Их Британийн дээд шүүх эмэгтэй хүний хуулийн тодорхойлолтын талаар шийдвэр гаргажээ. 2010 оны тэгш байдлын тухай хуульд заасан “Эмэгтэй”, “Хүйс” гэсэн нэр томьёо нь биологийн эмэгтэй хүн болон биологийн хүйсэд хамаарна гэж шүүхийн тогтоолд онцлон тэмдэглэсэн байна. Ингэхдээ тус хуулиар трансжендер хүмүүс ялгаварлан гадуурхалтаас хамгаалагдана гэж шүүгч лорд Хож онцолсон байна.
Их Британийн Консерватив намын тэргүүн Кеми Баденок шүүхийн шийдвэрийг “ялалт” гэж нэрлээд “транс-эмэгтэйчүүдийг эмэгтэй” гэж хэлэх нь бодит байдалд ч үнэнд үл нийцэж байсан харин өдгөө хууль, эрх зүйн хувьд ч үнэн биш боллоо. Энэ бол үнэнийг хэлснийхээ төлөө доромжлуулж, ажилгүй болсон бүх эмэгтэйчүүдийн ялалт юм гээд эмэгтэйчүүд бол эмэгтэйчүүд, харин эрчүүд бол эрчүүд. Биологийн хүйсийг солих боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Шүүхийн эл шийдвэр нь Шотландын засгийн газар, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “For Women Scotland” байгууллагын хооронд үүссэн урт хугацааны маргааныг эцэслэж байна. Шотландын засгийн газар жендерийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ бүхий трансжендерүүд хүйсийн шинжээр хамгаалуулах эрхтэй гэсэн байр суурийг баримталдаг бол “For Women Scotland” байгууллага энэхүү эрх зөвхөн эм хүйстэй төрсөн хүмүүст хэрэглэгдэнэ гэж үзэж байгаа юм.
2018 онд Шотландын парламент төрийн байгууллагын удирдах түвшинд жендерийн тэнцвэрийг хангах хууль баталжээ. “For Women Scotland” байгууллага эл хуулиар олгосон квотод трансжендерүүдийг багтаасны төлөө шүүхэд гомдол гаргасан байна. Шотландын шүүх удаа дараа хэлэлцсэний эцэст уг асуудлыг Лондон дахь Дээд шүүхээр эцсийн шийдвэр гаргуулахаар шилжүүлжээ. Тус байгууллага хэрэв шүүх засгийн газрын талд шийдвэр гаргавал эмнэлэг, хорих газар, асрамжийн газар зэрэг алба, байгууллагуудын үйл ажиллагаанд сөрөг үр дагавартай болохыг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )