ӨГҮҮЛЛЭГ: Өвгөд минь

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 28

Өөрийгөө болон зарим нэг нөхдийг яруу найрагч хэмээн бодоход ичих өдөр бишгүй л байдаг. Гэхдээ утга, уран зохиолын энэхэн орон зайд ичиж айгаад явсан юм алга. Үзэг түшсэн нөхөдтэйгөө үгийн шидийг хайж, утгын чанад шаналж л явнам. Хамгийн гол нь говь тал тэрээх Алтанширээ нутагт минь яруу найраг шиг ярьдаг өвгөд олон байсан болохоор тэдний маань хэлж ярьж байсан нь үе үе санаанд буухад л ийн ичих бөлгөө.

Өдгөөгөөс хорь гаруй жилийн өмнө нутгийн буурал Очир гуайтай хээрийн бэлчээрт тааралдаж, дөрөө амсхийлгэн энэ тэрийг хөөрч суулаа. Тэрээр залуу зандан наснаасаа эхлээд энэ зах зээлийн нийгэм хүртэл багийн тоо бүртгэгч, багийн даргын алба хашиж явсан хүн. Дөрвөн цагийн эргэлтэд, цас шуурга, нар сарны алинд ч морины нуруу амрааж, мотоциклийн дуу таслаагүй хүн дээ. Миний багад л ийм өвгөн байсан даа. Шөнөжин бороо шивэрсэн чийгтэй талд хурц нар ёстой л нэг төөнөж байв. Ойрдоо хур хайрлаагүй талд өвс ногоо өнгө зассан гэж юу гэхэв. Өвгөн ах маань зуны чийгтэй агаар дундуур дүнсний зөөлөн цэнхэр утаа угалзруулан суунгаа

-Энэ цэцэгсийг хар даа. Наранд шатан угалзарч байгаа цэнхэр дөл дөө. Ёстой л тэнгэр өөд асан дүрэлзэж байна. Энэ цэцэгсийн наранд шатаж дүрэлзсэн хөх дөл дээш тэмүүлсээр тэнгэр нь ийм цэнхэр өнгөтэй ч байдаг юм билүү хэн мэдлээ хэмээн асарлагч хөх тэнгэр рүү ширтэж билээ. Цэцэггүй бол энэ тал мөн ч уйтгартайяа хэмээн шүүрс алдав. Үүнийг шадлаад бичвэл хачин гоё утга уянга бүхий шүлэг болно доо. Ийн сууснаа өвгөн өгүүлрүүн

-Сая сумын холбооны үүдэнд өнөөх Нордовын хөл хүнд охин бүдрээд сүйд хийх шахав. Хэвлий рүү л шархираад явчихлаа. Одоо ч хөндүүр нь гарахгүй л байна хэмээн монийсон гараараа хэвлийгээ тэмтрэн

-Нялх амьтны заяа их юм хойно доо. Энэ сайхан хөх тэнгэр нь дээш татаж, нутгийнх нь өвс ногоо өлмийг нь түшлээ дээ хөөрхий. Ерөөсөө энэ өвс ногоо чинь бидний өлмийг ивэхийн тулд ургасан юм шиг мөн ч сайхан даа. хэмээн шүүрс алдаж, 

-За тэр Дашийн хулыг ч гүйцэх амьтан алгаа, жигүүртэн ч гүйцэхгүй биз. Ёстой л сүүдэртэйгээ л уралддаг буян юм даа. Саяын аймгийн наадмаар муу Даш золиг идээ ундаагаа баахан хэтрүүлээд азаргаа алдчихсан юм гэнэ. Тэгээд баахан гэдэстэй амьтан л мордуулчихсан. Нутгийнхаа нэрийг аваад л гараад ирлээ хөөрхий сайхан буян гэнэ. Ярьж хэлж байгаа нь ерөөсөө л уран зохиол, тэр чигтээ яруу найраг, гүн ухаан юм даа. Үүнийг мэдрэмж гэхгүй бол өөр юуг мэдрэмж гэх билээ дээ. Ийнхүү бид хоёр ойр зуурыг ярилцан дөрөө авлаа. Амгай зуузай харшуулан алхлуулах зуурт мань өвгөн

-Хоёулаа энэ дутуу хуйхалсан шийрийнхээр бууя. Хүнд муу нэртэй болохоос биш мөр нь цагаан амьтан юм шүү дээ, муу “галзуу”. Байгаа нь л тэр хэмээн манай нутгийн өвгөн олноо “Галзуу” хэмээн нэрлэгдсэн Сэнгээ гуайг хэлэв бололтой. Нутаг олондоо “Галзуу” хэмээн нэрлэгдсэн энэ хөх өвгөний хамар нь сарталзаж, нүд нь гялалзахаас бусад нь үс гэж хэлж бараг болно. Түүнийгээ хусчихаар эрүү шанаа нь цэнхэртээд, зарим газартаа үс нь сөрвийгөөд ёстой л дутуу хуйхлаад орхисон шийр шиг харагддагийг санаад инээж явав.

