ӨГҮҮЛЛЭГ: Ээж ирнэ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 01

Зохиолч, яруу найрагч Л.Батсайхан


Олон жилийн өмнө цэргийн хуаран байсан гэх энэ газарт одоо юу ч үлдсэнгүй. Нэгэн их цагийн эргүүлэгт бутарч сүйдээд танихын өнгөгүй болсон мэт  Энд цэцэг ч ургасангүй, Аадуун гэх хүүгийн дэгдэн харайдаг цэнхэр зөрөг, аавынх нь өглөө явж орой ирдэг тэр тод харгуйг ч үлдээсэнгүй. Бүдэг бадагхан сэтгэлд зурайх тэр харгуй алсаас алс бүр тэнгэрийн хаяа руу зэллээд явчихсан мэт санагдсаар л байлаа.... Туйлбаргүй сэвэлзэх салхинд яндан дүн дүн дуугарч, гээгдэж гандсан алчуур мэт тэртээх дэрст хөндий уйтгарлан бөхөлзөнө. Хаа нэг сочин нисэх бор шувуунаас өөр чимээ анирт амьтан үгүй мэт намрын салхинд анигдан уусаж чимээ алдрах ажээ. Уйтгарлан бөхөлзөх тэртээх дэрст хөндийн захаар догонцон гүйж  талаар нэг нэлийтэл барьсан цэргийн хуарангийн чулуун хашааг тойрон харайсан ч, хаа нэг таарах хонин гүрвэлийг эцэж цуцтал нь элдэн хөөцөлдсөн ч, сэтгэлийг нь хаяалан, өтгөрч зууралдсан мэт өдөр хоногууд зовиуртай удаан өнгөрөх ажээ. Аадуун бэтгэрэн санаж   орилон хашгирч байв. Ээж...ээж хэзээ ирэх бол оо. Алсын ухаа толгодын дундуур сүлжин зурайх машин замыг харуулдан шивнэв. Ээж ...ээж... хэзээ ирэх юм бол...Тэр ааваасаа асуусангүй . Асууж ч чадсангүй. Ээж ...ээж... хэзээ ирэх юм бол...ээж ингэж л хэлэх юм бол нулимс нь татрахгүй асгарчих гээд, гэдэс цээж нь өмөрч базалж  өвдчих гээд байлаа. Ээж нь яваад нэг жил болчихжээ. Гарыг нь биеийг нь бүр нүүрэн дээгүүр нь дайраад явчих шиг санагдсан ачааны машинд суугаад явчихав. Лааны гэрлээс үүссэн ээжийнх нь том сүүдэр бүгдийг нь чирээд гэрээс нь хамаад явчихаж.

Зуухны амаар гялс гялсхийх галын гэрэлд хүүгийн аав бодлоо шатааж хайлуулаад юу ч үгүй эзгүй хоосон, харанхуй болчихсон мэт хөнхөр нүдээ үл цавчлахыг Аадуун хэзээ ч мартахааргүй харжээ. Үдшийн анирыг нураах мэт асах  машины дуунаар  Аадуун гэрээсээ гүйн гарав.  Ээж нь  алив миний хүү   хүрээд ир, ээждээ хүрээд ир... нааш ир миний хүү ... хүүгээ удаан тэврээд: - Миний хүү ээж нь хүүгээ аваад явъя  ээжтэйгээ хамт явах уу..-Үгүй ээ үгүй  ээж нь одоо аваад явж чадахгүй ээж нь удахгүй ирнэ.  Өмөлзөн уйлж байлаа. Аадуунд хэлэх үг олдсонгүй. Ээжийгээ дагаж уйлахгүй л  юмсан. Тэр явахыг ч хүссэнгүй бас явуулахыг ч хүссэнгүй.  Юу ч хэлж чадсангүй ээ.  Маргад мэт ногоорох хүнд сарны зүгт ачааны том тэрэг хүнгэнэх дуугаараа үдшийг бужигнуулан хийсгэсээр алгуурхан холдов оо. Ийн урсан хайлах мэт гүн ногоон саран намрын дунд сард л манддаг ажээ.  Аадуун ээжийгээ санаж байв. Өглөө болгон утасны шон руу чулуу шиддэг болов. Энэ гурван чулуугаар бүгдээр нь онох юм бол ээж өнөө орой ирнэ. Ийм сартай орой явсан ийм сартай орой ирнэ. Тэр чулуугаа шидсээр л байв. Хичнээн холоос шидээд бүгдээр нь онох юм  бол ээж ирнэ. Их холоос чулуугаа шидэв. Нэг, хоёр, гурав дахь чулуугаараа оносонгүй. Аадуун орилжээ. Би оноогүй, би чадсангүй, ээж ирэхгүй нь. Нүдээ бүлтэртэл тархиа задартал сэтгэл дотроо орилсоор л байлаа.

