АНУ Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ чангатгалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

АНУ Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээний хүрээг тэлж, тус улсын “Mahan Air” агаарын тээврийн компани, тус компанийн хэдэн арван онгоцнуудыг хар жагсаалтад нэмж оруулжээ. Түүнчлэн хориг арга хэмжээний жагсаалтад Ираны нэг иргэн, Иран, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмиратын таван компани, хоёр усан онгоц багтжээ.

Өмнө нь терроризмыг дэмжсэн гэх хэрэгт сэжиглэгдэн хоригт ороод байсан “Mahan Air” энэ удаад үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хэрэгт унажээ.

Ираны дэглэм бүс нутгийн алан хядах сүлжээ, алан хядагчдыг зэвсгээр дэмжих зорилгоор агаарын болон усан тээврийг ашиглаж, Сири, Йемен дэх хүмүүнлэгийн хямралыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж байна гэж АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.

Хар жагсаалтад орсон Ираны иргэн Абдолхосейн Хэдри болон түүний эзэмшлийн компаниуд исламын хувьсгалыг хамгаалагчдын корпуст нийлүүлэлт хийсэн гэж Мнучин тайлбарлажээ.

Хар жагсаалтад орсон компаниудын АНУ-ын газар нутаг дахь өмчийг царцаах бол АНУ-ын иргэд эдгээр компанитай хамтарч ажиллахыг хориглож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top