Ийн явсаар бид “Галзуу” Сэнгээ гуайн уяан дээр морь шилгээлгэн дөрөө амасхийлгэлээ. Тэднийд уяач Даш гуай, залуудаа барилдаж явсан сумын заан Цэнд-Очир, адуучин Дамдиндорж нарын өвгөд ёстой л өнөөх эрүү ам зодолдуулж, шимийн архи балгаж суугаа бололтой. Муу хөгшин нь эргэнэг зуух хоёрын дунд л хөл нугалан суугаагаараа аяга шанага дөхүүлэн, хаа нэг уулга алдан сууна. Очир гуай ч

-За амархан сайн байна уу, мал сүрэг мэнд сайхан зусч байна уу гэсээр уяач Даш, заан Цэнд-Очир нарын өмнүүр хоймор одон суув аа. Уяач Даш ч мэнд мэдэх зуурт л

-Манай Очир насаараа дарга байж, айлын хоймор, авгайн зөөлөн ор эзэгнэсээр байгаад мань мэтийнхээ дээгүүр одоо ч гишгэсээр явах юм даа хэмээн хүд хүд инээхэд тэрээр

-Цөг чи, хул азарга ч аргагүй хурдан буян юм аа. Нутгийнхаа нэрийг чамтай чамгүй л аваад гарлаа. Малаасаа дор хог чинь юу гэнээ чи хэмээн хариу барив.    Гэрийн зүүн хойд хоймроос Сэнгээ гуайн ярианд оролцож,

-Дашийн хулыг энэ довон дээр байтугай гүйцэх амьсгаатай амьтан алга даа. Барианд орж ирэхдээ эрч нь хэвээрээ салхинд нь сэрүүцэх шиг л болсон. Ерөөсөө л газрын хөрсийг онги татаад л яг хүрзээр шороо авч хаяж байгаа юм шиг. Энэ цагт хултай уралдах шувуу ч ховор биз гэхэд Даш гуай

-Ээ энэ “Галзуу” золиг өнөөхөө балгачихсан байжээ. Муу азарганы маань туурайг хүрз болгож харсан байна шүү дээ хэмээн хүд хүд хөхрөв. Зөвхөн энэ хэсгээс харахад л өнөөх бидний ярьдаг уран зохиолын хэтрүүлэг, фантаз шууд утгаараа харагдана. 

Ийн өвгөд энэ тэрийг ярилцаж суух зуурт унд хоол болж, зун цагийн тарган махыг цар дүүргээд өмнө тавив. Огтлох бараан мах тун ховор харагдаж, Даш гуай маханд гар хүрч, өөрт үлдсэн ганц нэгэн араанд хамаатуулан зажлах гэж эв хавгүйхэн ангалзаж,

-За даа мань мэтэд идэх юмгүй өөх байна даа. Харин бөх хүнд бол ч байна,аа байна гээд Заан Цэнд-Очирт мах дөхүүлэхэд цаадхи нь ч хариу барихаа бас мартахгүй.

-Насаараа айлын идээ шүүс хөндөж, айлын авгайн гараас тарган мах зооглосон дарга барахгүй байхад нэгэн насыг адсаган дээр унтаж, ааруул борцхон зооглож өнгөрөөсөн мань мэтийн хоолойг давахгүй байлгүй. Харин энэ уургын уртыг барьж, усны тунгалгийг ууж, насны залууг шилж явсан Дамдиндорж л жаал оролдох байх даа хэмээгээд гэдрэг суухад адуучин өвгөн ч хариу барихаа ер мартахгүй хэг хэг хөхрөн

