Польш улсад гацсан Ираны тээвэрчинд 65 мянган ам.доллар хандивлажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 21

 

Польшийн иргэд Ираны тээвэрчинд шинэ ачааны тэрэг авахад нь зориулж 250 мянган злот буюу 65 мянган ам.доллар цуглуулжээ. Ираны тээвэрчин Фардин Каземи Польш улсад үзэм тээвэрлэн ирж, цааш Чех орж, бараа аван Иран руу буцах ёстой байжээ. Гэтэл ачааны машин нь эвдэрч, засварлах боломжгүй болсон байна. Хүндхэн нөхцөлд орсон иран тээвэрчин машиндаа хоног төөрүүлж байсан бөгөөд “Польшууд миний авралын од болсон” гэж Каземи баярласан сэтгэлээ илэрхийлжээ.

Тэрбээр гэртээ харихаасаа өмнө шинэ тэргээ Ираны хилээр оруулах зөвшөөрөл авах хэрэгтэй. Үүний тулд Ираны албан тушаалтнууд Европын холбооноос тодорхой бараа бүтээгдэхүүн Иранд оруулах хоригийг түр хугацаанд хүчингүй болгох ёстой.

Ираны тээвэрчин Каземи 25 жилийн турш Европ руу ачаа бараа тээвэрлэж байгаа аж. Энэ сарын 3-нд 30 жил явсан ачааны тэрэг нь Польш улсад эвдэрснээр энэ бүх асуудал эхэлжээ. Польшийн тээвэрчид мэргэжил нэгт нөхөртөө туслах аяныг интернетээр өрнүүлж, иран жолоочийг ундалж, хонуулж туслахыг уриалсан байна. Тэд нэг хоногийг дотор шинэ тэрэг авахад шаардагдах 25 мянган ам.долларыг цуглуулж чадсан төдийгүй хандивын хэмжээ 65 мянган ам.долларт хүрч, нэмэгдсээр байна.

Ираны хуулиар тус улсын хилээр гурваас бага жилийн насжилттай автомашин оруулахыг зөвшөөрдөг бөгөөд сайхан сэтгэлт хүмүүс Каземид 2017 оны ачааны тэрэг авахаар зэхэж байна.

Гэвч Ираны хориг арга хэмжээнээс болж энэ төлөвлөгөө нурах эрсдэлтэй байна. Тиймээс Ираны эрх баригчдаас Каземигийн шинэ тэргэнд зориулж онцгой зөвшөөрөл олгохыг хүсэх хэрэг гарах юм.

“Европоор би 20 гаруй жил тээвэр хийсэн. Польш хүмүүстэй дотно танилцах боломж олдож байгаагүй. Тэд гайхалтай сайхан сэтгэлтэй улс юм. Надад ингэж тусалж байгаад нь өнөө хэр итгэж чадахгүй байна” гэж тэрбээр орон нутгийн нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрбээр ээжийнхээ санааг зовохгүйн тулд энэ талаар хэлээгүй гэжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top