилгоор ДНБ-ий хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахын зардалд хуваарилсан гэжээ. 2014 онд зөвхөн америк, их британи, грекчүүд ийм үзүүлэлтэд хүрч байв. Үүний зэрэгцээ Герман, Франц улс НАТО-гийн тогтоосон хэмжээнээс бага мөнгө зарцуулж байгаа гэнэ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр Лондоны дээд хэмжээний уулзалтаар батлан хамгаалах салбарт “илүү шударга хуваарилах” асуудлыг хэлэлцжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн өдрүүдэд АНУ НАТО-гийн төсөвт оруулсан татварыг 22 хувиас 16 хувь хүртэл бууруулна гэж тэмдэглэснийг дурдах нь зүйтэй. Батлан хамгаалахын төсөв нь дээд хэмжээнд хүрсэн Доналд Трамп зардлын гол дарамт АНУ-д үлдэж байгаад НАТО дахь түншүүдээ байнга буруутгадаг. Гэхдээ Вашингтон Европын захиалгаар цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг ачих гэж оролдож байна гэж Европын Холбоо зөв дүгнэж байгааг шинжээчид хэлжээ. Тиймээс энэ сарын 1-нд Францын Батлан хамгаалахын сайд Флоранс Парли АНУ Евро-Атлантын эв санааны нэгдэл гэсэн шалтгаанаар НАТО-гийн гишүүн орнуудад зэвсгээ оруулах ёсгүй гэж мэдэгдсэн билээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар түүний үг НАТО-гийн цэргийн бүрэлдэхүүнийг ОХУ-тай хиллэх хил дээрээ бэхжүүлснээр бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж буй нь Европын орнуудын ашиг сонирхолд нийцэхгүй байгааг шинжээчид хэлдэг.

“Тохиролцоход маш хэцүү”

Шинжээчид түншүүддээ өөрийн зэвсгээ өгөх талаарх АНУ-ын бодлогод зөвхөн францчууд сэтгэл дундуур байгаа юм биш гэв. Турк Оросоос “С-400” зенитийн пуужингийн цогцолбор худалдаж авах талаарх Вашингтон, Анкарагийн хоорондын маргаан нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-д очсоны дараа ч шийдэгдээгүй. АНУ-ын хууль тогтоогчид Туркт хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлж, Эрдоган Туркийн иргэд, бизнес эрхлэгчдийг ам.доллароос татгалзахыг уриалж буй. Үүний зэрэгцээ Европын олон орон Туркийн Сирид явуулсан “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаатай холбоотойгоор Туркт зэвсэг нийлүүлэхэд хориг тавьжээ. Дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн Турк, Грекийн харилцаа хурцадсан билээ. “Ассошэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнгөрсөн ням гарагт Турктэй маргаан үүсгэсэн тохиолдолд НАТО-гоос тусламж хүсэх бодолтой байгаагаа мэдэгджээ. Өмнө нь Грекийн Гадаад хэргийн яам Туркийн удирдагчийг “бүс нутагт олон улсын эрх зүйг зөрчигч” гэж нэрлэж байв. Үүний шалтгаан нь Турк улс Киприйн нүүрс устөрөгчөөр баялаг эдийн засгийн онцгой бүсэд хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх болно гэж мэдэгдсэнээс болсон юм. Түүнчлэн Грекийн Гадаад хэргийн яам Эрдоган, Ливийн үндэсний зөвшилцлийн засгийн газрын тэргүүн Фаиз Сараж нар далайн бүс нутгуудын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг хууль бус гэжээ.

