Үүлэн дээгүүр алхагч эмэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Ноёлог уулсын дүнсгэр байдал эргэн тойрныг хүрээлж, хаяа хярхаг нь үл харагдах өтгөн манан дунд эвгүй л гишгэчихвэл эгц байц хаднаас хөл алдаж, ёроолгүй гүн ангал руу нисэж мэднэ. Эр зориг, айдас түгшүүр төрүүлж, басхүү өөртөө шунан дурлуулсан оргил бүхэн өөр, өөрийн араншинтай. Аляскийн Денали ноён оргил хүний хүйтнийг тэсвэрлэх чадварыг сорьж, дотоод сэтгэлийн галыг өрддөг бол Аконкагуа уул нь авхаалж самбааг сорьж, оюун ухааны эрчим хүчийг шавхдаг.  Алсаас хараа булааж даллан дуудах цаст оргилын үүлэн дээврийг ярахад л цэвдэг хүйтэн бүхэн тийм адын ховстойг ойлгоно. Тэнд үхэл, амьдрал хоёр алхам алхмаар хэмжигдэж, хөлсний дусал бүхнээр үнэлэгдэнэ.

Гэнэт нүргэлсэн их шуурга дэгдэж хоноглож байсан майхан нь дундуураа цуу ярагдаж, цасан нуранги тасхийн унаж 5200 метрийн өндрөөс хийсгэх шахав.  Дагтаршсан цасыг хөрөөдөж майхнаа хүрээлж босгосон цасан блок нь хүчтэй шуурганд ийнхүү нуржээ. 300 метрийн өндөр мөсөн хавцлаар арай гэж авирч гарсны эцэст байгалийн давагдашгүй хүчин зүйл тэдний тэвчээрийг сорьж буй нь энэ. Спортын мастер Ч.Ариунзул, гавьяат тамирчин Б.Гангаамаатай өнгөрсөн тавдугаар сард Хойд Америк тивийн ноён оргил АНУ-ын Аляска мужид оршдог, 6190 метр өндөр Денали уулын оргил өөд 19 хоног мацсан юм. Тэд ачаагаа цасанд булж орхиод буухаас өөр аргагүй болов. Хоёр биеэсээ өөр тулах ханьгүй бүсгүйчүүд орох оромжгүй болж мөнөөх өндөр мөсөн хавцлаар олсоор бэхлэн буухад тэднийг хүчтэй салхи хад мөргүүлэн савлана. Эсэн мэнд бууж ирээд буцахын даваан дээр хоёр байгаль хамгаалагчтай таарч “амь гарчээ”.  Ийнхүү тэр хоёр цааш мацаж, тэмцсээр оргил дээр нь гарч чадсан юм. Уулчид оргилд гарчихаад баярлаж хөөрцөглөдөггүй, зорилгынхоо 50 хувьд нь л хүрлээ гэж дотроо битүүхэн түгшдэгийн учир нь мацахаасаа илүү буух нь хэцүү. Харин эсэн мэнд бууж, отогтоо ирэхэд л тэд дуу шуу орж, инээд ханиад болцгооно. Деналийн оргилоос буухдаа 36 цагийн турш тасралтгүй уруудаж кемп дээрээ ирсэн. Ийнхүү тэд нийт 23 хоногийн турш маш хүйтэн цаг агаартай, нөхцөлд аяллаа дуусгажээ. Магадгүй тэд гэртээ дулаан хөнжилдөө шургаж, зөөлөн буйдандаа тухалж болох л байсан. Гэвч тэд үүлэн дээгүүр алхах гэж төрсөн тэнгэрийн охидын зөн дуудлагаар зүрх сэтгэлээс урин дуудаж, зүүд нойронд үзэгддэг цаст мөнхийн уулс руугаа яарч, гэр орон, хань ижил, үр хүүхдээ орхиод үүргэвчээ үүрээд гардаг юм. Зарим нь ноён оргилд гарахдаа хамгийн дулаан улирлыг тааруулж авирч байхад зарим нь хамгийн хүйтэн үеийг тэсэн ядан хүлээдэг аж. Экстрем спортын нууц нь үүндээ л байдаг биз ээ.

