“ИЙМ НЭГЭН ЗАЛУУ” АМЬДАРЧ БАЙСАН...
Зохиолчийн мэндэлсний 90 жилийн ойд
Оросын алдарт зохиолч, кино найруулагч, жүжигчин, кино зохиолч Василий Макарович Шукшин 1929 оны долоодугаар сарын 25-нд Баруун Сибирийн Алтайн хязгаарын Бийскийн районы Сростки тосгонд төржээ. Тэрбээр амьд ахуйдаа хуучин Зөвлөлт Холбоот Улс төдийгүй Дэлхийд домог болсон хүн билээ. Үүний учир нь бурханаас заяасан олон талын гайхамшигтай авьяастай, дөчөөдхөн наслахдаа кино, театрын урлагт хүмүүний амьдралын нэн нууцлаг, бүр эмгэнэлт, хошигнолт нийлмэл цогц дүрийг бүтээж, өөрөө ч ээдрээт амьдралын замыг туулж, дэлхийн кино, их утга зохиолын ертөнцөд арлишгүй тод мөрөө үлдээсэнд байгаа юм.
Зөвлөлтийн уншигчид ЗСБНХУ-ын Төрийн шагналт зохиолч Шукшины шинэ номыг тэсэн ядан хүлээж, номын дэлгүүрийн тавиур дээрээс хоромхонд худалдаж авдаг байсан гэдэг. Түүний өгүүллэг, туужийн баатрууд нэн амаргүй хувь заяатай, бас ойлгоход бэрх зан авиртай авч өөрийн сэтгэлийн дотоод ертөнцийн мөн чанар, ер нь хүмүүний амьдралын утга учрыг олохын төлөө тууштай, эргэлт буцалтгүй тэмцэгчид байдаг билээ.
В.М.Шукшин 1974 онд “Тэд эх орны төлөө тулалдсан” киноны гол дүрд тоглож байх үедээ киноны багийнхан байрлаж байсан “Дунай” хөлөг онгоцны Зочид буудал болгосон нэг тасалгаанд учир бүтүүлгээр нас барсан юм. Энэ тухайд А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн ректор, зохиолч Алексей Варламов нэгэн ярилцлагадаа “Хэрвээ би Шукшины тухай роман юмуу жүжиг бичвэл, түүнийг алагдаж буйгаар бичнэ. Ер нь түүний үхэл зориудын аллага байсан гэж олон түмэн өнөө ч үздэг...” гэж хэлжээ.
Монголын Баруун хязгаарын хил залгаа Сибирийн Алтай угсааны алдарт зохиолчийн мэндэлсний 90 жилийн ойд түүний тухайд бичсэн нэг өгүүллэгээ өргөн барьж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
Зохиолч, орчуулагч Х.Хангайсайхан
ШУКШИНЫ АЙЛЧЛАЛ
(Өгүүллэг)
Энэ байдал цас нэлээд орж, цочирхон хүйтэрсэн өвлийн эхэн сарын үе ажээ. Намрын сүүлчээр дулаанхан байсан ч гэнэт их цас орж, Монгол орны уул тал нэлдээ шинэхэн цагаан цасанд хучигдаж, гол мөрөн захаасаа хөлдөж, цөн түрсэн байх нь яг л кино дэлгэцнээ гарч буй мэт, цаанаа нэг л уянгатай сайхан харагдах ажээ...