-Цорвойдогтоо цолоо зүүж алдчихаад, унадаг ганцдаа уургаа зүүж явах цагт чинь бол хүртчих л байлаа. Одоо ч насны хярд гарч, намаржаа зунаа ялгахаа больсон муу өвгөн чиний уургыг авч одсон ороо морь барих нь бүү хэл тарган мах ч аман хишгээс ороолдог болж дээ хэмээнэ. Энэ уран зохиол шиг хэрнээ битүү хатуу оньсого шиг яриа хөөрөөний цаад нарийн учрыг би сайн мэдэх биш. Гэхдээ л сонсоход дэндүү амттай. Ийнхүү өвгөд битүү хатуу хэрнээ уран гоё үгээр ярьсаар байгаад нар баруунаа таших үест мордох юм болов. Очир өвгөн, сумын заан Цэнд-Очир нарын хамт би зүг таарч дөрөө харшуулахаар болов. Мань өвгөд мордохын зуурт л

-За муу “Галзуу” минь наад догшин усаа тааруулж байгаарай хө. Догшин ус хүртчихээд галзуурч явдаг цаг чинь Цэдэнбал, Брежнев хоёртой өнгөрсөн шүү. Ойрдоо ирж чадахгүй биз. Аяндаа өвөлжөөнд буухаар өдөртөө л хаалгыг чинь элээж таарна гэхэд Сэнгээ гуай

-За сайн яваарай. Та наад дарга зангаа татаж, үе үе өвгөд бидэнтэйгээ айл гэрийн авгай хүүхний ариун цэвэр шалгаж явснаа дурсаж суувал аштай юу. Бууж мордсон айлынхаа охидыг бүртгэдэг цаг чинь тэр Бугын Дэжидтэй хамт өнгөрсөн гэж мэдээрэй. Эрүү чинь бээрчихгүй бол өвөлжөөнд буухаар энэ тухай хангалттай ярина даа хэмээн пар пар хөхөрнө. Зуны дунд сарын аагим ч гэсэн чийг зуусан наран тэнгэрийн баруун хаяаг таширлаж, хоёр өвгөнтэй хөл хөнгөн мориор алхлуулж явахад амгай дөрөөн харших дуун, царцаан дуунаас өөр зүйлгүй бид нэг хэсэг аниргүй явлаа. Гэтэл Очир гуай ам нээн,

-Ойрдоо царцаа элбэг болоо юу даа. Энэ жил эрт намар ирэх юм байх даа хэмээн санаа алдаж, энэ Адуун чулууны хэц ч намар болохгүй юм шиг багширчээ. Хоёулаа муу Элбэг зааныд хоног төөрүүлэх үү дээ. Бие нь тун тааруу сураг байна лээ. Уулзаж учирч чадахгүй байтал өвгөн өөрийнхөө жудгийг сахих вий. Биднээс ч олон ах хүн шүү. Төгсгөлийнхөө сэжүүрээс атган алдаж зогсоо муу гурван өвгөнд энэ хорвоо нэгэн шөнийг өгөө байлгүй дээ. Мөн ч бяртай иртэй явсан хүн сэн. Цаст уулын цагаан арслан цагаа болоход шоргоолжид бариулна гэдэг л энэ байх даа. Энэ л хэдэн сумандаа барилдаж яваад хорвоог элээлээ дээ хөөрхий гэж санаа алдахын үзүүрийг тосч аваад л Цэнд-Очир заан