Мөн Умард Атлантын цэргийн эвслийг “үхэжсэн тархитай” гэж зарласан Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “тэсрэх бөмбөг хаясан” билээ. Болсон явдлыг сануулбал, Лондон хотод НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болохын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Францын 2.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 100 хүртэлх хувийн татвар ногдуулж байгаагаа зарласан. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон НАТО-г “тархи нь үхэжсэн байгууллага” гэж нэрлээд “Доналд Трампын гадаад бодлого НАТО-гийн үндсэн зорилт, эв нэгдлийг алдагдуулж байна” гэж шүүмжилсэн юм. Макрон, Трамп нар НАТО-гийн уулзалтын эхний өдөр хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ ширүүхэн маргаад авсан. АНУ-ын Ерөнхийлөгч Францын Төрийн тэргүүний үгийг маш увайгүй гэв. Мөн тэрбээр Ойрх Дорнод дахь “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийг бүрэн устгасан талаараа бахархалтайгаар ярьж эхлэхэд Макрон “Исламын улс”-ын аюул байсаар байгааг сануулаад “Ингэж хэлсэнд уучлаарай” гэсэн юм. Хариуд нь Доналд Трамп “Тэнд Европоос очсон маш олон террорист бий. Франц, Герман, Их Британи зэрэг улсаас очсон. Зарим улс иргэдээ хүлээж авна гэдгээ мэдэгдсэн ч Эммануэл Макрон энэ талаар огт яриагүй. “Исламын улс”-ын террористуудаас авмаар байна уу. Би танд дуртайяа өгнө” гэж тохуурхсан билээ. Францын Ерөнхийлөгч энэ бол тоглоом биш, маш нухацтай ярих асуудал гэдгийг хэлээд “Тэдний дийлэнх нь Сири, Ирак болон Ойрх Дорнодын бүс нутгаас гаралтай. Европоос очсон хүн маш цөөхөн. Энэ бол таны нэн тэргүүний асуудал биш” гэж Трампт хандан хариулсан юм.

Францын Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид ямар нэг байдлаар НАТО-г ашиглах нь хэр зохимжтой вэ гэдгийг дахин авч үзэх шаардлагатай” гэжээ. Тэгвэл ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел Францын удирдагчийн байр суурьтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео НАТО-гийн харилцаа нь хэзээ ч төгс байгаагүй гэж мэдэгдэв. Туркийн Ерөнхийлөгч албан ёсны холбоотныхоо мэдэгдлийг илүү шүүмжилж, Макроны өөрийнх нь тархийг “шалгах” хэрэгтэй гэжээ. Нэгдсэн мэдэгдлийн түвшинд НАТО-гийн албаны хүмүүс энэхүү эвсэл нь гайхалтай ахиц дэвшил гаргасан ба энэ нь 70 жилийн турш амжилттай байсан гэжээ. Гэхдээ дээд хэмжээний уулзалтын нөхцөл байдал НАТО-д маш ноцтой асуудал тулгарч байгааг харуулж байна гэж улс төрийн шинжээчид дүгнэж байна. “Стратегийн үзэл баримтлал” болох НАТО-гийн өмнө тулгарч буй зорилго, зорилтыг тодорхойлсон баримт бичиг 2010 оноос хойш шинэчлэгдээгүй аж. Энэ нь холбоотнуудын хувьд стратегийн асуудлаар зөвшилцөхөд туйлын хэцүү байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. Бодит аюул занал гэж үзэж байгаа хэд хэдэн орны байр суурь нь хоорондоо зөрчилдөж байгаа юм. Лондоны дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчдын төлөвлөгөөнд дотоодын улс төрийн асуудал нөлөөлжээ. Нэг талаас Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Доналд Трамптай уулзах ёстой. Нөгөө талаас Их Британийн Засгийн газрын тэргүүний эргэн тойрны эх сурвалжаас иш татан “Financial Times” сонинд бичсэнээр их британичууд Америкийн удирдагчтай хамтарсан хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөөгүй бөгөөд энэ нь энэ сарын 12-нд болох ээлжит бус сонгуулийн өмнөх Ерөнхий сайдын имижэд сөргөөр нөлөөлнө гэж эмээж байгаа аж.

 “RT” агентлагийн шинжээчдийн дүгнэснээр дээд хэмжээний уулзалтаар шинэ мэдэгдлүүд гараагүй аж. НАТО ирэх жил 25 жилийн хугацаанд томоохон төлөвлөгөө гаргаж, цэргийн хүчээ Европ тивд шилжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top