Яг ийм нэг цагаар “Оросын алдарт кино жүжигчин, кино найруулагч, зохиолч Василий Макарович Шукшин манай нэг түүхэн кинонд, бүр тодруулбал Алтан ордны Бат хааны албатын нэг баатар эрийн дүрд тоглохоор Монголд ирсэн, нийслэл хотын маань төв дэх, таван одтой зочид буудал болох “Туушин”-д байрласан, манай зохиолчид уулзах гэж цувж байна. Өөрөө ч тэр хүмүүсийг төвөггүй хүлээн авч байна...” гэсэн мэдээг сонсуут би саяхан оёулсан хүрэн үйтэнхуар дээлээ өмсөн, мөнгөн тоногтой, арслан толгойтой шар суран бүсээ бүслээд, дөрвөн талт булган малгай духдуулж, угалзтай булгаарин монгол гутал жийж, өвөөгөөс уламжилж ирсэн халтар манан хөөрөгтэй даалингаа өвөртөлж, арай л хэт хутгаа зүүх нь холгүй гоёж аваад, сүүлийн үед хэвлэгдсэн үргэлжилсэн үгийн зохиолынг түүвэр, мөн оросын яруу найргийн орчуулгын номоо их зохиолчид өргөн барих, бас юмыг яаж мэдэх вэ гэж, манай урдаа барьдаг архины төрлийн нэг бүтээгдэхүүн болох лонх “Соёрхол” архи цүнхэлж, бага гарын мөнгөн аягаа ч өвөртлөхөө мартсангүй, гэрээс яаран гарлаа.
Алба ажил тарахаас өмнө, хотын унаа тээврийн түгжрээ багатай цагаар, ийм чухал үед сурсан зангаараа хөлсний унаанд сууж, Буянт-Ухаагаас хурдны хар замыг нүүрэн дээр бууж иртэл хурдлуулсаар хотын төв орлоо. Зохиолчийн буусан буурчийн газрын үүдэнд хөлсний тэргээ тулган зогсоож, хижээл насны жолоочид хэдэн төргөг илүү өгч, төлбөрөө төлөөд буулаа. Хэдхэн хормын дараа буудлын хаалганы жижүүр-үйлчлэгч дээр ирж, мэнд усаа мэдээд, шуудхан л:
-Василий Макаровичтай уулзнаа...гэвэл, буудлын жижүүр залуу ч ер төвөгшөөсөн шинжгүй,
-Сайн байна уу, та? Аа, Шукшин гуай юу?.. гээд харилцуур утсаа авч залгаад, орос хэлээр ихэд цэвэрхэн ярьж,
-Василий Макарович, таны тав тухыг алдуулж буйдаа дахин хүлцэл өчье. Бас нэг ноёнтон ирээд Тантай уулзъя... гэж байна хэмээн их л энгийн байдлаар өгүүлэв. Цаад хүний дуу нь тодоос тод сонсогдож, шууд л:
- Ямар ч асуудал байхгүй. Оруул, оруул!.. гэх нь сонсогдов. Жижүүр- үйлчлэгч залуу над руу баяртай инээмсэглэж:
-Василий Макарович таван давхарт, 510 тоот өрөөнд байгаа. Харин бие хамгаалагч нь зэргэлдээ өрөөнд бий. Шаардлагатай бол түүнийгээ зохиолч өөрөө дуудах болно. Та цахилгаан шатаар гарч, зүүн гар тийш эргээд, хүндэт зочны өрөөнд морилно уу? гэж хэлэв.
“Бие хамгаалагч, энэ тэр...” гэсэн үгийг сонсоод би нэлээд догдлон байж цахилгаан шатаар таван давхарт гарлаа. 510 дугаарын өрөөний хаалган дээр ирж, нэгэнтээ уртаар амьсгаа авч, дээл хувцасаа янзлах аядаад, хаалгыг гурвантаа зөөлөн тогшлоо. Тэгтэл цаанаас нэлээд шуурхай байрын гишгэдэлтэй хүний алхах хөлийн чимээ гарч, төдөлгүй хаалга нээгдэв. Ай даа, Василий Макарович байгаа дүрээрээ яг мөн дөө. Өмссөн хувцас өөр болохоос биш яг л “Морин улаагана”-ны Проскудин, эсвэл “Тэд эх орны төлөө тулалдсан” кинонд тоглосон Лопахины дүрээрээ, дөчин хэдхэн настай Шукшин миний өмнө зогсож байлаа. Энэ кинонуудын зохиолыг өөрөө бичиж, өөрөө найруулж, бас заримд нь зөвлөгч байж, өөрөө гол дүрд нь тоглосон юм чинь, Шукшин өөрөө л байлгүй яах билээ. Тэрбээр дунд зэргийн нуруутай, шаламгай хөдөлгөөнтэй, шөрмөслөг, дайчин зан авиртай орос эр гэдгээрээ миний ой тойнд мөнхөд үлдэн, нэн хүндлүүлэх болсон хүн билээ...
