ТОМ ТӨСЛИЙН ТОЙМ: Тавантолгойн бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Одоогоос яг гурван сарын өмнө тавдугаар сарын 24-нд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байлаа. Зэвсэгт хүчин, армийг бүтээн байгуулалтад татан оролцуулах шийдвэр гаргаснаас хойш олон нийтийн шүүмжлэлийг хангалттай сонссон энэ төсөл яг одоо төлөвлөгөөний дагуу үргэлжилж буй аж. Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн хоногийн 24 цагт хоёр ээлжээр ажиллан, бэлэн болсон гүйцэтгэлийг инженер техникийн ажилчид хянаж буй аж. Зэвсэгт хүчнийхэн 59040 м.куб газар шорооны ажил хийж, хуваарьт ажлаа 127 хувьтай биелүүлсэн гэж дүгнэгдээд байна.

“Ерөнхийдөө маш хүнд ажлууд ард хоцорсон. Далан барихад хүнд байлаа. Хүнд ажлууд дээр туршлага суусан учраас үлдсэн хоёр даланг хугацаандаа угсарч дуусна. Удахгүй 7780 дугаар анги бидэн дээр хүч нэмэгдэж ирнэ” гэж Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч П.Доржсүрэн ярьсан юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд зэвсэгт хүчний анги нэгтгэлээс гадна нийт найман туслан гүйцэтгэгч компани, геодез хяналтын чиглэлээр дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажил үргэлжилж байна.  Тавантолгой-Зүүнбаян чигллэлийн төмөр зам дагуу жижиг, том нийлсэн 37 орд газар бүртгэлтэй бий. Дээрх орд газруудаас дурдвал Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул зэрэг нүүрс, зэс, гөлтгөний томоохон ордууд оршдог юм. Хэрэв олон жил яригдаж манай нам, танай нам, энэ ч компани, тэр ч компани гэж ширээний теннис шиг хоёр цохиурын хооронд шидэгдсээр ирсэн энэ асуудал яг одоо амжилттай үргэлжилж байна. Шахуу хуваарийн дагуу ажиллаж түргэн хугацаанд ашиглалтад орох даалгавартай уг бүтээн байгуулалт 2020 он гэхэд бүрэн дуусах төлөвтэй байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил таван хувьтай үргэлжилж байгааг тэнд ажиллагсад хэлж байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 240-290 кмын хоорондын 50 км төмөр замын барилган ажил эхэлжээ.

Бид энэ үр ашигтай төсөл дээр хоёр талд гараад маргалдаад байх шаардлага байхгүй. Өмнө нь зөрчилтэй байсан 12 асуудлыг шийдвэрлэж чадсан учраас энэ төсөл амжилттай үргэлжлэх болно” гэж Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ ярьж байсан юм. 

Төслийн хугацаанд төмөр зам барьж байгуулахад 3700 орчим хүн ажилтай болох бөгөөд 1352 машин механизм ажиллах тооцоо гарсан байна. Шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 орчим мянган хүн орлоготой болох тооцоо бий. Зүүнхараа өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага амьдралаас урган гарчээ. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” ХНН Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47 км төмөр замын дагуу үе угсрах засвар, шинэчлэлийг ирэх сарын 20-ноос эхлэхээр төлөвлөсөн байна.