Ажин түжин нам гүмд хайлмагтан буцлах зэрэглээнд тэртээх дэрст хөндий нэг цухалзан нэг далдран харагдаж говь нутгийн их аагим халуун чихэнд дүнгэнэн сонсогдоно.  Хааяахан сэрхийх салхинд хэцэн дээрх хувцас амьд ахуйг санагдуулах мэт үл мэдэг чичрэхэд Аадуун гэрийнхээ сүүдэрт сууж тэртээ дээр эргэлдэх хоёр элээг удаан харав. Элэн халих тэр шувуудын дунд гараа алдлан хөвж, сэрүү татах агаараар уушиг зүрхээ дүүргэн гэдсээ цэрийтэл амьсгалахсан гэж хүсэв. Тэр өндрөөс гэр рүүгээ харж догонцон, догонцон бүдчин, бүдчин гүйдэг цэнхэр зөргөөр аавынхаа өглөө явж орой ирэхийг нь харахыг хүсэв. Тэр өндрөөс ертөнцийн түмэн зүгт хараагаа бэлчээн маргад мэт ногоон сар луу орчихсон ачааны машиныг олоод ээжийгээ дагуулаад ирэхийг хүсчээ. Салхи үе үе сэр сэрхийв.  Тэдний гэрийн ойролцоо хэд хоногийн өмнө хангайгаас авчирч хураасан нойтон  модны үнэр говийн бүгчим агаарт нэгэн гоо бүсгүй бүжих мэт сэнгэнэнэ. Аадуунд энэ үнэр их дотно санагдахад тэр ээжийгээ санав. Ээжтэйгээ нутагт нь очиход ийм үнэртэй салхи салхилж байжээ. Ээжийнх нь тэврүүлдэг  хагалсан  түлээнээс ийм  үнэр  гардагсан, ээжээс  нь  ч бас үнэртдэг нь  тодоос  тод  санагдахад  бүр  ойртож  үнэртэх  гэж  хураасан  модон дээр гүйж очжээ. Халуун наранд  хайлан урсах давирхайны  чийглэг үнэр модон дээр гарч зогсоход илүү хурц үнэртэж байв.

 Энэ хурц тод үнэрийг бужигнуулан хийсгэх гэж нааш цаашаа гараа савчин савчин гүйлээ. Энэ хурц үнэрийг барьж аваад чангаас чанга атгаж үзэхсэн гэж хүсчээ. Харин энэ   чимээнээр  модны  сүүдэрт  нуугдсан  нэгэн  муурын  зулзага  гарч  зугтав. Хөвөөд  хийсээд байгаа мэт санагдах  энэ  муурын  зулзагыг барьж аваад эрхлүүлж тоглохсон гэж хүсэв... үгүй үгүй... энэ надаас зугтаад надтай тоглохгүй...  харин энэ муурыг алчихвал  ээж ирэх болов уу? гэж   Аадуун өөрөөсөө асууснаа,  өнөө  орой ирнэ...  өнөө орой ирнэ, заавал  ирнэ  гэж шивнэх шиг  хачин этгээд бодол  зурсхийжээ.  Ээж ирнэ, ээж ирнэ  гэж амандаа үглэсээр эргэлзэж тээнэглзсэнгүй гартаа  таарсан  нэг  бөөрөнхий чулууг  шүүрч  аваад  муурын  зулзагыг элдэж  хөөх нь тэрээ.  Хар  хөлс  нь  цутгаж,  нулимс  нь  асгарсан  ч эрч хүчтэй хурдан  шаламгай элдсээр л байлаа. Айж  сандарсан  тунай муутай муурын  зулзага  зугатсаар цэргийн  хуарангийн  өндөр  хашаа  өөд авирах  мөчид Аадуун  тэрнийг чулуугаараа  цохиж  унагаалаа.  Гэмтэж, муурсан  муурын  зулзага  зовиуртайгаар  гиншин  дуугарахад  Муурын  энэ  зовиуртай этгээд  дуу  Аадуунаас өөрөөс нь гараад байгаа юм шиг Аадуун өөрөө ингэж дуугараад  байгаа юм шиг  өвтгөв.  Тэр  удаан  зогссонгүй.  Гиншин  дуугарах  муурын  зулзагыг  шүүрч  аваад  давирхай ханхлах  хураалттай модон  дээр  аваачиж  толгойгоор  нь  тас савж шидлээ. Аадуун тал тал тийшээ хараад ээжийгээ энэ модны үнэрээс гараад ирээсэй гэж хүсэв. Ээжийгээ хажууд нь зогсож байгаасай гэж хүсчээ. Аадуун өөрийгөө хачин их ганцаардаж байгаагаа мэджээ.  Тэрний нүдэнд  нь  нулимс,  духанд  нь  хөлс огт  байгаагүй мэт  ангамал гандмал  болчихсон байлаа.

Энэ шөнө намрын  дунд  сард  л   манддаг маргад мэт  ногоон  саран их  говийн  аагим  халууныг  дарах  мэт  хөвөн хөвсөөр мандаж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top