Би толгой бөхийн:
-Амар сайн байна уу, Та?.. гэж монгол хэлээр мэндэлж, мэхийн ёслоход, Шукшин:
-Сайн байна уу? Та морилогтун!.. гэж жаахан орос аялгатай монгол хэлээр мэндлэн, дал мөрийг минь алгадаж тэврэлдэн уулзалдав.
Би, Оросын төдийгүй, дэлхийд алдар нэр нь түгсэн кино жүжигчин, сонгодог зохиолчоос жаахан сүрдсэн авч, өөрний үүдэнд тавьсан улавчнаас гуталдаа углан, цааш явж орлоо. Зохиолч маань зочид буудлын өндөр зэрэглэлийн өрөөнд байрлажээ, яах аргагүй. Тэрээр намайг сандалд суухыг урив. Би ч өрөөний баруун гар талын голд байрлах явган ширээний наана, нөгөө талын сандалд зохиолч маань суухад, яаралгүйхэн өврөө уудалж, даалинтай хөөргөө гарган, бөглөөг нь суллаж нэг үнэрлээд зохиолчид барихдаа дахин:
-За, Та амар сайн байна уу? Таны бие лагшин амар амгалан уу? Сайн явж ирэв үү? Тавтай сайхан өвөлжиж байна уу?..гэж монголоор мэндлэх завсраа оросоор мөн давтан хэлж байлаа. Зохиолч ч огт төвөгшөөсөнгүй. Миний мэндийн хариуд:
-Сайн байна уу, Та? Таны бие сайн уу? Сайхан өвөлжиж байнаа... гэж аанай л орос аялгуутай ч монголоор адтай нь аргагүй мэндэлж, хөөрөгний бөглөөг авч, халбагаар нь тамхи хутган хэзээний монгол эр хүн шиг зүүн гарынхаа эрхий хурууны хумсан дээр жоохон тамхи нялаад, хамартаа хүргэн хоёронтаа үнэрлээд, хөөрөгний бөглөөг хагас таглаад надад эргүүлж барив. Би ч энэ завсар өөрийгөө танилцуулж:
-Та бид хоёр бараг нэг нутгийн хүмүүс. Би Монгол Алтайд, Монгол –Оросын хил орчим, одоогийн Цагааннуур гэдэг тосгонд төрсөн. Харин та хилийн цаахан, Уулын Алтайн хязгаарын Сростки тосгонд төрсөн. Монгол Алтай, Уулын Алтай гэдэг нэг л газар нутаг, тэгэхлээр та бид хоёр Алтай угсааны нэг гарлын улс болж таарч байна... гэж хэлэхэд, Василий Макарович ихэд хөгжин баясаж, дахин дахин гар барьж, “Би чинь бүр хар багаасаа монголоо мэддэг байсан юм. Монголоос хоол хүнсний зүйл ачсан жингийн цувааг тосон Чуйн замаар хүүхдүүдийн хамт харайлгаж, заримдаа хишиг хүртэх ч тохиолдол гарна... Бас миний ухаан орсон цагаас ойлгож буйгаар Алтай гэдэг унаган багын минь өлгий төдийгүй, эрхэм дээд шүтээн болсон ертөнц минь билээ. Хаа нэгтээ хэн нэгэн “Алтай” гэж хэлэхэд миний бүхий л бие цочих мэт болж, зүрх минь агшин зуурт үгээр хэлэхийн аргагүй мэдэрч цохилдог эхэлдэг юм...” гэж өгүүлээд өөрийн Монголд ирсэн зорилгоо хэллээ. Тэрбээр аргагүй л монгол-оросын хамтарсан нэг томоохон түүхэн киноны гол дүрд тоглох урилга аваад, гэрээ хэлэлцээр хийхээр ирсэн, мөд яаралтай буцах гэнэ. Би яриагаа цааш нь үргэлжлүүлж,