Биднийг сонгуулиас сонгуулийн хооронд хэрэлдэж байх үеэр бид маш олон боломж алджээ. Алдагдсан боломжийн мөнгөн үнэлгээг гаргавал 15-20 их наяд төгрөгт хүрэх аж. Бид энэ хэмжээний мөнгөөр “Тавантолгой-Зүүнбаян” шиг арав гаруй төсөл хөтөлбөр эхлүүлчих боломжтой байсан гэхээр Монгол Улсын эдийн засгийг тав дахин нэмэгдүүлэх боломж зүгээр л урсаад өнгөрчхөж. Зэвсэгт хүчин, армийн бие бүрэлдэхүүн бүх бүтээн байгуулалтад оолцохгүй гэдгийг уншигч танд сануулах нь илүүц биз. Мэргэжлийн шинж чанартай ажлуудыг “Улаанбаатар төмөр зам” болон гадаад, дотоодын компанийн дунд тендер зарлаж, шалгарсан компаниар хийнэ гэж үзэж байгаа аж.. Гаднын компаниар хийлгэвэл нэг км төмөр зам 3.2 сая ам.доллар, харин дотоодын боловсон хүчнээр хийлгэвэл 2.1 тэрбум төгрөг болж маш хямд зардлаар төмөр зам босно гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас тооцжээ. Нэг ёсондоо дайсандаа зарцуулах хэдээ алдаж байхаар өөрсдөдөө үлдээе гэсэн санаа гэж тайлж уншиж болох талтай. Бодлын тайлбар ямар ч байсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд БНХАУ болон Өмнөд Солонгос зэрэг хэд, хэдэн улс оролцох хүсэлтээ илэрхийлж байсан удаатай. Гэвч гаднын компанийг оролцуулах бус өмнө нь хийж байсан туршлага дээрээ үндэслэн бүтээн байгуулалтын зардлаа ч Монголдоо үлдээхийг Засгийн газраас илүүд үзжээ.

Монгол Улсын Засгийн газар одоогоос яг жилийн өмнө тавдугаар сард хуралдаж 153 тогтоолоор төмөр зам барих ажлыг “Зүүнбаян Төмөр Зам” ХХК байгуулахыг “Монголын төмөр зам” компанид даалгасан байдаг. Улмаар 2018 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Эрдэнэс Монгол” компанитай БНХАУ-ын төмөр замын 20 дугаар товчоотой Харилцан ойлголцлын санамж бичиг зурсан бий. Санамж бичиг байгуулсны дараа аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Зам тээвэр, хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Дорнын төмөр зам” ХХК, Хятадын төмөр замын 20 дугаар товчоо группийн мэргэжилтнүүд Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулахад шаардагдах зааварчилгаа өгсөн байдаг. “Дорнын төмөр зам” компанийн захиалгаар БНХАУ-ын Төмөр замын 20 дугаар товчоо урьдчилсан ТЭЗҮ боловсруулахаар болсон ч манай талд эцсийн байдлаар ирүүлээгүй юм.

Биднийг сонгуулиас сонгуулийн хооронд хэрэлдэж байх үеэр бид маш олон боломж алджээ. Алдагдсан боломжийн мөнгөн үнэлгээг гаргавал 15-20 их наяд төгрөгт хүрэх аж. Бид энэ хэмжээний мөнгөөр “Тавантолгой-Зүүнбаян” шиг арав гаруй төсөл хөтөлбөр эхлүүлчих боломжтой байсан гэхээр Монгол Улсын эдийн засгийг тав дахин нэмэгдүүлэх боломж зүгээр л урсаад өнгөрчхөж.

Анхны сонголт бүтэлгүйтсэний дараа Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компанийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ашиг орлогоо зарцуулахаар болсон. Үүнтэй хамт “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн бүтээн байгуулалт ч яригдаж буй. Компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажилд 7.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Дээр бүтээн байгуулалтад нийт 750 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж буй.

Жич: Цэргүүдийг бүтээн байгуулалтад ашиглаж байсан нь зөвхөн энэ биш. Одоогоос яг 20 жилийн өмнө буюу 1999 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах зарлиг буулгаж байлаа. Зарлигийн дагуу “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам ч гарч байв. Дээрх журмаар тухайн анги, байгууллагыг чиг үүргийнх нь дагуу ажилд оролцуулахаар зохицуулсан байлаа. Үүнээс хойш арав гаруй жилийн дараа Зэвсэгт хүчний тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулж барилгын цэргийн ангийг нээснээс хойш бүтээн байгуулалтад татан оролцуулах тухай төрийн бодлого боловсорсон гэж үзэж болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top