Сандаг гуай үүр дөнгөж тэмдэг орж байхад Дашлүн хайрханы овоон дээр ирчихсэн байлаа. Эртэлсний учир гэвэл, бригадын даргын эцэг тул хүүдээ гай тарилгүй, хүн амьтан босч бужигнахаас урьтан зүг чигээ гаргах, өндөр модонд хийморийн дарцаг хийсгэн малгайн утаа сэгсэрч, энх тунх байсан бол далан гуравных нь жил орох эмгэнийхээ хан цагаан ясыг цуглуулж, утаа үнэртүүлж арц унгатгах эрхэм зорилготой авай. Хэдэн сарын өмнө Билгүүн тайжийн охин Нямандэлгэр тавин жил сүвээ нийлүүлсэн өвгөнөө орхин одоход нутаглуулсны гурав дахь өдрийн бичин цаг дор цогцсыг нь хоёр тас шувуу дамжлаад энэ хайрхны оройд л үдэлсэн билээ. Сандаг гуайг гэрийнхээ гадаа дөрөө мулталж байхад урьд шөнөжин битүүрч хоносон айлууд уралдах мэт яндангаа хөөлөн чимээлж эхлэв. Харин ууган бэр Бор нь аль хэдийнэ гэрт нь гал түлээд шинэ цай чаначихаад гараад явчихжээ. Удалгүй бэр нь номхон нүд гаргасаар орж ирээд,
-Цайныхаа дээжийг овоо хангайдаа Та өргөх үү, би өргөчих үү гэж аймсаж тээнэгэлзсэн өнгөөр хэлээд, элбэг хормойгоо унжуулан үүдэнд нунж дорой шинжтэй зогслоо. Бэр хүүхнийхээ эл байдалд сэтгэл ханасан өвгөн:
-Чи дээжээ өргөчих. Аяганы уутанд цацал байгаа гэх тайван тэнэгэр хэлээд хүүгээ голсны шинж цухуйлгах мэт,
-Цаад халимагт хар чинь боссон уу гэж хөндийдүү дуугарснаа,
-Муугийн ёс биш Монголын ёс байна, зул өргө гэж хэлээрэй. Дарга дорго нь хялалзаад байдаг юм бол эхийнхээ араас буян бодсон юм гэнэ биз дээ гэлээ. Бэр нь гэм хийсэн мэт толгой гудайлгаж байснаа зоримог чанга дуугаар
-Би ямар тэр нам замынх нь гишүүн биш. Манайх байнга мөнх зултай байгаа. Авдрын булангийн арын зайд байдаг юм. Тэнд салхи цохихгүй, ач зээ нар хүрэхгүй. Жамсрангийн намын батлахны яг дэргэд, Модон самбар халхлаад цаадах чинь ажигладаггүй юм гээд хамар дороо доогтойхон зөөлөн инээчихээд гараад явлаа. Энэ жил айл айл руу данхтай цай, тавагтай идээ, хөлдүү бууз зөөдөг хуучин нийгмийн бүдүүлэг ёсыг халж бригадын улаан буланд нэгдсэн золголт хийлгэхээр аймаг, сумаас шийд гаргажээ. Сумын төвөөс ирсэн төлөөлөгчийг ирмэгц бригадын улаан буланд хүмүүс цувран орцгоов. Хоёр өдөр тасралтгүй галласан дүлий хар пийшин уухилан хүнгэнэж, хар модны очис гал баярлуулан шидлээд дээлийн нэхийнээс элдүүр ч үнэртэм халуун ажээ. Зарлага, галч зэрэг энэ хавийн хамаг муу, хатуу ажлыг нугалдаг доголон Дээмээ хүү нүүрэндээ улаа бутруулан балт хар сүх бариад инээвхийлэн зогсоно.
Энэ өглөөний хамгийн өндөр настан болох Сандаг гуайд бүгд хүзүү сунгаж золгоцгоосны дараа өөр хоорондоо саяхан нийлүүлсэн хонь хурга адил битүү шуугиан үүсгэн, бие биесийн амар мэндийг эрцгээсний дараа идээ битүүлэг, ууц бууз болцгоов. Ноднингийн цагаан сараар эсэргэн ханиад тархсан учир ийнхүү нэг дороо шинэлж буй нь энэ ажээ.