-Миний бие бүр оюутан байхаасаа таны өгүүллэг, туужууд болон Александр Вампиловын жүжгүүд, Николай Рубцовын яруу найргийг шимтэн уншиж, одоо хэнд ч энэ чиглэлээр лекц уншихаар болоод байгаа гэвэл, Василий Макарович,
-Тийм үү? Тантай ярихад их сонин байна. Та ч бас агуу хүн юм. Ер нь монголчууд агуу, түүхэн үндэстэн шүү дээ. Тиймээс ч би энэ удаад монголын түүхэн кинонд Бат хааны нэг баатрын дүрд тоглохоор зориг шулуудсан юм. Та бид тэгэхлээр гарал үүсэл нэг, үзэл бодол нэг, үйлс зорилго ч нэг хүмүүс гэдэгт итгэнэ. Би танд өөрийн номоо бэлэглэе гээд босож, өрөөний бичгийн ширээн дээр өрсөн номуудаасаа хоёр ном сугалан авч ирэв. Тэр нь зохиолчийн өгүүллэг, туужийнх нь сүүлийн үед гарсан хоёр боть байлаа. Нэг дэх боть нь миний эртний танил “Зан авир” гэсэн номынх нь нэрээр нэрлэгджээ. Тэрээр сандалдаа суух зуур:
-Та миний “Зан авир” өгүүллэгийн номыг уншсан уу? гэж асууж байна. Би, “Зан авир” ном надад байдаг, бүр ширээний минь ном болсон, номонд орсон өгүүллэг бүрийг би үлгэр шиг л цээжилж байсан ч эрхэм нөхрийн бэлгийг үнэд оруулах үүднээс:
-Би, таны тэр номыг бүр оюутан байхдаа сургуулийнхаа номын сангаас авч уншсан юм, харин саявтархан Орос улсад ажлаар явахдаа очсон байгууллагынхаа номын сангаас авч хэд хоногт бас дахин амтархан уншсан шүү, харин номын дэлгүүрээс олж чадаагүй, таны өөр нэг, кино туужуудын ном авчирсан гэвэл,
- За, тэгвэл би танд энэ номуудаа бэлэглэхэд их баяртай байх болно... гээд эхний боть дээр “Алтай угсааны эрхэм нөхөр...” гээд сэтгэлийн сайхан үгээ бичиж, гарын үсгээ зурж, үзэгний хамт өргөн барив. Бид хоёр багахан хугацаанд нэлээд зүйл ярилцаж амжлаа. Би “Өнөөгийн Орос улсад үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн зохиолоор Василий Шукшин, Василий Белов хоёрын тухайд утга зохиолын хүрээнд шинээр шуугин ярьж байна. Таны тухай Монголд ч их ярьж, бичиж байна. Таны бүх тууж, өгүүллэг орчуулж, сонин сэтгүүлд хэвлэгдсэн, хэд хэдэн тусгай ном болж гарсан, бас дахин хэвлэгдсэн гэвэл, Василий Макаровичийн сэтгэл үзтэл хөөрч, нүд нь сэргэж:
-Би мэдэж байнаа. Миний зохиолыг орчуулсан нөхөд надад тухай бүр орчуулсан өгүүллэг, тууж хэвлэгдсэн сонин, сэтгүүл, номоо илгээж байсан шүү. Би бүгдийг мэдэж байна. Монгол нөхөддөө их баярладаг. Тэгээд л монгол кинонд, эртний монголын сайхан баатар эрийн дүр бүтээхээр шийдээд байгаа юм...гэж өгүүлэв. Тэгснээ гэнэт:
