Ромын дүрмийн өөрчлөлтийг соёрхон батлах хуулийг дэмжив

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.28) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. 

Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны долоодугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны арванхоёрдугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны дөрөвдүгээр сарын 5-нд соёрхон баталсан. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны есдүгээр сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны хоёрдугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж ОУЭШ-ийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 ter дугаар зүйл нэмсэн. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд 2 төрлийн хязгаарлалт тогтоосон. Нэгдүгээрт, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрдугаарт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, асуулт асууж, Н.Энхболд сайдаас хариулт мэдээлэл авлаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил хэлэлцэж буй асуудал болон олон улсын гэрээ, конвенцтэй холбоотой, эдгээрийн хэрэгжилттэй холбоотойгоор олон улсын мэргэжилтнүүдээс ирүүлсэн зөвлөмжийг тоймлон УИХ-ын гишүүдэд ирүүлж байх саналыг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь төслийг дэмжсэн тул энэ санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top