-Би тэр жил цэргээс ирчихсэн ёстой л нэг дээлэн дотроо ноцож явах үедээ өвгөнийг нэг басчихаад гурван жил дараалан унаж билээ. Мянган цэргийн карантины баярт түрүүлчихсэн, цэргийн наадамд хоёр жил дараалан дөрөв давчихсан. Халагдах жилээ сахилга алдсан хэргээр Цэргийн наадамд барилдаагүй юм. Өөрийгөө Цэргийн арслан болдоггүй юм гэхэд элбэгхэн заан начин болно гэж бодож байсан үедээ сахилгад 10 хонохгүй юу. Бас болоогүй ээ, Улсын аваргын тойргийн барилдаанд нэр зүстэй бөхчүүдтэй гар зөрүүлчихсэн. Ганц хоёр цолтон өвдөг шороодуулсан үе байлаа л даа. Ийм үед чинь Элбэг заан байтугай Түвдэндорж аваргыг ч насных нь тоогоор давчихмаар санагдаад гээд инээвхийлэн хүд хүд хөхөрч, яагаав, тэр жил орой зуншиж, наадам ч нэлээд орой болсон доо. Манай сумын наадамд аймгийн хоёр ч заан ирж барилдаад олон жил яригдсан нэг сайхан наадам болов доо. Олон ч сумын хүчтнүүд зодгоо бүслэж ирсэн дээ. Ингэж аагаа багтааж ядан явахад минь гурвын даваанд Элбэг заан намайг авлаа шүү. Аймгийн хоёр заан, нэг начин аваагүй байхад Элбэг намайг аваад байхдаа яадгийм л болж явчихлаа. Хирдээ л голж байсан хэрэг, нохой долоо гэж. Тэгээд аймгийн цолтнууд айгаад аваагүй байхад та намайг авлаа. Хаашаа харж унахаа бодоорой гээд нэлээд ширүүхэн хэлчихсэн юм. Ингээд Элбэг заантай өртөл тэр нэлээд ухраад байх юм. Уур ч гэж дөрвөн мөчинд ороод бадайрчихсан хүн л дайраад байлаа. Нэг ширүүхэн дайраад барьж авангуут л хутгаад орхисон чинь хутгааг мултлаад л дороо хийчихдэг байна шүү. Тахимаа өгөхдөө энэ довон дээр намайг байхад давна гэж санасны гарз шүү гээд л тавьчихлаа. Уг нь өвгөн намайг тунаанаас гаргаж өгөх гэж байсан гэдгийг би нэлээд олон жилийн дараа энэ Айргийн “Дэгээ” Гончиг, сүүлд аймгийн арслан болсон Бат-Очир хоёроос сонссон юм. Яахав, аймгийн гурван цолтон аваагүй болохоор тэр гурвын ар дээр Элбэг эрэмбээрээ намайг авах болчихгүй юу. Тэгэхэд муу “Дэгээ” Гончиг цолгүй, аймгийн арслан Буяндэлгэр сумын начин цолтой байсан юм. Тэгээд Дэлгэрхэтийн Наваан-Осор сумын начин цолтой, энэ аймгийн заан Бат-Очир сумын заан цолтой байлаа. Элбэг бид дөрвөөс ам авах болчихоод намайг тунаанаас гаргах гэсэн байж. Би уурлаж мунхаглан түүнээсээ болоод гурван жил гурвын даваанд даруулсан даа. Элбэг ч гуч дөнгөж гарч байсан болов уу. Биднээс бараг арваад ах хүн дээ. Тэгээд л намайг гурван жил дараалан сумын наадамд авч унагаад дөрөв дэх жилийн наадмаар мөн л гурвын даваанд авчихаад надад унасан юм. Тэгээд одоо чиний ам биеийн чинь хий арилсан хойтон аймгийн наадамд үзнэ биз дээ. Аймгийн цол ч ирчихээд байгаа юм биш үү гээд мордоод явчихсан даа хөөрхий хэмээн нэгэн сонсоогүй түүх ярьж билээ. Ийнхүү бид ногооны униар наранд шатаж суунагласан цагаар Цагаан овоонд гарч ирлээ. Би ч Цэнд-Очир зааны ярианд хөтлөгдсөөр бараг гэрээсээ өнгөрчээ. Харин зүүн дэнж дээр байх Элбэг зааны гадаа морь мал, машин тэрэг хөлхөлдөж харагдана. Энэ зуурт хоёр өвгөн бие бие рүүгээ нэг сүрхий хараад Цэнд-Очир цэлхэрсэн нүднээсээ нулимс гаргахад нь Очир өвгөн

-Та хоёрын уулзаж учирсан наадам олон байсан даа. Хөлстэй биеэрээ түшилцэж зогссон өдөр ч олон. Аливаа уулзаж учрах тавиланд ч тоо хязгаар байдаг байлгүй дээ. Чи бид хоёр шиг нэг нь насаараа айл хэссэн, нөгөө насаараа наадам хэссэн хоёрт ухаарч амжаагүй зүйл бишгүйдээ л нэг бий. Өвгөн минь мордъё. Хэдэн хүүхэд, муу хөгшинд нь хань бараа бололгүй горьгүй гээд аргадах зэмлэхийн завсарт хормойгоо гөвөөд дөрөө авч байсан нь өчигдөр мэт санагдана. Энэ өдрөөс хойш би хоёр өвгөнтэй ганц үг сольсонгүй. Аанай л хоёр өвгөн маань нутгийн бөх Элбэгтэй нэг мөр уулзаж хуучлахаар аяны дөрөө авсан нь тэр байж дээ.    

Би ийм л өвгөдийн дэргэд өсч, үгийг нь сонсч явсан. Тиймдээ  ч энэ зэрэгтэй үзэг түшиж, үгийн шидэд өдгөө ч эрэл мухардаагүй яваа биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top