Зиндаа.мн сайтын "Богино өгүүллэг" булан шинэчлэгдлээ. Уншигч та бүхэн долоо хоног бүрийн бямба гарагт аудио, текст хосолсон хэлбэрээр богино өгүүллэг хүлээн авч, сонсоорой. Энэ удаа Жагдалын Лхагвын "Цаст уулын чулуу" богино өгүүллэгийг хүргэж байна.
Зохиолч Жагдалын Лхагва нь 1942 оны гуравдугаар сарын 18-нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар Санжмятав, Жагдал нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Ээж аав нь шашин шүтлэггүй энгийн малчин ард байсан гэдэг. Саарал даага, Толгодын цаана ингэ буйлна, Ахыг дагасан хүн, Сарны шороо, Хулангийн тоос, Атга чулуу, Алаг чулуу, Дутуу хөрөг, Арвын Б гийн тэнэг, Шөнө ногоо ургадаг зэрэг номууд хэвлүүлсэн. Ж.Лхагвын уран бүтээлийг төр засгаас үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал тус тус хүртэж байсан түүхтэй.
АУДИО ХУВИЛБАР
ЦАСТ УУЛЫН ЧУЛУУ
Би анх гаднаас захидал авсан мөчөө хүнд хэрэгтэй болж эхэлсэн үе гэж санадаг. Тэгж санаснаасаа ч болсон уу, өөр хадгалах хогшилгүйдээ ч тэгсэн үү, бусдаас авсан бүхий л захидлыг нандигнан цуглуулж эхэлсэн бөгөөд аргалын утаанд олон жил утагдан зандангийн өнгөтэй болсон нэгэн гоёмсог шоголд тэднийгээ хадгалах болсон юм. Бидний багад эмээ энэ шоголд “Алтангэрэл”-ээ хийж дэрэн тушаагаа тавиад тэнгэр дуугарах бүрий аянгын дуутай зэрэгцэн түүгээрээ адислана. Уулга алдахдаа ч чанга буулгачихдаг юм уу, заримдаа толгой дүйртэл адислахад нь нөгөө аянга нь буучхав уу гэж бодогдох өдөр бас байх. Эмээ маань адислаж дуусаад биднийгээ тэнгэр ниргэхээс аварчихлаа гэж үнэхээр боддог сон уу, Жавхлант хайрханыхаа оройд буух аянгын хүчийг тэр уулынхаа үр сад болох бидний толгойд сарниан тарааж байна ч гэж санадаг байсан уу их л юм бүтээчихсэн хүний дүртэй ихэмсгээр гэдийгээд амаа умалзуулан маани хэлж суудаг сан.
Эмээг өөд болоход Алтангэрэл нь яасан ч юм бүү мэд, энэ шогол нь л үлдчихээд эхлээд дүү нар шагайгаа хурааж, дараа нь би захиануудаа хадгалах болсон юм. Одоо энэ хайрцганд гурван зуугаад захиа бий. Энэ дотор инээд баяр, учраа болзоо,үхэл хагацал, уур унтуу ер хүний орчлонд байдаг бүхэн биесээ дэрлэн нойрсох боловч тагийг нь онгойлгох төдий олон жил барьсан эсгий туурганы өнгөт цааснууд нь амь орон, шөнө дөл түргэн жагсаал авсан цэргийн хуаран шиг дүрхийн шавигналдана. Тэгээд олон янзын хэлээр бие биеэсээ өрсөн инээж, уйлж, ярьж, зөөлөн гуйж, зүхэж эхэлнэ. Хэчнээн янзын араншин, хэчнээн бодол, мөрөөдөл, цөхрөл энэ жаахан хайрцганд багтана вэ.
