“Тэс петролиум” компанийн нэг тонн шатахуун асгарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 02

“Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан зургаан тоннын чиргүүлээс их хэмжээний шатахуун асгарсныг онцгой байдлын алба хаагчид аюулгүй болгосон байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд “Баянгол дүүргийн долоодугаар хороо, Гэмтэл согог, сэргээн засах төвийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү” гэсэн дуудлага иржээ.  Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч ажиллажээ.

Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан зургаан тоннын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад буцаж алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс нэг тонн гаруй шатахуун асгарсан байна. Түүнчлэн аврагчид элс, давсаар асгарсан бензинийг саармагжуулахын зэрэгцээ чиргүүлийн цистернд үлдсэн шатахууныг өөр машинд юүлэх ажлыг гүйцэтгэсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top