Айл айлын өнгө төрх, тэр ч байтугай чадал чансаа, гарын өгөөж, амтыг илтгэх янз бүрийн идээ цагааг тойруулан амсах зуураа, билэг дэмбэрэлтэй, наргиантай үгс унаган, чацуутнууд бие биесээ даваадуулан егөөдөх ч үзэгдэнэ.
Жамсран даргын буузны гурил хамгийн өнгөтэй нь байна. Хүргэн нь Баатар хотын бараа баазад хүнсний нярав гээ биз дээ.
-Хайдавын боов ёстой гоё болжээ.
-Хүүе, яана аа. Хайдавын боов байх даа яахав дээ.
-Хорлоо анчныг хараач ээ. Хорголоо тоолоод бугын махаар бууз хийгээд авчирчихсан байна. Олны юм ямар хамаатай юм гэж боджээ.
-Гайгүй байлгүй, арай ч тэгж буяндаа бузар оруулахгүй ээ.
-Одоо сумын аварга төлчин болсон Хишигмаагийнхаа идээ будааны дээжнээс Жамсран дарга түгээгээрэй. Манай аваргын нөхөр Чулуун ууцаа хөндүүлэлгүйгээр авч хариад авдартаа хав дарчихаад хаврын хавсарганаар ганцаараа зооглох санаатай байх шүү. Гол ясыг нь би мөлжинө өө гэж түүний чацуут онгорхой Нацагаа хөөрхийг улалзуулав. Цаадах нь нээрэн л үнэнийг нь хэлчихсэн юм шиг таг дуугүй суугаад толгой сэгсрэх нь гүжрийн урдаас үггүй гэдэг үнэн бололтой. Яриа хөөрөө задгайрч, шар тос хөвж уруул өнгөлсөн шимийн архи гурвантаа хүртсэний дараа Сандаг гуай богиновтор сэрс хадаг гарган,
-За Нацагдорж хүүгээс цагаан сарын ерөөл, Мэнд хөгшнөөс лусын чих баясгах дуу барихыг хүсье гээд "шувуут" хэмээх гурван шанага орчим орох шаазан хултай айраг дамжууллаа. Саяхан л Чулууныг баалж байсан онгорхой Нацагаа баахан тулгамдан аядсанаа энгэрийнхээ товчийг бүрэн золгуулаад малгай тэгшлэн тун сүрхий намбалаг, хэлэмгий гэгчээр барианы сайнаар баатрын болзол хангаж, ажиллагааны давуугаар аваргын болзол хангаж гээд л дааганы далан, бярууны булчин, төлгөний сүүл, торомны хүзүү, ишигний эвэр оруулаад гулгаж тэшин урсгахыг харваас Чулууны үг дуугараагүй нь түмэн зөв аж. Мэнд хөгшин нүдээ анин харан, "Өндрийн агаар" хэмээх ардын дууг хадааж өндөр авахуулалгүй намуухан дуулахад өвлийн дүн хүйтэн өнгөрч урин цагийн хошуу эргэснийг эрх биш илтгэх мэт.
Улаанбулангийн цагаан сар бурхан орж, зул хүж өргөөгүй болохоос биш, эрэмбэ журам эвдэгдэлгүй энгүүн сайхан болж байлаа. Галч доголон Дээмээд хоёр хуруу зузаан зүссэн ууцны талыг Хишигмаа аваргын хишиг гэж Чулуун хоёр гардан барихад хээвнэг гулгуулж орхиод араас нь хултай айраг гүд гүдхийлгэн залгилахад муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа жанжин гэгчээр тоо бүртгэгч Мөнхөө хөмсөг атируулан чанга дуугаар,
-Хар ус ууж байгаа юм шиг яасан дуутай шуутай ууж иддэг юм бэ? Хүн булаалцалдаад, аяга тавагтай чинь ноцолдоод байна уу. Нааш ир, энэ сандал дээр суу гэж зандарч харагдана Нэгэнт хот айлаа тойрон хэсэхгүй болохоор бригадын дарга Жамсран бяцхан наргиан, шуугиан үүсгэхээр шийдэж,
-Миний чацуут Нацагаа маань бэлгэ дэмбэрэлтэй сайхан ерөөл тавилаа. Найз нь чамд их баярлаж байна. Нэгэнт ерөөлийн хулаа нийтэд дамжуулсан учир эрхэм нөхрийн ходоодыг баярлуулах нь бид бүхэн шинэ хонин жилдээ элбэг хангалуун, ажил үйлс өөдрөг байхын билэгдэл болох учиртай гээд том үндсэн хултай айраг цэлэлзүүлэн тэврүүллээ. Нацагаа эхний хулыг түүртэлгүй хүртээд, дор нь тавьж өгсөн хорин тавтын дэвсгэртыг том хор түрийвчиндээ хийгээд суув. Жамсран дарга мөн сайхь хулаар дүүрэн шимийн архи цэлэлзүүлэн дахиад Нацагаад атгуулахад
-Тавьж болох уу хэмээн зөвшөөрөл хүсэхэд
-Хундага амраахгүй. Одоохон хулаа авна гэв. Нацагаа архийг шахаж шаардуулалгүйгээр хүртээд байтал түрүүчийн хултай айраг зөрөн ирлээ.
-Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдан гэгчээр юу болж байна аа гэж Нацагаа том дуугарахад үгний өө хүлээж байсан Жамсран дарга,
-Өө, чи надад хэзээ өөх өгсөн юм бэ. Хүн хулгайд гөрдөнө гэнэ ээ гээд хажууд нь дэвхрэн хүрч ирээд баруун чихийг нь шажигнатал мушгихад,
-Өвгөн минь ууя ууя гэж Нацагаа хашгираад нүднийхээ нулимсыг цэлэлзүүлэн байж ёроолыг нь харлаа. Гэвч Нацагаагийн зовлон дуусаагүй бололтой гурав дахь айраг ирлээ. Өвөл цагийн хөлдөөсөн хоёр настай айраг гэдэг намарынх мэт орох нь үнэхээр бэрх аж.
-Чи найзыгаа шинийн нэгний өдөр ингэж нүдний булай болгоод яах нь вэ гэж Нацагаа далан таваар буусан бололтой дорой дуугарахад
-Нацагаа айргаа доош нь оруулахын тулд нэг аяга хайлмаг идье гэнээ гэв. Шар тостой хайлмагаар шахуулаад эс орсонд зүүн чихэнд нь ааруул хийн имхэрдэн орилуулаад сая далд орууллаа. Наргиа ингэсхийгээд өндөрлөх гэж байтал
-Зоогийн сав зогсоолдоо хүрлээ, жаахан бие хэмжээндээ туллаа. Гэрт өгч байгаа юм бол савгүй ирсэн, гэдсэнд өгч байгаа юм бол зайгүй болов. Цагаан сараар цадаж үзэв. Шар Жамсрангаар шахуулж шар нохойг нь бөөлжиж цатгая гэж хэлээд араас нь хэлээ гаргаад авлаа.
-Энэ Нацагаа ингээд доромжлоод байдаг юм гээд цагаан архи том хулаар дүүргээд өглөө.
-Одоо болно, хөөрхий гэж хүмүүс хаацайлж Сандаг гуай хүүдээ үг хэлснээр Нацагаа аврагдсан ч ам хуурай байсангүй.
-Бригадын шинэлэгээнд цадсангүй. Ганц эгч дээрээ очиж золговол гэдэс гарна байгаа гэж зузаан дарвайлган хөхөрлөө.
-Чиний энэ ам уу, дааганаас унаж үхдэггүй юм, даравгараас болж чи баларна шүү гэж авгай хүүхнүүд өмөөрөх сануулах зэрэгцэн шуугилдана.
Гэнэт салхинд гарсан Нацагаа согтоод улаан булангийн ард нохой цуглуулан бөөлжиж байхад гоочлоод байсан Чулуун нь түүний шилэн хүзүүг дарж ам хоншоорыг нь арчин өөд нь татаж байлаа.
Энэ үед Оорцогийн дөрөөлжөөр богц шуумааз тавьсан бараан морьтой золгуут гарч ирсэн нь Сандаг гуайн хөгшний дүү Мятав гуай байлаа. Тэр хүргэн ахаасаа дөрөв дүү, далан долоотой билээ. Цагаан сарын ёс жудаг ийм ажгуу.
Яруу найрагч, зохиолч Ш.Галсанбаатар
2002 он
Сэтгэгдэл ( 3 )
Sain bnu
Helloooooooooooooooooo