Замууд. Тал тал тийшээ аалзны хөл мэт сараалжлан хөвөрсөн замуудын эхлэлийг эрж хайна гэдэг бэрх. Олон салаа замуудын уулзвар дээрээс нэгэн симфони хөгжмийн ая сонсогддог. Амьдралын хөгжим энд дуурсана. Зам бүхэн өөр өөрийн дүр төрхтэй. “Хамгийн залуу нь хамгийн хүчирхэг. Хамгийн өтөл нь хамгийн сул дорой нь”. Хүмүүс ингэж боддог. Харин би ойрхноор нь хайрга чулуун замыг сонгоод хурдлан давхив. Таржигнаж, түржигнээд энхэл донхол нь эгээтэй л гижигдэх мэт зугаатай. Ард бужигнан үлдэж байгаа тоосыг хараад “Би ялан дийлж байна” гэж хашгирмаар санагдана.
“Элээ...эвдэл...чамайг сүйтгэгч хөл үймээнийг эвд...” Хаа нэгтэйгээс салхи ийнхүү шивнэхэд би огцом жолоогоо даран замаас гарлаа. Хожимджээ. Бүх зүйл сэнсэрч, хагарсан дугуй, халцарсан төмөр талаар нэг таран үлдсэн байв.
Хайрган зам сэгсэрч, эд бас юмс сэнсэрч...
Хариуд нь би өөртөө хэмжээлшгүй их төлөөсийг үлдээгээд баярлан цовхчих хайрга чулуудын алга ташилтын дундаас толгой гудайлган гарч ирэв. Надад байсныг эвдэж хэмхэлсэн хайрга чулуудын дээгүүр гишгэлж байхдаа би хажуугаар сунайн өнгөрөх цоо шинэхэн засмал зам руу атаархангуй харна. Тийш гаръя гэвч явган хүнд тохиромжгүй бас аюултай. Тэндхийн зорчигчид машиныхаа цонхоор дуу аялан, гараа далласаар өнгөрөхдөө надад биш хайрган замд баяр хүргэх мэт. Хамгийн ойрхноор нь хэмээн сонголт хийсэндээ гэмшивч баршгүй.
“Заавал засмал руу гарна даа”. Шазуур зуун ийнхүү бодоод эвдэрсэн бүхнээ эмхэлж, зуун шөнө, зуун өдөр нухав. Зам улам хатуурхаж, сэтгэл тэр чигээрээ хайрга чулуудын нэг хэсэг болон тарчихав. Буцаад алхах хүсэл байвч сэтгэлгүй би хаачих вэ? Ингээд хайрга чулуудын дундаас сэтгэлийнхээ ширхэг бүрийг түүн авч, өөрийгөө ч бас эмхэлж хураалаа. Эмхэрсэн сэтгэл эвдэрснийг эвлүүлэх хүчийг олоход эвдэрсэн эд ангиудыг салгаж, цэвэрлэж тосолж, өнгөлж зассаар дахин бүтээлээ. Тарсан сэтгэл, тасарсан төмөр бүхнийг эвлүүлэн нэгтгээд инээд алдан өндийхдөө 100 дахь шөнийг үдсэн байв. Маргааш өглөөний мандах нарнаар машинаа унаад засмал зам руу жолоогоо эргүүлсэн юм.
Тэндээс хөдлөхийнхөө өмнө сөхрөн суугаад хайрган замын өмнө талархан мэхийлээ. “Тарж бутарсан сэтгэлээ хураан цуглуулах их хүчийг та надад өгсөн билээ.”
Зохиолч Х.Болор-Эрдэнэ /2009 он/
Сэтгэгдэл ( 0 )