СУРВАЛЖИЛГА: Даавууны өөдсөөр брэнд бүтээх боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Даавууны өөдсөөр урласан гацуур мод, чихрийн таваг, уламжлалт хээ угалзаар чимсэн түрийвч, орны бүтээлэг, дэр, эсгийний өөдсөөр хийсэн монгол гэрийн чимэглэлүүд үзсэн хүн бүрийн харааг булааж, эртний хаад, хатдын өргөөнд орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Аравч, хөшиг зэргийг нь барьж үзэхгүй л бол уран зураг гэж эндүүрмээр тансаг.

Хүмүүсийн хог гээд хаячихдаг, өмсөхөө больсон хувцас, даавууны өөдөс зүйж бэлэг дурсгалын зүйл, малгай, ороолт, хөнжил, аравч, цүнх, дэгжин цамц, даашинз, гацуур мод хүртэл урладаг  урлагийг Зүймэл даавуун урлал гэдэг. Дэлхийн II дайны хямралын үед Англи, Европын эмэгтэйчүүд хуучин хувцас, эдлэлээ ашиглан өөрт хэрэгцээтэй дулаан хөнжил, хүрэм гэх мэт гэр ахуйн хэрэгцээний эдлэл хийж, түүнийгээ борлуулан амьжиргаагаа залгуулдаг байжээ. Өдгөө дэлхийн 30 гаруй оронд зүймэл урлалын бие даасан холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү урлалыг Монголд хөгжүүлэх үндэс суурийг тавьсан хүн нь Ц.Сэлэнгэ юм. Тэрбээр Америкийн нэгдсэн улсад сурч байхдаа даавууны өөдсөөр хийсэн өнгө алагласан тансаг бүтээгдэхүүнүүдийг харснаас хойш зүймэл даавуун урлалд сэтгэл татагдан, өөрөө сурахын зэрэгцээ эх орондоо хөгжүүлэх хэтийн зорилго өвөртлөн ирж “Зүймэл даавуун урлал” төвийг байгуулснаас хойш хэдийн 15 жилийг ардаа орхижээ.
 

Ц.Сэлэнгэ 2005 оноос ажилгүй хүмүүс  болон гэрийн эзэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан сургалт явуулж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 3500 гаруй хүнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулжээ. Тэд урласан зүйлсээ “Зүймэл даавуун урлал” сургалтын төвөөрөө дамжуулан хилийн  чанадад  үзэсгэлэн гарган борлуулж, сургалт явуулахдаа нэмэрлэдэг аж. Зүймэл даавуун урлал хийхэд хурууны өндөг идэвхтэй ажилладаг учир хүний мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, стресс тайлдаг байна.

ЗҮЙМЭЛ ДААВУУН УРЛАЛ БҮТЭЭХЭД ЗҮҮ, УТАС, ДААВУУ, ХАЙЧ БАЙХАД Л БОЛНО

“Зүймэл даавуун урлал”-ын төвийнхөн 15 жилийн ойн хүрээнд шинэ жилийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын гэргий хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язалын дэмжлэгтэйгээр тус Элчин сайдын өргөөнд зохион байгуулж байгаа юм. Тус төвийг үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэтэй хэсэг хугацаанд ярилцлаа.

-Дэлгэгдээд буй шинэ жилийн сэдэвт үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

-Зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажил хийх боломжгүй буюу бага насны олон хүүхэдтэй ээжүүдэд сургалт явуулан тэдний бүтээсэн шинэ жилийн сэдэвт, монгол ахуйг харуулсан үзэсгэлэнг гаргалаа.  “Зүймэл гар урлал”-ын төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш эмэгтэйчүүдэд гарын доорх материалаар болон ашиглагдахгүй материалыг ашиглан төрөл бүрийн гэр ахуйн, бэлэг дурсгалыг зүйлс хийх аргачлалыг заасаар өнөөдрийг хүрч байна.

15 жилийн хүрээнд бид маш олон арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, Өнгөрсөн наймдугаар сард найман улсын зүймэл даавуун урлалын үзэсгэлэн, арваннэгдүгээр сард Монгол-Турк хоёр улсын 50 жилийн ойн хүрээнд Истанбул хотод зүймэл урлалаар Монгол Туркийн нийт 60 эмэгтэй үзэсгэлэн гаргасан.

-Шинэ жил болж байгаа болоод ч тэр үү торгоор урласан гацуур мод анхаарал татаж байна?