 

Уулын оргил бол хэн нэгэн үзэгчгүй спорт учраас зөвхөн өөрөө өөрийгөө чагнаж, өөрөө өөртэйгөө тэмцэж, бэрхшээлийг даван туулах дархлааг суулгаж өгдөг. Би хэн нэгнийг ялан дийлэх гээгүй, хэн нэгний дээр гарах гээгүй. Хүмүүсийн ажил, амьдралд өдөр бүр бэрхшээл гардаг. Уулын спорт бол тэвчээрийн хязгаарыг үздэг болохоор хүнийг бэрхшээлгүй болгочихдог. Надад одоо ямар ч бэрхшээл, бэрхшээл биш

 

Манай гол баатар бол дэлхийн долоон ноён оргилын дөрөвт нь гарсан гарамгай тамирчин, уулчин Чулуунбаатарын  Ариунзул юм.  Тэрбээр Монголын мөнх цаст, 4000 метрээс өндөр бүх  уулан дээр гарсан төдийгүй 2014 онд Европ тивийн ноён оргил, Кавказын нурууны 5642 метр Эльбрусийн оргилд клубийнхээ гишүүдийн хамт гарч байсан. Мөн 2013 онд Африк тивийн ноён оргил 5895 метр  Килиманжаро, 2015 онд Өмнөд Америкийн ноён оргил 6961 метр Аконкагуагийн оргилд гарч байсан бол хамгийн сүүлд энэ онд Хойд Америк тивийн ноён оргил АНУ-ын Аляска мужид оршдог, 6190 метр Денали уулын оргилд гарчээ. Дэлхийн долоон оргил дээр гарах нь түүний ууланд авиралтын хамгийн том зорилго, мөрөөдөл бөгөөд одоо түүнд Антрактидийн ноён оргил 4892 метр Винсон, Индонез улсад оршдог  4884 метр Пункак, Түвдийн нутагт орших Гималайн уулсын ноён оргил  8848 метр, дэлхийн дээвэр Эверест билээ. “Уулын оргил бол хэн нэгэн үзэгчгүй спорт учраас зөвхөн өөрөө өөрийгөө чагнаж, өөрөө өөртэйгөө тэмцэж, бэрхшээлийг даван туулах дархлааг суулгаж өгдөг. Би хэн нэгнийг ялан дийлэх гээгүй, хэн нэгний дээр гарах гээгүй. Хүмүүсийн ажил, амьдралд өдөр бүр бэрхшээл гардаг. Уулын спорт бол тэвчээрийн хязгаарыг үздэг болохоор хүнийг бэрхшээлгүй болгочихдог. Надад одоо ямар ч бэрхшээл, бэрхшээл биш.” гэж тэр хэлсэн юм. Дэлхийн гайхамшигт ноён оргилыг усан будгаар уран зурагт мөнхөлдөг нь түүний нэг давуу тал. Зургийнхаа будаг хэрэгслийг үүрээд үүлэн дээгүүр алхаж явахдаа уран бүтээлч хүний нүдээр байгалийн сайхныг нь бахдан дуу алдах юутай олдошгүй завшаан билээ. Уран зургийн нойтон техникийг ашиглан байгалийн сайхныг зурж амилуулдаг түүний уулын авиралт, уран бүтээлийн анхны бие даасан тайлан экстрем үзэсгэлэн саяхан болсон юм. Энэхүү үзэсгэлэн бол түүний ууланд авирсан 10 жилийн тайлан. Багаасаа л зурах дуртай байсан тэрбээр 1996 онд Багшийн дээд сургуулийн Урлал техник, дизайны ангийг дүүргээд нэг жил багшаар ажилласныхаа дараа Засгийн газрын тэтгэлгээр БНХАУ-ын Шанхайд тухайн үеийн Нэхмэлийн их сургуульд хувцас дизайны чиглэлээр мэргэжил дээшлүүлж байсан юм. Ажил амьдралын урсгалд давлагаалж явсаар уран бүтээлээ түр хойш тавьсан ч дөрвөн жилийн өмнөөс усан будгийн төрлөөр идэвхтэй зурж эхэлжээ. “Усан будгийн уран зураг гэдэг маш их сэтгэл хөдлөл, мэдрэмжээр хөглөгддөг ганцхан агшин. Тэр л агшинд таталсан өнгө будгийг өөрчлөх аргагүй болохоор үнэ цэнтэй, дахин давтагдашгүй байдаг” хэмээн Ариунзул сэтгэл догдлон өгүүлэв. Үзэсгэлэн гаргах болсон нэг шалтгаан нь Албани улсад болсон олон улсын уран зургийн тэмцээнд түүний бүтээл байгалийн төрөлд тэргүүн байрт шалгарсан явдал билээ.

 

“Усан будгийн уран зураг гэдэг маш их сэтгэл хөдлөл, мэдрэмжээр хөглөгддөг ганцхан агшин. Тэр л агшинд таталсан өнгө будгийг өөрчлөх аргагүй болохоор үнэ цэнтэй, дахин давтагдашгүй байдаг

 

“Hiking & Painting” буюу байгальд алхангаа уран зураг зурах хэв маягийг хөгжүүлэхээр зорьж яваа түүнд дэлхийн өнцөг булан бүрд 200 гаруй алдартай зураач найз бий. Цахим орчноос  тэдний зурсан зураг, гаргасан үзэсгэлэнгийн мэдээллийг унших бүртээ баяр хүргэж, уран бүтээлийн халуун дулаан үгстэй захидал нисгэдэг. “Өөдөө урсах өнгө” нэртэй уулын авиралт, уран бүтээлийн тайлан үзэсгэлэнд усан будгийн бүтээлүүдээ дэлгэснээс гадна дэлхийн ноён оргилууд руу хэрхэн авирснаа гэрэл зураг, дүрс бичлэгийн хамт инсталяциар үзүүлсэн нь тун сонирхол татаж байв. Ууланд алхдаг хүн зураг зурдаггүй, зураг зурдаг хүн ууланд алхах нь ховор. Өөр шигээ адил сонирхолтой хүнийг хайж олсон нь зураач, анчин Н.Лхагвасүрэн,  аялагч Д.Амараа нар бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хүмүүстэй уулзалт хийж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Тэд магадгүй дараа нь “Hiking & Painting” үзэсгэлэн гаргавал би л лав баяртай байх болно гэж тэр хэлсэн юм. “Залуус 20 нас өнгөрсөн хэр нь  яг юунд дуртайгаа сайн мэддэггүй нь гунигтай санагддаг. Арван настайдаа өөрийнхөө сонирхлыг олсон хүн 20 нас хүрэхдээ түүнийгээ аль хэдийн 10 жил хөгжүүлчихсэн, дахиад 10 жилийн дараа гэхэд амжилтад хүрчихсэн байна шүү дээ.  Тиймээс хүмүүс хүүхдийнхээ юунд дуртайг эртхэн мэдэж хөгжүүлэх хэрэгтэй” гэж зураач бүсгүй онцлон хэлэв. Хүн хоббиндоо цаг гаргахын тулд юуны түрүүнд урдах ажлаа маш сайн хийж, шоргоолж шиг хөдөлмөрлөх хэрэгтэй. Дуртай зүйлээ хийхийн тулд ажлаа ч сайн хийж, өөртөө цаг гаргадаг гэдгийг дахин дахин хэлсэн тэрбээр Монголын бизнесийн зах зээлд аль хэдийн хөлөө олсон. Тиймээс ч өндөр зардалтай уулын спортод зориглон оржээ. Дөрвөн хүүхэдтэй алдарт ээжийн ар талд нь бат зогсож, амжилтынх нь хөшүүрэг болж яваа хүн бол түүний хань яах аргагүй мөн.