-Та намайг уучлаарай. Би одоо нэг хүлээн авалтанд орох учиртай. Мөдхөн хүмүүс ирнэ. Бид маргааш уулзаж, дахин тухтай хөөрөлдөж болно. Тантай ярилцахад тун их сонирхолтой байна. Би тантай дахин уулзах цаг заавал гаргана. Харин таны гэрийн хаяг энэ нэрийн хуудсан дээр байгаа хэвээрээ юу? Би, надад үйлчилж буй хүмүүсээр дамжуулж, танд уулзах цагийг жич мэдэгдэе. Эсвэл, тэднээр зуучлуулж, танай гэрт очъё...гэж өөртөө итгэлтэй, нэн баясгалантай хэлэв. Би ч нөхрийн саналыг баяр талархалтай хүлээн авч, өнөөдрийнх нь ажилд садаа болохгүй гэж, яаран босож, дахин уулзахын болзоо тавиад, гар барьж, өрөөнөөс гарлаа. Зохиолч маань намайг өрөөнийхөө үүдэн дээрээс үдэж өгөв.
Маргааш нь бага үдийн алдад “Манай хашааны үүдэнд хоёр хар машин ирж зогслоо. Зохиолч Чингэл гэртээ байна уу?..” гэж асуулгаж байна хэмээн гадна саалийн үхэр, тугалаа голын тийш гаргаж, идээшлүүлэх гэж явсан ээж минь орж ирж хэлэв. Би ч тэрхэн зуурт “Юун хүмүүс байдаг билээ? Арай нөгөө Шукшин давхиж ирсэн юм болов уу? Тэгж мэдэх л хүн шүү... Эсвэл айл андуурч яваа улс юм болов уу гэтэл миний нэр ус хэлж байдаг?..” гэж бодон гэрээс гарлаа. Хашааны хаалган дээр ирвэл Василий Макарович маань монгол дээлтэй, мөнгөлсөн тоногтой суран бүстэй, дөрвөн талтай булган малгай өмсөж, монгол ээтэн гуталтай, бүр хэзээний монгол эр хүн шиг, ёстой л Бат хааны нэг шөрмөслөг, хүдэр баатар эр шиг зогсож байх нь тэр. Хажууд нь бие хамгаалагч бололтой, нэлээд биерхүү хоёр монгол залуу, бас махлагдуу шар хүүхэн зогсож байлаа. Тэр хүүхэн надад нэг л танил, Шукшины маань гэргий Лидиятай тун адилхан харагдаж билээ...
Шукшин, намайг дуугарахаас өмнө:
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Би, амласан ёсоороо өөрөө хүрч ирлээ. Манайд “Урилгагүй зочин Мамайгаас дор...” гэдэг ч, өчигдөр би өөрөө хэлсэн ёсоор Монгол Алтайн зохиолчтой, Оросын Уулын Алтайн зохиолч гэрт нь уулзахаар шийдлээ. Та татгалзаж, дургүйцэхгүй биз?.. гэж үнэн голоосоо хэлж байна. Би ч эрхэм зохиолч, түүний бараа бологсодтой хүндэтгэлтэй мэндлээд, зочдоо гэрт орохыг урилаа. Шукшин манай гэрийн баруун талд байгаа явган ширээний ардах жижиг сандлыг хойш нь тавиад, хөлөө нугалан монгол ёсоор тухлан суув. Тэгээд бид хөөрөг зөрүүлэн, дахин мэнд усаа асуулцаж, жинхэн ёсоор танилцах үйл эхэллээ. Адтай зохиолч маань хэдийд нь амжсан юм, улбар шүрэн бөглөөтэй, дунд гарын манан хөөрөгтэй болжээ. Би эхнэр хүүхдүүдээ, өтөл настай ээжийгээ танилцуулахад, Шукшин:
-Та сууж бай. Би тантай золгоно! гээд босов. Тэрээр ээжтэй минь яг л монгол ёсоор золгож, амар мэндийг нь эрин, хөөрөг зөрүүлэн мэндлэв.
