Канадын шүүх “Volkswagen” компанийг 150 сая ам.доллароор торгожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Канадын шүүх Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” концернд 149.5 сая ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргажээ. Тус концерн автомашины утаан дахь хортой бодисын агууламжийн талаарх мэдээллийг өөрчилснөө хүлээн зөвшөөрсөн байна.

Канадын прокурор Том Лемоны хэлснээр, энэ нь байгаль орчны эсрэг гэмт хэргийн төлөө ногдуулж байсан хамгийн өндөр торгуулийн хэмжээнээс даруй 26 дахин их аж. “Volkswagen” концерн торгуулийн мөнгийг экологитой холбоотой үндэсний болон бүс нутгийн төслүүдийг дэмжихэд зарцуулна гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус концерныг автомашинаас ялгардаг утаан дахь хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг заасан экологийн стандартад нийцээгүй 180 мянган автомашиныг Канад улсад нийлүүлсэн хэрэгт буруутгасан юм. “Volkswagen” концернтой холбоотой дизель түлшний дуулиан 2015 онд дэгдсэн. “Volkswagen” автомашинуудад утаан дахь хорт бодисын агууламжийн хэмжээг бууруулж хэмждэг программ хангамжийг суулгасан байсан нь илэрсэн билээ. Бодит байдалд утаан дахь хорт бодисын агууламж хэд дахин өндөр байсан нь тогтоогдсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top