 

Зөвхөн ууланд авирахдаа ч биш хүний амьдралд ер нь тийм ч олон зүйл хэрэггүй санагддаг. Бид үнэндээ маш их хэрэггүй новш цуглуулж амьдардаг хүмүүс юм шиг. Ууланд авирна гэдэг хүний амьдралд юу хамгийн үнэ цэнтэй зүйл болохыг мэдрүүлдэг

Эверестэд дөрөвдүгээр сараас тавдугаар сард авирахад тохиромжтой бол Килиманжарод сэрүүний улиралд авирахад тохиромжтой. Ууланд авирахад зайлшгүй хэрэгцээт зүйлсээ л цүнхэндээ авч явах ёстой. Нэг хүний 50 кг ачаа үүрээд мацахад энүүхэнд.. Ядарч туйлдан хөл бадайрч, хамаг бие салганан чичирч, нүүр, нүд бэлцийн хавагнаж, толгой өвдөж, дотор муухайран, гарын арьс хагарч, хөл цэврүүтэн, хүчил төрөгчийн сийрэгжилт буюу “Өндрийн өвчин”-нд нэрвэгдэх нь олонтаа тохиолдох учир өндөрт биеэ дасгах хэрэгтэй. “Деналийн оргилд 2012 онд гарах гээд зорьсон боловч өндөрт биеэ дасгаагүйгээс болж замаасаа буцсан юм. Хоёр жилийн дараа даагаа нэхэж оргилд нь гарсан. Өөрийгөө жинхэнэ уулчин болжээ гэдгээ мэдэрсэн минь Денали ноён оргил байсан.” хэмээн хэлэхэд түүний харцанд юуг ч даван туулах шартай, хортой араатны гэмээр оч гялалзаж ирснээ  “Хамгийн чухал хэрэгцээ бол хоол хүнс, дулаан хөнжил. Талхныхаа үртсийг ч үлдээлгүй  түүж идэх үе бий. Зөвхөн ууланд авирахдаа ч биш хүний амьдралд ер нь тийм ч олон зүйл хэрэггүй санагддаг. Бид үнэндээ маш их хэрэггүй новш цуглуулж амьдардаг хүмүүс юм шиг. Ууланд авирна гэдэг хүний амьдралд юу хамгийн үнэ цэнтэй зүйл болохыг мэдрүүлдэг” хэмээн ухаарал нэвт шингэсэн харц нь төөнөөд ирэв.

 

Энэхүү зургуудынхаа орлогоор Б.Гангаамаагийн уулын спортод зориулсан 30 жилийн авиралтын түүхээ бичсэн номын хэвлэлийн зардалд хандив өргөж байгаа нь уулчин хүний, уран бүтээлч хүний элгэн халуун сэтгэл агаад амьдралын үнэ цэнийг мэдэрсэн хүний хайртай хүмүүсийнхээ төлөө хийж чадах хамгийн сайхан үйл билээ.

 

Ариунзулын аялагч - зураачийн амьдралын туршлага, уран бүтээлийг хослуулсан эл үзэсгэлэнд оргилын салхинд дэрвэж явсан туг далбаа, майхан хийгээд уулын авиралтын багаж хэрэгсэл, олс бэхлэгч, алх, дэгээ бүгд багтжээ. Тэр ч бүү хэл ууланд хог хаяхгүй байхыг уриалсан арт үзүүлбэр хүртэл үзүүлсэн нь үзэсгэлэнг амьд, сэтгэл татам болгож байв. Зураг зурах үедээ дуучин Нарангийн дуунуудаар сэтгэлээ хөглөж, Италийн дуурийн дуучин Андреа Бочеллигийн сонгодог дуунуудаар орчлонгоос тасрах ид шидээ авдаг тэрбээр усан будгаар зурахдаа зөвхөн нойтон техникийг нарийн судалж, түүндээ төгс гаршсан гэмээр санагдана. Анх түүний бүтээлүүдийг харахад гэрэл зураг байна гэж андуурмаар. Ойртоод ирэхэд усан будгийн ганцхан таталбараар төгс амилуулсан бүтээлүүд хараа булаана. Ууланд авирч буй уулчдын тэсвэр, үүлэн дээгүүр ихэмсэг орших ноён оргилын хүйтэн,  нүүр нүдгүй шуурах цасан шуурганы шилбүүр, өтгөн манан будан дунд итгэл, зорилго тээн яваа зүрхний цохилт сонсогдом тийм амьдлаг зургуудтай. Энэхүү зургуудынхаа орлогоор Б.Гангаамаагийн уулын спортод зориулсан 30 жилийн авиралтын түүхээ бичсэн номын хэвлэлийн зардалд хандив өргөж байгаа нь уулчин хүний, уран бүтээлч хүний элгэн халуун сэтгэл агаад амьдралын үнэ цэнийг мэдэрсэн, хүний хайртай хүмүүсийнхээ төлөө хийж чадах хамгийн сайхан үйл билээ. “Хайртай бүхэн минь орхисон он жилүүдэд сэтгэлийн тэнхээгээ шавхан байж хөл дээрээ өндийсөн, зүрх сэтгэлээ ухаанаараа удирдсан цаг хугацааны тайлал байлаа” хэмээн номынхоо өмнөтгөлд Гангаамаа бичсэн нь ямархан их шаналлыг даван туулж, оргил өөд тэмүүлсэн их зорилго, тэвчээр билээ. Уулчид өнөөдөр цас, бороотойд огтхон ч зовнидоггүй гэнэ. Яагаад гээч цас, бороо чинь тэр доогуур л ордог биз дээ гэж “томордог“аж. Аргагүй л үүлэн дээгүүр алхдаг хүний үг биз.