Энэ хооронд эхнэр цахилгаан зуух залгаж, цай чанаж эхлэв. Би эхнэртээ “Яг л баруун аймгийн маягийн амттай өтгөн шаргал цай чанана шүү. Идээ ахиухан хий, айргийн шар тос самар...“ гэж зориуд шивэгнэв. Ингээд Шукшин бид хоёрын халуун дотно яриа эхэллээ дээ. Мэдээж бидний яриа “Туушин” зочид буудалд эхэлсэн утга зохиол, урлагийн тухай үргэлжлэл байв. Тэрээр хэлж байна:
-Би өгүүллэгийг их хялбархан бичих боллоо. Нэг дор л хоёр гурван өгүүллэг зэрэг эхэлж бичих тохиолдол ч байна. Энэ ямар вэ, аль эсвэл гажигтай явдал уу? Өгүүллэгийн санаа зүгээр л урсаад ороод ирдэг, тэгээд л хар аяндаа бичигдэж байна. Миний оролцоо гэж бараг үгүй... гээд ёжтойхон инээж байна.
Тэгснээ:
-Би яг одоо хоёр гурван өгүүллэг зэрэг бичиж байна. Нэг дэх нь “Шинэ жил болохоос гурав хоногийн өмнө аг чиг өвлийн хүйтэн шөнө Николаевск тосгоныхныг нэлд нь цочоосон буун дуу нирхийв. Дараа дараалан хоёр ч удаа панхийх нь тэр. Буун дуу гарсны дараа залгаад бас, -Та минь ээ, зүрхээ өгье! гэж хэн нэгний хашгирах дуу сонсодсон байна...” гэж эхэлж байгаа юм. Яг ямар нэр өгөхөө оноож чадаагүй л байна. Магадгүй “Зүрхээ өгье!” ч гэж нэрлэмээр санагдаад байгаа. Төгсгөл ямар болохоос бас шалтгаална шүү дээ.
Нөгөө нь “Афанасий Дерябин хэдүй жар гарсан боловч тамир тэнхээ сайтай, байшингаа өөрөө цайран төмрөөр дээвэрлэсэн тул тэдний байшин нартай тунгалаг өдөр зуухны аманд тавьсан халуун тогоо шиг гялалзаж байдаг болой...” гэж эхэлж байгаа. Өгүүллэгийн нэр “Их эр”.
Бас нэг өгүүллэгийг “Егор бүр орой болсон хойно эргэж ирлээ. Хамар нь хавчийж, хувхай цайгаад, өвгөн орон дээрээ хөдөлгөөнгүй хэвтэж байна. Егор малгайгаа авч, хэсэг зогссоноо бурханд залбирав...
-Зүйтэй. Зөв, зөв! гэж хэлэв. Тэрбээр үхэх цаг нь тулсныгаа лавтайяа мэджээ” гэж. Тун саяхан гараас гаргалаа, ямар байна?.. хэмээн над руу ихэд бодлогоширон ширтэв.