-Энэхүү гацуур модыг модны тайрдас ашиглаж, гадуур нь торго зүйж чимэглэсэн байгаа. Заавал үнэтэй гацуур мод авах хэрэггүй. Гарын доорх материалаа ашиглаад л өөрийн гараар хийсэн чамин гацуур модыг гэрийнхээ хойморт залах боломжтой. Мөн албан байгууллагууд ч гэсэн хэрэглэж болно.

-“Зүймэл даавуун урлал” төвийн сургалтад хамрагдахын тулд юу хийх вэ?

-Хамгийн түрүүнд бүртгүүлэх шаардлагатай байдаг. Нэг сард 1-2 удаа сургалт явдаг. Зорилтот бүлгийн хүмүүс үнэ төлбөргүй. Төлбөртэй сургалт ч байгаа.

Манай төвд нийтдээ 35 эмэгтэй ажиллаж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Бид зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд үнэгүй сургалт явуулан, өсөн дэвжих боломжтой хүмүүсийг дахин сургалт явуулж гэрээр нь ажил олгодог.

-Шинэ жилийн сэдэвт үзэсгэлэн хэдэн бүтээл дэлгэгдсэн байна вэ?

-200 гаруй бүтээл дэлгэгдсэн. Энд дэлгэгдсэн байгаа бүтээгдэхүүний гол онцлог бол гарын доорх материалаар гараар урлан хийдэг учраас дахин давтагдашгүй, өвөрмөц онцлогтой байдаг. Тэр утгаараа үнэлэх үнэлэмж өндөр. Харин өөрөө зүймэл даавуу урлал бүтээхэд зүү, утас, даавуу болон торгоны өөдөс, хайч байхад л болно. Тийм учраас хүн бүр өөрийн брэндээ бүтээж, хайртай дотнын хүндээ бэлэглэх боломжтой.

ШИНЭ ЖИЛЭЭР ГЭРЭЭ ГОЁХ МОНГОЛ ЧИМЭГЛЭЛҮҮД

"Зүймэл даавуун урлал" төвийнхний бүтээсэн бүтээлийг чанар чансаа, үнэ цэнэ, тансаг хэрэглээг эрхэмлэдэг европчууд болон япончууд олноор нь захиалан авдаг байна. Давтагдашгүй зүйл хэрэглэх, бусдад бэлэг өгөх дуртай монголчууд ч сүүлийн үед энэ урлалыг ихэд сонирхох болжээ. Ц.Сэлэнгэ монгол хээ угалз, ёс заншил, үндэсний гэсэн бүхнийг зүймэл урлалд шингээхийг хүсдэг нь эдгээр бүтээлүүдээс илт харагдана. Монголын үзэсгэлэнт байгаль, хүн, амьтдын амьдрал ахуй гээд уран зурагт буулгаж болох бүхнийг даавууны өөдсөөр урласан гэхэд итгэмээргүй. Хэдийгээр даавууны өөдөс зүйж хийсэн боловч эдгээр бүтээгдэхүүн эдэлгээ сайтай бөгөөд үеэс үед үнэ цэн нь өссөөр байдгаараа онцлогтой аж. “Зүймэл даавуун урлал” төвийнхөн анх Европоос үнэтэй, чамин тансаг, эдэлгээ сайтай даавуу авч ирж, бүтээгдэхүүнээ хийдэг байжээ. Харин одоо оёдлын газруудаас торго дурдангийн өөдөс авч, бүтээгдэхүүн урлах болсон байна. Чамин тансаг эдгээр зүйлийг хийж сурахад элдэв тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажлын байр шаардагдахгүй. Даавууны өөдөс, хайч, утас зүү байхад л хангалттай. Оёдлын машинаар оёж болох ч гараараа оёвол илүү эдэлгээтэй болдог аж.

Даавууны  өөдсөөр өөрийн брэндийг бүтээж, худалдаж борлуулахгүй ч гэр орноо чимэн дотнын хүмүүстээ бэлэглэвэл юу юунаас илүү нандин бэлэг болох нь лавтай. Мөн удахгүй болох шинэ жилээр хайртай дотнын хүмүүстээ бэлэглэх дахин давтагдашгүй өвөрмөц, чамин, сэтгэл шингэсэн бэлэг хайж байгаа бол монгол хэв маягийг орчин үеийн хэрэглээнд шингээсэн, хамгийн өвөрмөц шинэ жилийн чимэглэлүүдийг дэлгэсэн энэхүү үзэсгэлэнг зориорой. Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрэл(64.119.24.165) 2023 оны 07 сарын 27

Сургалтанд суралцмаар бна туслаач

0  |  0
Sansarmaa Perenlei(103.10.22.97) 2021 оны 11 сарын 10

ok

0  |  0
Нямочир(103.10.22.97) 2021 оны 11 сарын 10

ок

0  |  0
Top