Өмнөд Солонгосын арми трансжендер алба хаагчийг халжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

БНСУ-ын арми лхагва гарагт /2020.01.22/ саяхан хүйсээ солиулах мэс ажилбар хийлгэсэн алба хаагчийг армиас халах шийдвэр гаргажээ.

Өмнөд Солонгост цэргийн шүүх хүйсээ солиулсан алба хаагчийг чөлөөлөх эсэх асуудлаар шийдвэр гаргасан анхны тохиолдол аж. Тус улсад трансжендер хүмүүст армид алба хаахыг хориглодог хэдий ч алба хааж байхдаа хүйсээ солиулсан тохиолдолд хэрхэхийг зохицуулсан тусгай хууль байдаггүй гэнэ. Мэдэгдэлд алба хаагч хүйсээ солиулах мэс ажилбар хийлгэсэн нь түүнийг армиас чөлөөлөх шалтгаан болсон гэж дүгнээд эл шийдвэрийг хувь хүний өөрчлөлтийн тухай цэргийн хуульд үндэслэн гаргасан гэж онцолжээ. Тус хуульд биеийн болон сэтгэцийн өөрчлөлттэй алба хаагчийг армиас халах тухай заасан байдаг аж. Цэргийн албанаас чөлөөлөгдсөн түрүүч өнгөрсөн оны сүүлээр гадаадад хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн бөгөөд эмэгтэй цэргийн хувиар албаа үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байна.

Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комисс эл алба хаагчийн асуудлыг цэргийн шүүхээр шийдвэрлэх нь хүйсээр ялгаварлан гадуурхсан, үндсэн эрхийг нь зөрчсөн үйлдэл болно гэж үзээд энэ шийдвэрээ хойшлуулах зөвлөгөө өгсөн байна.

Сүүлийн жилүүдэд тус улсад жендерийн асуудлаарх нийгмийн хандлага өөрчлөгдөж, ижил хүйстний сэдэв бүхий кино, телевизийн цуврал хит болоод байгаа ч бэлгийн цөөнхийг эсэргүүцсэн хандлага хүчтэй хэвээр байна. Хүний эрхийг хамгаалагчдын хэлснээр, транжендер хүмүүс гадуурхалт, дарамт, тохуурхалд өртдөг тул сэтгэл зүйн дарамтад орж, амиа хорлох тохиолдол элбэг гардаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(211.189.245.40) 2020 оны 01 сарын 25

Hvvhen yum chini uilhaas vahab bavariin nulimas buun buun bavraa huu

0  |  0
Top