 

Хэзээ ч цуцашгүй, дайчин чанар нь бусдыгаа ирлэж, хурцалж байдаг. Түүний муу тал гэвэл хэзээ ч буцдаггүй, явах ёстой гэсэн бол явна л гэж зүтгэдэг” гээд инээв. Хамтдаа авирсан Эльбруст ч тэр, Аконкагуад ч тэр буцмаар, шантармаар зүйл гарах бүрийд багийнхаа нөхдийг манлайлан, ташуур өгч явсан хүн бол Ариунзул гэдгийг Гантулга бахдан хэлсэн юм.

 

2014 онд Кавказын нуруунд орших Европ тивийн Эльбрусийн хос ноён оргилд нэг өдөрт гарч чадсанаараа Монголдоо рекорд  тогтоожээ. Хамтдаа гарсан  “Хайрхан” клубийн гишүүн, уулын спортын мастер Б.Гантулга “Ариунзул эгч бол манай клубийг үндэслэгчийн нэг. Өндөр уулын оргилд анх хөтөлсөн болохоор би багшаа гэж бодож явдаг. Хэзээ ч цуцашгүй, дайчин чанар нь бусдыгаа ирлэж, хурцалж байдаг. Түүний муу тал гэвэл хэзээ ч буцдаггүй, явах ёстой гэсэн бол явна л гэж зүтгэдэг” гээд инээв. Хамтдаа авирсан Эльбруст ч тэр, Аконкагуад ч тэр буцмаар, шантармаар зүйл гарах бүрийд багийнхаа нөхдийг манлайлан, ташуур өгч явсан хүн бол Ариунзул гэдгийг Гантулга бахдан хэлсэн юм. Уулчин бүсгүйд ажил мэргэжлээсээ гадна өөрийн гэсэн хоббитой хүмүүс их таалагддаг гэнэ шүү. Тийм хүмүүс амьдралд хайртай, бүхнийг танин мэдсэн, өөрийгөө ялан дийлэгчид байдаг.  Өөрийг тань идэвхжүүлдэг, өөрөөс тань илүү хүчирхэг хүнтэй нөхөрлөж байж л улам хөгждөг гэдгийг тэр андахгүй. Дейл Карнегийн “Өнөөдрөөрөө амьдар” гэдэг үгийг мөрдлөг болгодог Ариунзул уулчинд боломжгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй.

“Давшгүй даваа бий гэнэм

Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ

Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу”

хэмээгээд Эзэн Чингис хаан дэлхийг хураасан лугаа Ариунзул бүсгүйд дэлхийн дээвэр Эверест давшгүй даваа биш агаад  давъя хэмээн сэтгэсэн түүнд давах цаг мөч ойрхон буюу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.1) 2019 оны 12 сарын 10

АТБ Гайхамшигт чадварлаг эмэгтэй хүндэлж хайрлаж явдаг шүү улам их амжилт Өлгий А

0  |  0
Зочин(202.179.24.121) 2019 оны 12 сарын 09

Дайчин бүсгүйчүүддээ амжилт хүсье.

0  |  0
Top