Биднийг ингэж ярилцаж байх зуур цай буцалж, эхнэр маань зочиндоо баруун монголын сүү, давс, сарлагийн айргийн шар тостой өтгөн шаргал цайг Чингис хаааны зурагтай том аяганд хийж зочинд хоёр гардан барилаа. Шукшин ч аягатай цайг хоёр гардан тосон авч, оочин амтархан уулаа. Тэгээд хэсэг дуугүй байснаа,
-Танай энэ цай ёстой ясны хөлс гаргах ундаа байна. Манай уулын Алтайд бол алтайчууд бас ийм цай уудаг шүү. Би багаасаа ийм цай бишгүй ууж өслөө... гэснээ цайгаа дахин дахин оочиж тамшаалснаа, ширээн дээрх тавагтай идээнд гар хүрч ёслоод, хажуу талд нь тусгай тавьсан жижиг тавагтай сарлагийн айрагны тос даасан шаргал шүүрмэгнээс авч хазан, ихэд амтархан идэв. Энэ хооронд эхнэр маань цахилгаан тогоонд ус юүлэн, түргэн болох бага хонины дал, дөрвөн өндөр, дунд чөмөг хийж, чанах, дээр нь хөргөгчөөс өөрсдийн гараар хийсэн үхрийн мах, хонины сүүлтэй бууз гаргаж, жигнэх ажилд оров. Мөн хоёр литрийн хөнгөн цагаан савтай сарлагийн айрагны дагнасан шимийн архинд шар тос хийн пийшингийн бахуу дээр тавьж халаалаа. Төдөлгүй гэрт айргийн шар тостой шимийн архины үнэр тархан ханхийж, хүн бүхний хамар цоргиод явчихав. Архи уухад бэлэн болжээ. Эхнэр маань шүүгээнээс дунд гарын мөнгөн аяга гарган, савтай архины хамт ширээн дээр тавив. Мөн гахайн махан зууш, шилтэй өргөст хэмх хөргөгчнөөс гаргаж ширээн дээр тавилаа. Би мөнгөн аяганд шимийн архиа хийж, яаж уух ёстойг тайлбарлаад зохиолчдоо өргөн барилаа. Хүндэт зочин маань миний хэлснийг их сайн ойлгож авсан уу, аль эсвэл эртний мэддэг байсан уу, аягатай архиндаа ядам хуруугаа дүрж,
“Хөх мөнх тэнгэр тунгалаг байх болтугай
Хөрст алтан дэлхий амгалан байх болтугай
Хүн ард маань эрүүл энх байх болтугай” гэж хэлдэг гэсэн байх аа?.. хэмээн асуугаад, гурвантаа сэржим өргөөд, тамшаалан уув. Тэгснээ,
-Танай энэ архи манай орос самогоноос арай сулавтар юм. Хэдэн градус вэ?.. гэж асуув. Би, сулхан мушилзан байж:
-Миний бүр оюутан ахуйдаа амсаж үзсэн танай галтай цогтой самогоныг гүйцэхгүй ээ, гэхдээ яван согтоодог шидтэй эд л дээ. Хамгийн гол нь малын цагаан сүүний архи гэдгээрээ онцлогтой...гээд, нүүдэлчдийн энэ олон зууны турш хэрэглэж ирсэн догшин идээний тухайд тайлбарлав. Цааш нь бидний яриа аанай л уран бүтээлийн талаар өрнөж, хамгийн гол нь өгүүллэгийг яаж сайн бичих, зохиолчийн урлах эрдэм, чадварын талаар үргэлжилсээр байв. Василий Макарович их л баясгалантайгаар:
-Миний бодлоор өгүүллэг ямар байх ёстой вэ? Өгүүллэг гэдэг нь мах цусанд төрсөн хүмүүний хувь заяа, зан араншин, өчил юм. Энэ гурван ойлголтын хүрээнд л өгүүллэг бичигдэнэ. Дашрамд хэлэхэд хамгийн богино өгүүллэгийн нэг хэлбэр бол онигоо гэж үзэж болно. Евгений Евтушенко нэг сайхан шүлэг бичсэн байдаг даа, Та бодвол уншаа байлгүй. Яагаав, би савхин гуталтай, мань эр эрвээхий зангиатай гэж. Үүнийг хүмүүс бүр онигоо болгочихсон шүү дээ. Тэр онигоо чинь яв явсаар бичил өгүүллэг болж байгаа юм. Женя л тэгж нохойтсон учраас оросын Баруун, Зүүн Сибирийн бид хоёр Холбоот Улс даяар, танайд ч бас алдаршиж байх жишээтэй. Энэ тухайд монгол найз нөхөд надад аль эрт ярьсан шүү.
