Д.Цогтбаатар: Нийгэмд зөв үйлийг түгээх санаачилга дутагдаад байсан

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

НҮБ-ын судалгаагаар Монгол Улс хувь хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаар байрт, аз жаргалын индексээр 92 дугаар байрт жагссан байна. Манай улс 1.4 сая 25 хүртэлх насны залуучуудтай бөгөөд хүүхэд багачуудад эцэг эх, томчуудын нөлөөлөл маш их байдгийг олон улсын байгууллага судалжээ. Иймд хүүхэд, залууст зөв үлгэр дуурайл үзүүлэх нь чухал болохыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч Д.Гантулга анзаарч “Зөв үйлдэл” аяныг санаачилсан байна.

“Зөв үйлдэл” аян нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийгэмд соёл урлагаар дамжуулан хүн хүнээ хайрлах, хүндлэх, талархах ёс зүйн харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэх аж. Мөн урлаг, гоо зүйн бүтээлийг нийгмийн хүртээл болгон сурталчлах, монгол хүний хүнлэг энэрэнгүй, бүтээлч амьдралын орчин бүхий нийгмийг байгуулахад нөлөөлөх, нийгэмд талархал, хайр хүндлэлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ.

Уг аяны нээлт өнөөдөр /2019.12.10/ Гадаад харилцааны яаманд болсон бөгөөд нээлтэд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл болон урлаг соёлын алдартнуудаас бүрдсэн 280 гаруй хүн оролцлоо. “Зөв үйлдэл” аяны нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Д.Цогтбаатар “Залуус өөрсдөө санаачилга гаргаж байгаад баяртай байна. Манай нийгэмд зөв үйлийг түгээх санаачилга дутагдаад байсан. Хүний бага байхдаа сурсан зөв дадал насан туршийн амьдралынх нь зарчим болдог. Монголчуудад зөв үйлийг хийх уламжлал бий. Бидний үйлдлийг хэвшүүлдэг хамгийн том зүйл бол уламжлал. Мөн гэр бүлийн хүмүүжил. Монгол Улсын ирээдүй бүтээлч, тусархаг сэтгэлгээтэй болж хүмүүжнэ гэдэг улсын маань ирээдүйд хийх бүх ажил бүтэмжтэй, иргэддээ чиглэсэн байхын эхлэл юм. Монголчууд санаа сайн бол заяа сайн гэдэг. Санаа сайн байснаар эргэн тойронд байгаа хүрээллээ сайхнаар бүрдүүлж, сайн сайхан амьдардаг. Тэгэхээр зөв үйлдэл нийгмийн суурь болно” хэмээн үг хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top