Египетийн 3000 жилийн настай ламын дуу хоолойг сэргээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Эрдэмтэд эртний Египетийн занданшуулсан ламын дуу хоолойг хиймэл дууны хөвчийн тусламжтайгаар 3000 жилийн дараа дахин сэргээжээ. Эртний Египетийн Тэбэс хотын Несямун гэгч ламын дуу хоолойгоор хонь майлахтай төстэй эгшиг авиа гаргажээ.

Тэрхүү лам М.Э.Ө 1099-1069 оны хооронд XI Рамзес фараоны үед амьдарч байжээ. Эрдэмтэд ламын заданшуулсан шарилыг сканнердаж, 3D принтерээр ламын дууны хэмжээс бүхий яг ижил дууны хайрцаг, хоолойн хөвчийг хэвлэж авчээ. Хиймэл төвөнхийн авиан тусламжтайгаар гаргаж авсан эгшиг авиа нь Несямуны хоолойн өнгө гэсэн үг. Энэ нь талийгаачийн дуу хоолойг сэргээсэн анхны амжилттай төсөл юм. Цаашид эрдэмтэд компьютер ашиглан Несямуны дуу хоолойгоор бүтэн өгүүлбэрүүдийг бүтээх боломжтой болно гэж найдаж байна.

Лондонгийн их сургууль, Йоркийн их сургууль болон Лийдсийн музейн  эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгджээ.

Дуу хоолойг сэргээх арга нь олон жилийн өмнө нас барсан хүний дуу хоолойг дахин сонсох боломж олголоо гэж Йоркийн их сургуулийн археологийн сургуулийн профессор Жоанн Флетчер өгүүлжээ.

Несямун нь хуучны Тэбэс /одоогийн Луксор/ хотын Карнак цогцолборын Амун сүмийн лам юм. Түүнийг тодорхой түвшинд ариуссан гэж үздэг байсан тул сүмийн хамгийн ариун газарт байрлах Амун бурхан шүтээнтэй харьцахыг зөвшөөрдөг байсан аж. Тэрээр 50 орчим насандаа өөд болсон гэж үздэг. XI Рамзес фараоны үед хамаарах одоогоор олдоод буй цорын ганц занданшуулсан шарил эртний Египетийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Несямуны занданшуулсан шарил өдгөө Лийдс хотын музейд хадгалагддаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top