Ц.Нямдорж: Прокуророос нууц бичиг ирсэн тул ХААЛТТАЙ хуралдсан

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.17/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн боловч гишүүдийн ирц бүрдсэний дараа буюу ирэх долоо хоногт асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэр гаргахаар болжээ. Учир нь тус хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд бүрдүүлдэг бөгөөд Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа аж. Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржоос дараах тодруулгыг авлаа.


-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?

-Прокуророос санал ирснээр 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай. Хуулийн нөхцөл тодорхой шалтгааны улмаас зөрчигдөх нь. Ажлын хоёр өдөрт хэлэлцэх ёстой. Д.Лүндээжанцан гишүүн гадаад явсан гэдгийг мэдэлгүйгээр прокурор бичиг оруулж ирсэн. Ч.Улааны томилолтыг мэдээгүй байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр ирэх долоо хоногт энэ асуудлыг үргэлжлүүлж хэлэлцээд Халдашгүй байдлын хорооны шийдвэр гарна.

-Прокуророос ямар үндэслэлээр түдгэлзүүлэх санал ирүүлсэн бэ?

-Прокуророос нууц гэсэн дардастай бичиг ирсэн. Хуралдаан хаалттай болсон. Яг дотор нь байгаа асуудал нь мөрдөгдөж байгаа хэргийн нууцтай холбоотой.

Мөрдөгдөж байгаа хэргийг прокурорын зөвшөөрлөөр нийтэд тараадаг хуультай учраас би нарийн мэдээлэл өгч чадахгүй.

-48 цагийн заалтыг зохицуулах хуулийн гаргалгаа байдаг уу?

-Байхгүй. Ер нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана гишүүний тоог дагасан Засгийн газрын тогтвортой ажиллах асуудал хөндөгддөг, магадгүй улс төрийн аюултай байдал байдаг учраас Халдашгүй байдлын хороонд парламентад олон жил суусан гишүүдийг томилдог. Тэгээд санал нэгтэйгээр шийдвэр гаргадаг гэх зэрэг нарийн учиртай юм.

Жишээ нь, 2004 онд УИХ-д АН-ын гишүүдийн тоо 34 байсан. МАН-ынх 33 байсан. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан. улс төрийн зорилгоор нэг л гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд Засгийн газар солигдох үр дагавар дагуулах байсан. 1996 оны УИХ-д Ардчилсан холбоо эвсэл 50, МАН 25, О.Дашбалбар нэг гэж байсан. Тэр үед Засгийн газрын хувь заяаг О.Дашбалбар гишүүний саналаас хамаардаг байсан. Тэгэхээр Халдашгүй хорооны шийдвэрийн цаана ийм нарийн зүйлс байдаг. Тиймээс бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байж саналаа гаргая гэж тохирсон.

-Өмнө нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг халдашгүй байдлын дэд хороо хамгаалаад үлдсэн гэх шүүмжлэлд ямар тайлбар хийх вэ?

-Хамгаалаад байгаа юм байхгүй. Шалгаж дуусчхаад яг гарцаагүй гэмт хэрэгт холбогдуулж түдгэлзүүлэх хүмүүс байвал нэг удаа, бөөнд нь оруулж ир гэсэн.

Тэгэхгүй бол өдөр бүр нэг хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирээд байсан. Тэгээд нэг удаагийн хурлаар шийдвэрээ гаргая гэсэн шийдвэр гарсан. Түүнээс хойш прокуророос санал оруулж ирээгүй байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(139.5.217.237) 2020 оны 01 сарын 18

ер нь УИХ олон жил сонгогдсон ахмадуудын үлгэр дуурайллаар хойч үеийн залуучууд замнаж яваа шүү эдгээр үлгэргүй нөхдүүдийг үндсээр нь арчиж төрөө цэвэрлэцгээе монголчууд аа сонгогчид оо

0  |  0
Ц.Цогзолмааг-н нөхөр(185.220.101.35) 2020 оны 01 сарын 17

Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ”Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх” 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч ”ТБЕА Энержи Монголиа” ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 сая төгрөгийн хахууль авсан ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурор хянаж байна.

1  |  0
Иргэн(103.57.93.57) 2020 оны 01 сарын 17

Хэрэггүй. Дэд хороо. Иргэддээ итгэдэггүй. Үүргийг нь үүрүүлдэггүй. Хойд эхийн царай гаргадаг МАН.

1  |  0
Bayraaa(103.10.22.40) 2020 оны 01 сарын 17

Olon niited il bolson zuiliig nuust bichleg gedgen haashaach ym manai huuli zuin said 10 n alham ard yvaa ym bolv uu iim zunsun uvguniin tahij songoh uu uursduu med,,,,,,,,,,\n

1  |  0
иргэн(192.82.76.77) 2020 оны 01 сарын 17

Худлаа ярихаас өөр зүйлгүй энэ мэт

1  |  0
Top