Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

“Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газар дэмжсэн байна. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

10 сая ам.долларыг шугам сүлжээг сэргээн засварлах, шинээр суурилуулах, насос, хяналтын самбар зэрэг эрчим хүч хэмнэх горимтой хий шахах станц суурилуулах, төвийн дулааны дэд станцуудыг сайжруулах, эрчим хүчний төв барих, шөнийн цагаар үйлдвэрлэсэн эсвэл дулааны болон цахилгаан станцуудын илүүдэл дулааныг хадгалж дулаан түгээлтийн үр ашгийг нэмэх аккумуляторууд суурилуулах зэрэгт зарцуулна.

Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top