Ер нь мянган хүн зохиол бичиж байж, тэднээс ганц нь л сайн зохиолч болж дэлхийн их утга зохиолд нэрээ үлдээдэг. Энэ газар дэлхий дээр хамгийн үнэтэй, гайхамшигт бүхнийг ухаантай, авьяастай, хөдөлмөрч хүн л буй болгосон. Хүн төрөлхтөний түүхэнд бусдын хөлс, хүчийг шимэгч, бэртэгчин нэг ч этгээд гавьтай юм бүтээж байгаагүй. Тэгэхлээр ямар ч өгүүллэгт нэг л юм байх ёстой. Тэр нь хүмүүсийн сайн үйлс, эр зориг, гавьяа, сайхан учрал, хараал, атаа хорсол, найгүй архидалт, худал хуурмаг явдал, урвалт ч байж болно. Ийм байдлаар өгүүллэгээс хүмүүний амьдралын тодорхой дүр зураг харагдаж байх учиртай. Дахин хэлэхэд зохиолч амьдралынхаа турш хичнээн ч, ямар ч өгүүллэг бичлээ гэсэн, эцсийн эцэст сайн, муу аль нь боловч жинхэнэ хүний л тухай өгүүлсэн байх ёстой юм шүү дээ... гэх түүний яриаг би тасалж,
-“Зан авир” номонд буй өгүүллэгүүдээс таны бодлоор хамгийн шилдэг нь ямар өгүүллэг вэ?.. гэж асуухад,
-За, байз ээ, тэнд чинь орсон өгүүллэгүүдээс, одоохон саная... хэмээн хэсэг бодолхийлснээ,
-Юуны түрүүнд “Тас цохисон нь”-ийг нэрлэе. Энэ өгүүллэгт би манай нийгмийн нэг хаалттай сэдэв, хүнд суртал, хоосон цэцэрхэгч, хиймэл дүр үзүүлэгчдийн тухай асуудал хөндсөн. Бас “Чоно” өгүүллэгийг хэлж болно. Энэ өгүүллэг хүний мөсийн тухай өгүүлсэн. Саяхан “Бид чинь ер нь юу л болоод байна даа” гэж нэг баримтат өгүүллэг бичсэн. Их л хэл ам дагуулж байна даа... хэмээжээхүй.
Бидний яриа ийнхүү үргэлжилсээр. Уусан архи ч дотроос халаан, толгойд гарч, яриа хөөрөө ч халуухан болж, бүр задгайрч ирлээ. Тэгтэл, Шукшины байгаа байдал гэнэт өөрчлөгдөн “Тэд эх орны төлөө тулалдсан” киноны нэг гол баатар Лопахины дүрээр ширүүн тулалдааны талбарт нуувчинд, аймшигтай шархадсан атлаа, амаа ангайн учиргүй чангаар “Ура!” хашгиран өндийн босож буй дүрээр солигдон, энд тэндгүй их бууны сум дэлбэрч, газрын хөрс онгичигдон, шороо тоос босож, гал түймэр оволзож, утаа манан болж, би ихэд цочин гүн нойрноос нэн зовиуртай сэрлээ. Тэгээд:
-Та минь ээ, энэ чинь зөвхөн зүүд байсан юм уу?!.. хэмээн хэнд ч биш өгүүлвэй.
2016.12.25-26.
Буянт-Ухаа
Сэтгэгдэл ( 4 )
Санал хэлсэн эрхэмүүдэд баярлалаа. Сайн сайхныг хүсье!
Хөөрөгний бөглөө ,,,гэнэ ээ
шушкин , шукшин 2-ын аль гэж ойлгох юм. зөв бичээч ээ
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913