Ганцхан захидлын түүхийг өгүүлсүгэй. Хортой харандааны үзүүр норгон байж бичсэн энэ нэгэн захидал Данзан гуайнх. Хэдэн ч өдөр юм бэ амран амран байж бичсэн энэ хэдэн мөрөнд дүрмийн хувьд зөв бичсэн нэг ч үг байхгүй мөртлөө бүхэлдээ хорвоотой тэнцэх үнэн байлаа. Данзан гэх энэ тангад хүн хэзээ ямар хувь зохиолоор цаст уулнаасаа бууж ирээд говийн тэрхүү элс шуурсан хонхорт хоргодох болсныг хэн ч мэддэггүй. Мөнхийн шүрэн цохио, Гурван Хөвсгөлийн уултай адил заавал байх ёстой юмны нэг мэт бодоцгоодог байжээ. Дөчөөд оноос хойш хорин жилийн дотор сумын сургуулиар дамжиж гарсан олны дунд Данзан гуайн хийсэн хоол,чанасан боорцогноос амсаагүй нь нэгээхэн бээр ч үгүй. Бас “ Буга согоо “ хэмээх Түвд дуу дуулахыг нь сонсоогүй хүн тэдний дунд байхгүй биз ээ. Сургуулийн улаан буланд үдэшлэг хийх болгонд Данзан гуай хэдийнээ ирээд суучихсан байх бөгөөд үдэшлэгийн ажиллагаа талдаа орохын анзаанд зарлан удирдагч голлуулж тавьсан улаан бүтээлэгтэй ширээ түшин зогсож, шалнаас боссон тоос, хүүхдүүдийн шуугиан хоёр намдахыг хүлээж байснаа:
-Одоо тогооч Данзан гуайн авьяасыг үзье гэж цангинуулан хэлэхэд Данзан гуай инээмсэглэн босож ирээд -За би одоо “Буга согоо” гэдэг Түвд ардын дуу дуулна гэж үргэлж дэргэд нь байдаг биднээс өөр, хэн ч ойлгохгүй хэлээр хэлээд дуулж гарна. Бид Данзан гуайн ярьсныг ойлгох болсноо Түвд хэлтэй болсны дайтай бодож явсан үе ч буй. Хад чулуу шиг хүдэр том биетэй тэр өвгөн зангилаатай гарын дайны чинээ хамраа өргөн урамдах дүр үзүүлж, хуруугаараа цагираг гарган нүднээ барьж, худлаа юм шиг бархиран дуулахад нь хүүхдүүд алиалж байна гэж бодоод инээлдэж байдаг сан. Данзан гуай энэ л дуугаа дуулах гэж үдэшлэгт ирдэг байжээ. Хааяа гаднаас зочидтой үед Данзан гуайн авьяасыг үзэх уламжлалт ноймроо орхиход өөрөө сануулж байгаад дуулна. Дуулж байхад нь онигор нүднээс нь нэгэн цэхэр нулимс сэмээрхэн мөлхөн гарч ирээд ичингүйрхэх мэт саатсанаа гэнэт ухасхийгээд зовхиных нь доод гүн нугалаас руу орж алга болно. Манай нутгийнхнаас “ Данзан гуайг мэдэх үү “ гэж асуувал бүгд “ Сайн мэднэ “ гэлцэх биз. Гэхдээ тэрхүү ичимхий цэхэр нулимсыг ажиглаж мэдсэн хүн тийм ч олон байхгүй биз ээ. Дотуур байрныхан гэдэг цатгалан ч дандаа л санаа дундуур явдаг хойно доо, гал тогооны өрөөгөөр гүйж, тогоочид шадарлах хүүхэд мундахгүй. Данзан гуай ч өөрөө ээлж ээлжээр дуудаж хамжаа авна. Би нэг өдөр ээлжиндээ хуушуур хийлцэж байгаад
-Та яагаад дуу дуулахдаа уйлдаг юм бэ гэж асуухад Данзан гуай гэмшингүй инээмсэглэж, нэг санаа алдсанаа эргэж устай шүүрээр хуушуур хутган пис писхийтэл тос шажигнуулаад тодорхой юм хэлсэнгүй. Би ч дахиж асуухаа мартаж орхисон билээ. Гэтэл тэр асуултын хариу бүр хожим олоон жилийн дараа ирсэн нь тэрхүү харандаагаар бичсэн захидал байлаа.Тэр захидалд -Чи намайг нутгийн дуу дуулахдаа яагаад уйлдаг юм бэ гэж асууж байсан, ОДОО ОЙЛГОЖ БАЙНА УУ? гэжээ.
Тийм ээ, би ойлгосон. Карпатын ууланд бэлцгэр ногоон навчсын сүүдэрт амарч суухдаа ч, Бессарабын толгодод усан үзмийн цэцэрлэгээр зугаалж явахдаа ч, их уст Севанд гараа угааж, нарны цус шиг Араратын шимийг хүртэж байхдаа ч араанд минь шажигнаж байгаа шаргал элс, багын тоглоом өрөөстэй улаан дэлүүд, тэмээний мөрөөр давс шүдэлдэг Сайн төгрөгийн тойрмыг огтоос мартаж үзээгүй ээ. Сургууль төгсөж ирээд би ижил олон толгодын маань нэг нь байхгүй юм шиг Данзан гуайгаа ихэд үгүйлж билээ. Явуулын уул байгаад нүүчихсэн юм шиг санагдаад байхаар шарил дээр нь очлоо. Эгэл нэгэн заяа, эгэл нэгэн чулуу байлаа. Чулуу хүртэл нутгаа санадаг ажээ.
Зохиолч Ж.Лхагва
Өгүүлэгч О.Батсүх
"Толгодын цаана ингэ буйлна" номоос
Сэтгэгдэл ( 6 )
Ёстой сайхан
Munch mundag zohiolch shuu.bogino uguullegiig iim goy bichideg hun delhiid hobor.gaihamshigtei
Bayrlaa
Их сайхан өгүүллэг уншлаа
Нэг их уртаар санаа алдав.
сайхаан сайхан