2020 он эхэлснээс хойш үргэлжилж буй байгалийн гамшгууд

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Шинэ он гарснаас хойш хоёр долоо хоног өнгөрчээ. Харин дэлхий дахинаа байгалийн гамшиг тасарсангүй. Дэлхий дахины анхаарлыг өнгөрөгч есдүгээр сард эхэлсэн Австрали улсын түймэр татаж байх зуур дэлхий дээр эдгээр гамшгууд тохиолджээ. Зарим цаг уурчид эдгээр гамшгуудыг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.


Филлипинд галт уул дэлбэрчээ

 Филиппиний нийслэл Манила хотын ойролцоо орших галт уул оргилж, эргэн тойрондоо их хэмжээний үнс нурам цацагджээ. Өнгөрөгч ням гарагт улсын нийслэл хотоос өмнө зүгт 60 километрийн зайд орших Лузон арлын “Тааль” хэмээх галт уулын тогоонд энэхүү дэлбэрэлт болсон бөгөөд ойрын өдрүүдэд үүнээс ч том дэлбэрэлт болж болзошгүй тухай орон нутгийн Газар хөдлөлт, галт уул судлалын хүрээлэнгээс мэдэгдсэн байна. Үүний улмаас 250 орчим нислэгийг цуцалж 8000 орчим иргэнийн нүүлгэн шилжүүлжээ. Тус галт уул нь өнгөрсөн 450 жилийн дотор нийт 34 удаа идэвхэжсэн бөгөөд үүнээс үүдэн цунами үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

 

 

Австралийн түймэр үргэлжилсээр

Өнгөрөгч есдүгээр сард Австрали улсад гарсан түймэр өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Үүний улмаас нэн ховорт тооцогдох амьтан ургамал устаж үгүй болохын зэрэгцээ дэлхийн ойн нөөцийн тал хувь нь устсан гэх тооцоо гараад буй. Мөн түймрийн улмаас 24 хүн нас барж хагас тэрбум амьтан устаж, 1400 байшин шатсан гэх судалгаа гараад байна. Түймрээс үүдэлтэй утаа удахгүй дэлхийг бүхлээр нь бүрхэнэ гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгджээ.

 

 

Саудын Араб улсад цас оржээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Саудын Араб улсын хойд хэсэгт орших Табук орчим цас орсон байна. Харин нутгийн зүүн хэсэг болох Абу Даби, Дубай, Шаржагийн зарим газраар хүчтэй аадар бороо орж үерлэжээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар энэ долоо хоногтоо уулархаг газраар дахих цас орж болзошгүй хэмээн анхааруулсан бөгөөд тус газар цас орох нь 40 жилдээ ганц тохиох ховор үзэгдэл аж.

 

 

Индонезийн үер 66 хүний аминд хүрэв

Он гарахын өмнө Индонези улсын нийслэл Жакарта болон ойролцоох хотуудад  хүчтэй аадар бороо орж эхэлсэн бөгөөд уг үер 66 хүний аминд хүрээд байна. Мөн 60 мянга гаруй хүн орон гэрээсээ дүрвэж хоргодох байранд очжээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар энэхүү аадар бороо энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. 2013 онд тус улсад мөн их хэмжээний үер болж 29 хүн амь насаа алдаж байсан бол энэ удаагийн үер цаашдаа хэр хэмжээнд хүрэх нь одоогоор тодорхойгүй байна. Үерийн улмаас 1300 орчим байшин эвдэрч, 74 дүүрэг үерт автаж, 17.00 хүн бэртэж, 16 сүм сүйджээ.

 

 

Пуэрто Рикогийн газар хөдлөлт газарзүйн байршлыг нь өөрчилжээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн Пуэрто Рикод 2000 орчим удаагийн газар хөдлөлт мэдрэгджээ. Өнгөрөгч мягмар гарагт хамгийн хүчтэй буюу 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн бөгөөд тус улсад өнгөрсөн зуун жилийн турш бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ байлаа. Үүний улмаас нэг хүн нас барж 600 орчим барилга байгууламж эвдэрч, 110 сая долларын хохирол учирсан байна. Мөн тус улсын газарзүйн байрлалд өөрчлөлт орж Понс хотын далайн эрэг орчмын газар доош болон баруун чиглэлд 14 см нүүсэн байна.

 

 

Япон улсад галт уул дэлбэрэв

Өнгөрөгч бямба гарагт Японы баруун өмнөд хэсгийн Кюүшю арал орчим байрлах Симмоэ галт уул  дэлбэрчээ. Тус дэлбэрэлтийн улмаас эргэн тойронд нь орших суурин газрууд тоос, тортогт дарагдах болсон бөгөөд газрын гүнд хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж эхэлсэн байна. Үүний улмаас газрын нуранги болон халуун хайлмагийн урсгал аюул авчирч магадгүй гэнэ.

 

 

Мексикийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрчээ

Мексик хотоос зүүн өмнөд зүгт орших Эл Попо хэмээх галт уул өнгөрсөн пүрэв гарагт дэлбэрчээ. Нутгийнхаа хамгийн идэвхтэй галт уул хэмээгдэх тус галт уул эргэн тойрноо мөн л үнс, тоос, тортгоороо нөмөрсөн бөгөөд хүний амь эрсдээгүй байна. Тус галт уул 2005 оноос хойш идэвхжиж эхэлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top